АН-ын шийдвэрээр тойрог хуваах уу, эсвэл МАН уу

 

        УИХ дахь намын бүлгүүд жижиг 76 тойрог дээр эрх ашиг нэгдсэн ч тойрох хуваах  дээрээ санал зөрөлдсөн хэвээр байна. Хамгийн сүүлийн мэдээгээр  пропорциональ 28-ыг адил тэгш буюу  хотод 14, хөдөөд 14 мандат гэсэн  Ардчилсан намын хувилбарыг Ардын нам зөвшөөрөхөөс өөр аргагүйд  хүрч байгаа гэх. Монгол ардын намын зүгээс 16:12 гэсэн хувилбарыг Ардчилсан намд санал болгосон ч эрх баригчид нэгэнтээ энэ хувилбарыг хүлээж авахгүй нь тодорхой болсон.

 

Хөдөөгийн 14 мандатыг орон нутагт хуваахдаа 80 мянгаас дээш хүн амтай аймгуудын мандатыг  гурав болгож,   Говь-Алтай, Говьсүмбэр, Булган зэрэг хүн ам цөөнтэй аймгийн мандат нэгээрээ үлдэх аж.  Мөн  50-80 мянган хүн амтай аймгийн мандатыг хоёр байлгах дээр Ардчилсан нам болон Ардын нам тохирч байгаа гэнэ.  Жагсаалтыг хувааж, нэмсэн намын хоёр Энхболдын бодлого УИХ дээр дэмжлэг авсан тохиолдолд Сэлэнгэ, Төв, Архангай, Ховд, Баян-Өлгий, Баянхонгор, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Увс, Хэнтийн мандат нэгээр нэмэгдэж гурав болно гэсэн үг. Тэгвэл хотын 14 мандатыг хуваахдаа хамгийн олон хүн амтай, Сонгинохайрхан болон, Баянзүрх дүүрэг зургаан мандаттай болох хувилбар УИХ дээр дэмжигдэх магадлал өндөр байна.

 

УИХ-ын ээлжит сонгууль болоход яг нэг сар 18 хоног үлджээ. Харин намууд арав хоногийн дараа нэр дэвшигчдээ тодруулсан байх учиртай ч одоогоор аль ч намд хэн, хаана нэр дэвших нь тодорхойгүй, жагсаалтын 28-ыг хуваах асуудлыг УИХ-аар шийдсэний дараа тойрог тараах “ажил” эхлэхийг хүлээж сууна.  Сонгуулийн хуулийг шинэчлэн баталсантай холбоотойгоор жагсаалтын 28-ыг хуваах ганцхан ажил УИХ дээр үлдээд байна гэж хэлж болно.

 

Энэ удаагийн сонгуульд 11 нам, гурван эвсэл өрсөлдөхөөр өнгөрсөн долоо хоногт батламжаа гардан авсан билээ.

 

Сонгуулийг жижиг 76 тойргоор явуулах нь нэгэнтээ тодорхой болсон бөгөөд парламентын найм дахь удаагийн сонгуульд Ардчилсан нам хотод, Ардын нам хөдөөд  илүү найдлага тавьж байна гэж хэлж болно. Жагсаалтыг 28-ыг хуваахдаа Ардчилсан нам хүн амын тоог, Ардын нам хөдөө орон нутгийн бүрэн бүтэн байдлаар шалтаглаж байгаа ч энэ нь сайндаа биш юм. Яс юман дээрээ аль, аль нь эрх ашгийнхаа төлөөх л улс төр хийж буй л хэрэг.

 

“Сант Марал”-ын судалгаанаас харахад 2014 оны  11 дүгээр сард Ардчилсан намын рейтинг 27 хувьтай байжээ. Харин 2015 оны сүүлээр Ардчилсан намын рейтинг 17 хувь болтлоо унасан байх юм. Тэгвэл Ардын намын рейтинг 15 хувиас 18 хувь болтлоо өсч. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам болон Ардын намын хувьд рейтинг нь яг ижил төвшинд байгаа нөхцөлд жижиг мажоритар системээр сонгуулийг явуулах нь аль, алинд нь багагүй эрсдэлтэй гэсэн үг. Мэдээж, гуравдагчийг жийсэн тэдний “бодлого” өөрсдийг нь ч гудамжинд гаргахад хүргэж болзошгүй байгаа юм. Гэхдээ энэ бол хоёр Энхболдын өөрсдийнх нь хийсэн “сонголт”. Сонгуулийн дараа нэг нь Ерөнхий сайдын суудлаар “шагнуулж”, нөгөө нь намаа лааз өшиглүүлэхэд хүргэсэн хариуцлагаа хүлээх болно.

 

Ардчилсан намд ч, Монгол ардын намд ч  намынхаа бэлгэ тэмдэг болсон “том гарууд” өөрийнхөө дуртай тойргоо авах гэж зүтгэнэ. Мэдээж, өнгөрсөн дөрвөн жил тойргоо тордож усалсан хүмүүс тойргоо авч үлдэх гэж улайрна. Энэ тэмцэл дундах тойргийн наймаа тэрбум, тэрбум төгрөгийн үнэд хүрч магадгүй л юм.  Хоёр том намын “хорчид” хоорондоо хэнийг хаана явуулах, хэн ямар сул хүнтэй таарахаа бас тохирч таараа.

 

УИХ-аар пропорционалийн 28-ыг шийдсэний дараа намуудын дарга нар энэ олон горилогчдоо хооронд нь зодолдуулж, намаа тараачихгүйхэн шиг тойргоо хуваах гэж үстэй толгойгоо маажихад хүрэх биз.  Хуурай агсам тавьж, хаалга үүдээ хага шидээд гарах хүн ч олон байх болов уу. Ядаж байхад “гүү хураадаг азарга” шиг энд тэндээс эрээвэр, хураавар бүхнийг цуглуулж, тойрог амалчихсаныг хэлэх үү, яажшуухан намынхантайгаа хэл амаа ололцохыг намын дарга нар эрх биш бодолцсон байлгүй. Хяслантай нь тойрог нь 76-хан, горилогч нь хар мянгаараа байгаа нь хэцүү.

 

 

Намын бүлгүүд дээр яригдаж буй хувилбар

 

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • (202.179.25.162)

    2016-05-11

    амжилт

  • Лүндэг (212.72.141.18)

    2016-05-11

    Урт хэл хүзүү орооно.Өөрсөддөө тааруулж баталсан хууль чинь эргээд та нарын хөлийг тушиж таарна.Сонгогчид хэн нь хэн бэ гэдгийг сайн мэддэг болсон.Монгол ардын нам Ардчилсан намын хэдэн олигархуудад дахиж ард түмэн хууртахгүй ,итгэл үзүүлэхгүй бас сонгохгүй.

  • Лүндэг (212.72.141.18)

    2016-05-11

    Урт хэл хүзүү орооно.Өөрсөддөө тааруулж баталсан хууль чинь эргээд та нарын хөлийг тушиж таарна.Сонгогчид хэн нь хэн бэ гэдгийг сайн мэддэг болсон.Монгол ардын нам Ардчилсан намын хэдэн олигархуудад дахиж ард түмэн хууртахгүй ,итгэл үзүүлэхгүй бас сонгохгүй.

  • Мөнхөө (212.72.141.18)

    2016-05-11

    Шууд хэлбэрийн луйвар

  • Туулай (204.85.191.30)

    2016-05-11

    Та нар хотоос нэр дэвшин чадахгүгээ мэдээд хөдөө орон оутгаар явж хэдэн тэтгэвэрийн хөгшин хүмүүс дээр очиж гурил будаа авч өгч тэтнэвэрийг чинь нэмнэ гэж хэлэх гэж бна уу МАНАН олигархиуд МОНГОЛЫН эдийн засгыг их хэмнээний өрөнд оруулчаад дахиж хөдөө орон нутгаар явж мөнгө тарааж иргэдийн саналыг худалдаж авах гэж бна уу . Хотын дарга нь ард иргэдээ ***** гэж хэлж бгаа юм чинь ТА НАРТ иргэд яаж дуртай байх юм

  • GOOLINGOO (203.169.50.152)

    2016-05-11

    МАН ХӨДӨӨ ОРОН НУТГААР АН ХОТООС ГАРНА ГЭЖ БАЙНА ТӨЛӨВЛӨСӨН БАЙНА. МУ ХЭМЖЭЭНД МАШ ТОМ ААЛЗНЫ ТОР ҮҮСГЭСЭН МАН+АН ЭНЭ УДААГИЙН СОНГУУЛИАР БҮГДИЙГ НЬ СОНГОХГҮЙ ГЭДГИЙГ АРД ТҮМЭН МЭДЭЖ БАЙГАА. АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ ШҮҮ

  • ГООЛИНГОО (203.169.50.152)

    2016-05-11

    МАН ХӨДӨӨ ОРОН НУТГААР АН ХОТООС ГАРНА ГЭЖ БАЙНА ТӨЛӨВЛӨСӨН БАЙНА. МУ ХЭМЖЭЭНД МАШ ТОМ ААЛЗНЫ ТОР ҮҮСГЭСЭН МАН+АН ЭНЭ УДААГИЙН СОНГУУЛИАР БҮГДИЙГ НЬ СОНГОХГҮЙ ГЭДГИЙГ АРД ТҮМЭН МЭДЭЖ БАЙГАА. АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ ШҮҮ