Квотгүй болгохыг эмэгтэй гишүүд эсэргүүцлээ

 

      Монголын ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Иргэний хөдөлгөөний нам, АН, МАН, МАХН болон УИХ дахь эмэгтэйчүүдийн нийгэмлэг хамтран өчигдөр 16.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийнхэнд мэдэгдэл хийв. 

 

Тэд сонгуулийн хуульд заасан эмэгтэй гишүүдийн квотыг бууруулах тохироо явагдаж буй болон эмэгтэйчүүдийн улс төрийн эрх эрсдэлд орох нөхцөл байдал үүсч байгаатай холбогдуулан энэхүү хурлыг хийж буйгаа хурлын эхэнд онцолсон юм.

 

Хэвлэлийн бага хуралд МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа болон нам бүрийн төлөөлөл болсон гишүүд оролцлоо.  Хурлын үеэр эмэгтэй гишүүд Сонгуулийн хууль дахь квотын тоог бууруулбал дараагийн шатны арга хэмжээ авч, тэмцлийн өөр хэлбэрт шилжинэ хэмээн мэдэгдсэн юм.

 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "2012 оны сонгуульд 11 эмэгтэй гишүүн УИХ-д орж ирсэн. 
Нийт гишүүдийн 40 хувь нь жагсаалтаар орж ирсэн байдаг. Хэрэв 11 эмэгтэй гишүүн 2012 онд сонгогдоогүй байсан бол бид байнгын хороонд хуулийн манаач хийж, Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах хуульд нэмэлт заалт оруулах боломжгүй байсан. Мөн Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг баталж чадсан. Энэ мэтчилэн олон чухал хууль батлахад эмэгтэй гишүүд идэвхтэй оролцсон. Тиймээс эмэгтэйчүүдийн улс төр дэх орон зай чухал юм. Эмэгтэйчүүдийн квотыг байхгүй болгоно гэдэг байж боломгүй асуудал" гэв.

 

Мөн НАМЭХ-ны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа эмэгтэйчүүдийн квотгүй болгох нь Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчмыг зөрчиж буй хэрэг хэмээн онцлоод хууль баталдаг хүмүүс өөрсдөө хуулиа зөрчих нь буруу гэдгийг сануулав.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (124.158.107.6)

    2016-05-04

    одоог байгаа эмэгтэйчүүд УИХ-д гарсанаар юу хийв ээ. урвах шарваж, намын эрх ашгийг улс орон, хүүхэд залуучуудын эрх ашигаас дээгүүр тавьж байсан биш үүү цагаан даваа болон цлаан чулуутын хогын цэг дээр амьдарч байгаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийн талаар юу хийв худлаа шаахаас өөр юу хийв та. тэнд очиж үзсэн үүү малуудаа