Талх, элэгний нухашны үнэ 20 саяын аз авчрав
- 2016-07-20
- Улаанбаатар
- 0

НӨАТ-ын урамшуулал системийн 13 дахь сугалааны тохирлоор 20 сая төгрөг болон дөрвөн сая төгрөг хожсон азтаны төлөөллүүдэд өнөөдөр /2016.07.20/ батламжаа гардлаа.
Энэ удаагийн тохирлоор 20 сая төгрөгийн гурван азтан тодорсныг албаныхан онцолж байлаа. НӨАТ-ын урамшуулал системээс 13 удаагийн тохирол явуулсан энэ хугацаанд нийт 42 мянган иргэн баримтаа бүртгүүлж, азтан болжээ.
Мөн энэ үеэр сугалааны тохирлоор 100 болон 20 мянган төгрөг хожсон 4000 орчим иргэн өөрийн дансаа баталгаажуулаагүйгээс данс руу нь шилжээгүй байгаа аж. Тиймээс иргэд ebarimt.mn сайт руу нэвтэрч, өөрийн дансны мэдээллээ шалгах шаардлагатайг анхааруулсан юм.
“Энэ онд нийт 18 удаагийн сугалааны тохирол явагдах бөгөөд үлдсэн таван удаагийн сугалааны тохиролд иргэдийг идэвхтэй оролцож азтан болохыг хүсч байна. Иргэдийн идэвхтэй оролцооны хүчинд татварын орлого 99 хувийн биелэлттэй явж байгаа. Өнөөдрийн байдлаар НӨАТ-ын урамшууллын системийн хэрэгжсэн долоон сарын хугацааг дүгнэхэд богино хугацаанд 700 гаруй мянган иргэдийн нийт 19 сая баримт бүртгүүлсэн байна” хэмээн НӨАТУС-ийн төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга танилцууллаа.
НӨАТ-ын урамшууллын системийн сугалааны тохиролд оны эхэнд 22 сая төгрөгийг баталсан боловч одоогоор 1.6 тэрбум төгрөгийг л иргэд авсан байгаа аж.

Э.Энхлэн: “3900 төгрөгийн худалдан авалтаар 20 сая төгрөг хожсон”
“Би найман настай. Нийслэлийн 20 дугаар сургуулийн хоёрдугаар ангид сурдаг. Би Алтай хотхон дахь “Dream” дэлгүүрээс кофе, элэгний нухаш, талхыг 3900 төгрөгөөр худалдан авч, 20 сая төгрөгийн азтан боллоо. НӨАТ-ын сугалааны баримтыг манай нагац эгч маань бүртгүүлж өгсөн юм. Их мөнгө хожсон тухайгаа ээждээ хэлэхэд итгэхгүй байсан. Одоогоор ebarimt.mn системд 700 гаруй баримт бүртгүүлсэн байгаа” хэмээн ярилаа.

Ч.Амармэнд: “Нойтон сальфетка худалдан авч дөрвөн саяын азтан боллоо”
Би “Оргил” худалдааний төвөөс 1300 төгрөгөөр нойтон салфетка худалдаж аваад дөрвөн сая төгрөгийн азтан боллоо. Үнэхээр баяртай байна. Манай гэр бүл ebarimt.mn сайтад баримтаа идэвхтэй бүртгүүлдэг. Өмнө нь сугалаанд хожиж байгаагүй. Хонжворын мөнгөөрөө хийхээр төлөвлөсөн зүйл бий” гэлээ.
Энэ удаагийн сугалааны тохирол НӨАТ-ын урамшууллыг олгох тухай журамд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан сугалааны тохирол явагдах өдрийн өмнө буюу 24 цагийн дотор амжиж бүртгүүлсэн баримтуудаас азтанг тодруулсан.
Мөн хүсэлтээ баталгаажуулсан сугалааны азтаны сугалааны тохирлыг хэрэглэгчийн хэсэгт бүртгүүлж, баталгаажуулсан дансны дугаараар хүсэлт гаргаснаас хойш ажлын 20 хоногийн дотор олгох юм байна.
Харин шинэ журмын дагуу сугалааны хонжвор таарч урамшуулал авах эрхтэй сугалаанд оролцогч нь тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд урамшууллаа авах эрхтэй бөгөөд уг хугацаа өнгөрсөн бол тухайн этгээдийг сугалааны урамшууллаас татгалзсанд тооцох ажээ.


С.Баяр

Сэтгэгдэл (0)