Айлчлалаар юу шийдэв?
- 2016-07-19
- Улс төр
- 0

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Ази, Европын дээд хэмжээний 11 дэх уулзалт болохтой зэрэгцэн таван ч орны айлчлал давхацлаа. Айлчлалын салхийг хагалж, БНСВУ-ын ерөнхий сайд Нгуен Суан Фук долдугаар сарын 13-нд Улаанбаатар хотноо буусан бол БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ айлчлалыг отголуулж, өчигдөр нутаг буцлаа. Айлчлалын хүрээнд шийдсэн чухал асуудлыг тоймлоё.\
БНСУ: БАЙГАЛИЙН ТҮҮХИЙ МУЗЕЙГ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР БАРИНА

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ долдугаар сарын 17-18-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.
Айлчлалын хүрээнд: БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотноо Байгалийн түүхийн музейн барилга барих, Мэдээлэл технологийн хамтарсан коллеж байгуулах, цаашид инженер техникийн мэргэжилтнүүдийг БНСУ-д тодорхой үе шаттайгаар бэлтгэх зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр тохирлоо.
БНСУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагааны сан /EDCF/-гийн 19.6 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Ухаалаг боловсрол” төслийг хэрэгжүүлнэ. Хэлэлцээрт зааснаар Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад смарт анги байгуулах, сургалтын арга зүйг сайжруулах, орчин үеийн смарт тоног төхөөрөмж дээр хичээл заах, багш нарыг чадваржуулах зэрэг төслүүд хэрэгжинэ.
EDCF сангийн 25 сая ам.долларын зээлээр “Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн 2 дугаар шатыг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд Монгол Улс хот хоорондын тээвэрт зориулж том оврын 200 автобус авч ашиглана.
Мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглан цахим эрүүл мэндийг хөгжүүлэх тухай тохиролцоонд талууд гарын үсэг зураад байна.
СИНГАПУР: 30 ХҮРТЭЛ ХОНОГ ВИЗГҮЙ ЗОРЧИНО

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Сингапур улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн долдугаар сарын 14-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв.
Айлчлалаар хоёр улсын иргэд харилцан 30 хүртэл хоног визгүй зорчихоор болж, холбогдох баримт бичгийг байгууллаа.
ВЬЕТНАМ: “БОГД ХААНЫ ОРДОН” МУЗЕЙГ ЗАСВАРЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуен Суан Фук долдугаар сарын 13-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.
Вьетнам улсын талаас батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны санамж бичгийг үр бүтээлтэй хэрэгжүүлэх, хоёр орны Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг идэвхижүүлэх, цагаан будаа, хүнсний ногоо, кофе, элсэн чихэр зэрэг бүтээгдэхүүнийг нийлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлснээс гадна хорио цээрийн стандартыг тохирч, Монгол Улсаас Вьетнам улсад гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн, нийлүүлэх ажлыг урагшлуулахаа илэрхийлэв.
Монголын талтай ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллаж, бизнес, соёл, боловсрол, спортын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж, “Богд хааны ордон” музей, “Чойжин ламын сүм” музейг засварлахад туслах боломжтойгоо мэдэгдэв.
ХЯТАД: 350 САЯ ЮАНЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ

Монгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян долдугаар сарын 13-14-нд албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр БНХАУ 38 тэрбум төгрөгийн зээлээс Монгол Улсыг бүрмөсөн чөлөөлж байгааг мэдэгдлээ. Гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах чиглэлээр хамтран ажиллаж, энэ хүрээнд 350 сая юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болов.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны гэргий Ченг, Хонг нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт нэг сая юанын хөрөнгө оруулалт бүхий эд зүйл хандивлажээ.
Буцалтгүй тусламжид 28 хүний суудалтай хүүхдийн автобус, компьютер, хувилах машин, цүнх тоглоом багтаж байна.
ЯПОН: БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ долдугаар сарын 14-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг ойрын хугацаанд Япон улсад айлчлахыг урилаа. Түүнчлэн ерөнхий боловсролын жишиг сургууль барих, техник, технологийн дээд боловсролыг сайжруулах зэргээр боловсролын салбарт хамтран ажиллах боломжтой талаар мэдэгдлээ.
С.Баяр

Сэтгэгдэл (0)