МАН: 16х12, АН: 14x14

 

        Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Сонгуулийн тухай хуулиа сар гаруйхны өмнө өөрчилж жижиг 76 тойрог бүхий мажоритор хувилбараар энэ удаагийн сонгууль явагдахаар болсон. Ийнхүү хуульд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор намуудын нэр дэвшигчдээ тодруулах хугацааг энэ сарын 23-ныг хүртэл сунгаж, 28 мандатыг хэрхэн хувиарлах тухай шийдэлд хүрэх шаардлагатай тулгарсан.

 

Жагсаалтад багтахаар төлөвлөгдөөд байсан 28 эрхмээс тойрогт нэр дэвшүүлэх хүмүүсээ шигшиж,   тохироо хийгээд нэгэнт эхэлсэн. Одоо хамгийн гол нь 28 мандатаа хэрхэн хувиарлах тухайгаа шийдэх үлдсэн гэхэд болно. Ардчилсан намын тухайд өнгөрсөн амралтын өдрүүдэд хуралдаж намаа дэмжиж сонгуульд оролцоно гэж мэдэгдээд байгаа дөрвөн намд нийтдээ 13 мандат өгөх нь зүйтэй гэж тохиролцсон талаар эх сурвалж хэлж байна. Бүр тодруулан хэлэхэд, Иргэний зориг ногоон намд таван мандат, Хөдөлмөрийн үндэсний намд дөрөв, Монголын үндэсний ардчилсан нам, Эх орон намд тус бүр хоёр мандат олгохоор тохиролцсон байна.

 

Мөн өчигдөр Төрийн ордноо хуралдсан намуудын бүлгийн хуралдаанаар 28 мандатыг хэрхэн хувиарлах талаар тус бүрийн шийдэлд хүрцгээсэн. Энэ талаар бүлгийн дарга нар ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

 

        МАН: Хотод 16-18, хөдөөд 10-12 мандат хувиарлах ёстой

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

-Тойрог, мандатын тоог тогтоохдоо Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо зэрэг хүчин зүйлийг харгалзаж тогтоох ёстой гэж Монгол улсын Үндсэн хууль болон Сонгуулийн хуулинд заасан байдаг. Үүнээс үүдэн манай бүлэг жагсаалтын 28 мандатын  20-ыг нь хөдөөд, хотод 8-ыг нь хувиарлах гэсэн зарчмыг баримталж байсан. Харамсалтай нь АН-аас хөдөөд 14, хотод 14 гэсэн хатуу шаардлагыг тавьж байгаа. Гэхдээ бид буулт хийж болох юм.  Хөдөөгийн нэг мандаттай бүх аймгууд хоёр мандаттай болох ёстой гэж манай бүлэг үзэж байна. Тэгэхээр 16-18 мандат хөдөөд 10-12 мандат хотод хувиарлагдах ёстой гэж ярьж болох юм.

 

        АН: 28 мандатыг 14:14 харьцаагаар хувиарлах нь зүйтэй

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар:

- Бүлгийн гишүүд энэ асуудлыг хэлэлцээд жагсаалтын 28 мандатыг хот хөдөөд тэгш хувиарлаж өгөх нь зүйтэй гэж үзсэн. Тодруулбал, хотод 14 мандат, хөдөөд 14 мандат байх нь хамгийн оновчтой хувилбар гэж үзлээ. Ийнхүү хувиарлах нь пропорциональ хувилбарыг хадгалсан “шударга” хувиарлалт юм. Өмнө нь жагсаалтын 28 гишүүнийг сонгохдоо үндсэндээ Монгол Улсын нэг тойрог гээд нийт ард иргэдээс санал авсан гишүүд байсан гэж АН үзсэн. Тиймээс энэхүү хувилбарыг хадгалаад 14, 14 гэсэн тэнцвэртэй хувилбарыг сонголоо. Энэхүү хувилбар нь хүн ам, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжтэй уялдсан хувилбар юм. Бидний тооцоолж байгаагаар 10-аад аймгийн мандат нэмэгдэх байх. Гэхдээ Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хуралдаад тогтоолоо албажуулаад оруулж ирсэн тохиолдолд намууд тухайн хувилбар дээр ажиллах байх. Ер нь бол 80-аас дээш мянган хүн амтай хөдөөгийн тойргууд 3 мандаттай, 60-аас мянган хүн амтай бол 2 мандаттай байх зураг гаргаад байна.

 

 

О.Түвшин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (103.10.22.40)

    2016-05-13

    Хүрэлсүх хэзээ "цаазын тавцан"-д морилон ирэх юм бол, харахад хэлсэндээ монгол эр хүн шиг юм билээ.

  • (103.10.22.40)

    2016-05-13

    Ардын намын удирдлагууд цаг нь болоогүй байхад намын нэрнээс "хувьсгалт" гэдэг үгийг авснаар харалган болохоо харуулж ардчиллын дүр эсгэгчдэд олз болсон, бас эрх мэдлийн шуналтай Энхбаярт боломж олгосон. Та нар арга барилаа эрс шинэчилж чадахгүй бол "хогийн сав" ойрхон байгаа шүү.

  • (103.10.22.40)

    2016-05-13

    Төрийн эрх барина гэдэг зөвхөн монголын 3 сая хүн амын асуудал биш түүнээс ч илүү 1,5 сая гаруй хавтгай дөрвөлжин газар нутгийн асуудал болохыг үндэслэл болгож хандах хэрэгтэй. Нөгөө талаас хүн ам нягт суурьшисан УБ хотод аймгуудтай адилхан хүн амын тоонд харьцсан хувилбараар мандат тогтооно гэдэг абсурд, хялбар аргаар олон суудал авах гэсэн явцуу бодол. Бямбацогт "буулт хийнэ" гэж юу яринэ вэ, МАХН улсын язгуур эрх ашгийг ямагт дээдэлж ирсэн байтал ийм асуудлаар буулт хийж марзганахаа боль. Та нар "хувьсгалт" гэдэг үгнээс цэрвэх хэрэггүй шүү, зөвхөн ардын нам ч биш, бас ардчилсан нам ч хувьсгал хийсэн шүү.