Ерөнхийлөгч сонгуулийн квотод хориг тавих уу

 

         Удахгүй болох 2016 оны ээлжит сонгуультай холбоотойгоор улс төрийн намуудын хооронд “халуухан” асуудлууд шил шилээ даран өрнөсөөр байна. Манай улсад албан ёсоор цагаан дээр хараар бичсэн бүртгэлтэй 24 нам байдаг гэсэн тоо баримт бий. Тэгвэл энэ удаагийн сонгуульд 11 нам, 3 эвсэл оролцохоор СЕХ-ноос албан ёсоор батламжаа гардсан.

 

     Жил жилийн сонгуульд хэл ам, хэрүүл маргаан, улс төрийн намууд болон гишүүдийн талцаан дунд болж өнгөрдөгийг хэн хүнгүй л мэднэ. Тэгвэл ирэх сонгуулиас өмнө их л олон зүйлийг өөрчлөх гэж оролдох нь хэнд ашигтайг одоо хэлэхэд арай эртэднэ. Гэхдээ ард түмэнд лав ашигтай байх эсэх нь эргэлзээтэй. Сонгуулийн системээ өөрчиллөө. За энэ ч яахав өөрчилдөг л юм байж. Гэтэл УИХ-ын энэ сарын 5-ны өдрийн нэгдсэн чуулганаар Монгол Улсын Сонгуулийн тухай хуульд нам, эвслээс нэр дэвшигчийн квот 30 хувь байсныг 20 хувь болгон бууруулсан нь төлөөллийн зарчмыг зөрчсөн шийдвэр болсон гэж ТББ-ууд үзэн, эсэргүүцлээ илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, УИХ нь Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлтийг үндэслэн Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт, хэсгүүдэд өөрчлөлт оруулахдаа уг дүгнэлтээс хальж, квотыг бууруулсан. Энэ нь ард түмний сонгох, сонгогдох эрхэд бүдүүлгээр халдсан шийдвэр боллоо гэж Иргэний нийгмийнхэн үзсэн. Дан иргэний нийгмийнхэн ч гэлтгүй энэ шийдвэр яалтгүй бидний сонгох, сонгогдох эрхэд халдсан асуудал.

 

      Иймээс хүний эрх, ардчилал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө ажилладаг найман эвсэл, сүлжээ, холбооны нийт 246 байгууллага нэгдэж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид  хандан Сонгуулийн тухай хуулийн квоттой холбоотой хэсэгт хориг тавихыг хүслээ. Мөн УИХ-ын дарга З.Энхболдод хандан,  дээрх шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа  илэрхийллээ. Мөн улс төрийн намуудад хандан, УИХ болон аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн 30 буюу түүнээс дээш хувийг эмэгтэй нэр дэвшигчдээр бүрдүүлэхийг уриалсан байна. Гэсэн ч одоо хүртэл тодорхой хариуг хүлээж аваагүй л байна.

 

       Төр улсын хамгийн жижиг нэгж нь гэр улс. Тэгвэл гэр улсыг эр, эм гэсэн хүйсийн тэнцвэрт харьцаа оршин тогтнох үндсийг нь бүрдүүлдэг гэж хэлж болно. Үүнээс үзэхэд төрийн оролцоонд ч гэсэн эмэгтэйчүүд дуу хоолой, оролцоо байх ёстой. Өөрчлөлтийг хийж болно. Гэхдээ увайгүй өөрчлөлт хэнд ашигтай гэж.

 

 

 

 

 

О.Түвшин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)