ИЗНН улс төрийн үйл хэрэг үүгээр төгсөв үү
- 2016-05-19
- Улс төр
- 0

ИЗЗН энэ удаагийн сонгуульд тун чиг азгүй байна. “Нохойноосоо гинж нь” гэдгийн үлгэрээр гурван даргатай уг нам нь дарга нарын санаа бодлын зөрчилөөс болж багагүй гацаанд ороод байна. С.Дэмбэрэл дарга нь намаасаа гарч ал хэдийнээ АН-ын нөмөрт наалдаж “амиа” хоргоосон. Тэгвэл С.Оюун дарга нь сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор олон нийтэд зарласан. Түүнийг НҮБ рүү зорих болсон гэх битүү яриа гараад байгаа.
Анх өдгөөгөөс 18 жилийн өмнө тус намыг ардчиллын удирдагчдын нэг С.Зоригийг золгүйгээр амь насаа алдсаны дараа Ардчилсан намын хэсэг гишүүд санаачлан байгуулж байв. Энэ санаачилгыг гаргаж, Иргэний зориг намын тулгын чулууг тулалцсан цөөнгүй хүн бий. Тухайлбал, Х.Хулан, Т.Эрдэнэбилэг нар өдгөө намаасаа төдийгүй улс төрөөс бүрмөсөн холдсон С.Оюун даргатай энэ нам хорин жил улс төрд өөрийн орон зайтай явж иржээ. Ахынхаа үйл хэргийг залгамжлахаар тэр үед улс төрд орж ирсэн С.Оюун Иргэний зориг намыг тасралтгүй 18 жил удирдсан нь, мөн сонгууль болгоноор ялалт байгуулж ирсэн нь олон намын тогтолцоо, чөлөөт сонголтыг хуульчилсан сүүлийн хорин таван жилийн түүхэн дэх аль ч улстөрийн нам дээр давтагдаагүй цор ганц “үзэгдэл” байв. Энэ үүднээс нь авч үзвэл Иргэний зориг нам нь хувь улстөрчийн давуу хүчин зүйл дээр оршин тогтнож ирсэн хүчин гэж зарим ажиглагчдын хэлдэг нь үнэний ортой ч нөгөө талаас нь энэ өнгөцхөн дүгнэлт гэхэд болохоор. Улс төрд зөвхөн хожил хайдаг дарга ба тамга гэсэн хоёрхон "өмчтэй", хоёр том намын өрсөлдөөн дунд наймаа, тоглолт хийх замаар амь бие ордог заримдгуудтай харьцуулахад ИЗНН хөгжлийн бодлого, хөтөлбөртэй явж ирснийг үгүйсгэх боломж байхгүй.
Гэтэл нэг талаараа энэ цаг үе ард хоцров уу? гэлтэй. Яагаад гэвэл тэд энэ удаагийн сонгуульд оролцох боломжгүй болсон. УИХ-ын болон НИТХ-д аль алинд нь. Өчигдөр нийслэлийн сонгуулийн хорооноос НИТХ-д хүч үзэх 9 намын 238 нэр дэвшигчийг зарласан. Тэгвэл ИЗНН-ыг Нийслэлийн Сонгуулийн Хороо бүртгэж авахаас татгалзжээ. Тодруулбал, тус намаас ирүүлсэн баримт материалыг шалгах явцад Сонгуулийн тухай хуулийн 155.3-т заасан шаардлага "Намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага дотоод дүрэм, журамд заасан хуралдаанаараа хэлэлцэж ардчилсан зарчмыг баримтлан олонхийн саналаар шийдвэрлэнэ" гэсэн шаардлага хангагдаагүй нөхцөл байдал илэрч улмаар нягтлан шалгах явцад Сонгуулийн тухай хуульд заасан шаардагдах баримтын бүрдэл дутуу байсан тул Нийслэлийн Сонгуулийн Хорооны хуралдаанаас санал нэгтэй нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан байна.
ИЗНН-ын зарим төлөөллүүд УИХ-ын сонгуульд оролцох боломжгүй болсон ч НИТХ-ын сонгуульд оролцох эрх зүйн орчин бий гэж хэдхэн хоногийн өмнө мэдэгдэж байв. Мөн уг асуудалтай холбоотойгоор Сонгуулийн Ерөнхий Хороог шүүхэд өгсөн. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар шүүх гомдлыг нь хүлээн авч маргаан үүсгээд байгаа гэв. Гэсэн ч энэ асуудал одоогоор тодорхой яригдсан, шийдэгдсэн зүйлгүй нам, жим байна.
Энэ удаагийн УИХ сонгууль улс төрийн намууд болон улс төрчдийн “жинхэнэ” хэн нь хэн бэ? гэдгийг илчилж байна уу? гэлтэй. Энэ “манай нам” хэмээн өндөр дуугаар өргөж явсан намаасаа гарах эрхмүүдийн цуваа одоо ч тасраагүй байна. Мөн зарим намуудын улс төрд оролцох үйл хэрэг өндөрлөж байна уу? гэж харагдана. Ямартай ч ИЗЗН энэ удаагийн УИХ болон НИХТ-д оролцох эрх зүйн орчин бүрдсэнгүй бололтой.
О.Заяа

Сэтгэгдэл (2)
mart (202.9.40.9)
Ene namiin gekh 2,3 nokhor bidnii mongoor kheden jil khooloo zalguullaa daa...
(112.72.11.110)
oros zunchiin helsen 16 oni umnu emegtei dargtai jijig nam ustaj vgvi bolno. huuchni nertei shine nam songuulid amjilt olohgvich 18 ond huvisgal hiine gej helsen baisan vnen bj medeh ni