Монголын нээлттэй засгийн түншлэлийг олон улс өндрөөр үнэлэв

 

Өнөөдөр болсон “Нээлттэй засгийн түншлэлийн 2016-2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэлэлцүүлгийн үеэр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид "Нээлттэй засгийн түншлэл нь хэвлэл мэдээллийн салбарын мэдээлэл олж авах эрхийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэнэ" гэдгийг онцоллоо.

 

Төрийн үйл ажиллагааг ил тод, хариуцлагатай болгох, иргэдийн мэдээлэл олж авах эрхийг хангах “Нээлттэй засгийн түншлэл”-ийг 2011 онд АНУ-ын Төрийн Департментаас санаачилсан бөгөөд эдүгээ 69 орон нэгдсэн байна. Монгол Улс түншлэлд 2014 онд нэгдэж, анхны төлөвлөгөөгөө 2014-2016 онд батлан хэрэгжүүлжээ. Төлөвлөгөөний хүрээнд хэд хэдэн ажлыг санаачлан хэрэгжүүлсэн байна. 

 

Тухайлбал, Засгийн газрын 11-11 төв юм. Уг төвөөр дамжуулан иргэд төрийн үйл ажиллагааны талаар үзэл бодлоо илэрхийлэх, мэдээ мэдээлэл авах боломжийг бүрэн хангасан гэдгийг Нээлттэй засгийн түншлэлийн Үндэсний зөвлөлийн дэд дарга Г.Ганболд хэлэлцүүлгийн үеэр хэллээ. Тэрбээр, “Төрийн үйлчилгээний цахим систем болох 11-11 төв өдөрт 40-50 хүн биеэр ирж үйлчлүүлэхээс гадна 500 хүн утас болон цахим хуудсаар дамжуулан мэдээлэл авч байна. Уг төвд ирсэн санал хүсэлтийг Ерөнхий сайд, ЗГХЭГ болон бусад яамд, орон нутгийн засаг захиргааны хурал, уулзалтаар авч хэлэлцэн, хариу өгдөг. Энэ бол мэдээлэл авах, өгөх эргэх холбоог хангасан чухал алхам болсон. Мөн Шилэн дансны хууль авлигал, хүнд суртлыг бууруулах томоохон алхам болсон. Анх хууль хэрэгжиж эхэлж байхад төсвийн ерөнхийлөн захирагч нар Шилэн дансаа санаатайгаар буруу хөтлөх тохиолдол байсан. Энэ нь иргэдийн оролцоотойгоор ил болж, одоо алдаагаа засаад явж байна. Түүнчлэн төрийн 250 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж буй “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж байна. Энэ бүх үйл ажиллагаа Нээлттэй засгийн түншлэлийн гишүүн орнуудаас өндөр үнэлгээ авсан” хэмээв.

 

Энэ удаагийн төлөвлөгөөнд Төрийн үйлчилгээг сайжруулах, шударга ёсыг нэмэгдүүлэх, төрийн нөөцийг үр дүнтэй зарцуулах, аюулгүй нийгмийг цогцлоох болон компанийн хариуцлагыг нэмэгдүүлэх гэсэн 5 чиглэлээр боловсруулж байгаа бөгөөд энэ сард багтаан Засгийн газрын хуралдаанаар батлуулахаар ажиллаж байгаа аж.

 

Өнөөдрийн хэлэлцүүлгээр хэвлэл мэдээллийн болон, иргэний нийгмийн байгууллагуудын санал хүсэлтийг авч, төлөвлөгөөнд тусгах юм.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)