Ардчилсан үндсэн хууль батлалцсан эмэгтэйчүүдээ хүндэтгэлээ

Монгол Улсад ардчилсан  Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ой тохиож буйтай холбогдуулан МАНын дэргэдэх Нийгмийн ардчилал-МЭХ-ноос уг түүхэн үйл хэрэгт оролцсон депутат эмэгтэйчүүдийг хүлээн авч хүндэтгэлээ.
Монгол Улсад ардчилсан  Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ой тохиож буйтай холбогдуулан МАНын дэргэдэх Нийгмийн ардчилал-МЭХ-ноос уг түүхэн үйл хэрэгт оролцсон депутат эмэгтэйчүүдийг хүлээн авч хүндэтгэлээ. Тухайн үед АИХ-ын 430 депутатын ес нь эмэгтэй байжээ. Өчигдрийн уулзалтад Д.Мөнхөө, Т.Жагай, Ж.Даваабал, О.Долгорсүрэн, Д.Чулуун, Д.Баасанхүү нарын зургаан хүндэт эмэгтэй хүрэлцэн ирэв. Б.Энхтуяа хүндэтгэх шалтгаанаар хүрэлцэн ирж амжаагүй аж. Харин Э.Алтангэрэл, Д.Лхамсүрэн нар бурхны оронд оджээ. Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл уулзалтыг нээж үг хэлэв. Тэрбээр тухайн үед АИХ-ын хуралдааныг сурвалжилж явснаа дурсч, түүхэн үйл хэрэгт оролцсон эмэгтэйчүүдээр бахархаж явдгаа хэлсэн. Мөн АИХын депутат эмэгтэйчүүд дурсамжаа хуучилж, ардчилсан Үндсэн хуулийн түүхэн үүргийг тэмдэглэн хэлэв. Ингээд дээрх зургаан депутат эмэгтэйн сэтгэгдлийг танд хүргэж байна.

ИХ Л САЙН ХУУЛЬ БАТАЛЖ ДЭЭ ГЭЖ БОДДОГ
Ж.ДАВААБАЛ/Ховд аймгийн депутат/
Ховд аймгийн Жаргалант сумаас сонгогдож байсан. Ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан есөн эмэгтэйн нэг болсондоо баяртай байдаг. Тухайн үед би эх барих эмэгтэйчүүдийн эмч байсан. Бидний 430 депутат нэлээд олон хоног хуралдаж, баталсан учраас ард түмний бүрэн төлөөллөөр ардчилсан Үндсэн хуулиа баталсан гэж боддог. Өнгөрсөн хугацаанд Үндсэн хуульд нэг л удаа өөрчлөлт оруулсан.
Гэвч тэр өөрчлөлтийг олон түмний олонхи таашаахгүй байгаагаас харахад их л сайн хууль болж дээ гэж боддог. Эндээс үүдэн хэлэхэд ер нь шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүд оролцох нь нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдэх боломжийг бий болгоно.
Гэтэл өнөөдөр төр, засгийн үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоо улам муудсан байна.



ЭМЭГТЭЙЧҮҮД ЕСҮҮЛХНЭЭ ХЭДИЙ Ч БҮЛЭГ БАЙГУУЛЖ АЖИЛЛАСАН

Т.ЖАГАЙ/ Дундговь аймгийн депутат/
Нэг л мэдэхэд 20 жил өнгөрчихсөн байна. Өнөөдөр ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ой тохиож байгаад үнэхээр баяртай байна. Бид 430 депутатаас есүүлхнээ байсан ч эмэгтэйчүүдийн бүлэг хүртэл үүсгэж, нийгмийн болон эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах тал дээр тусгайлан саналаа өгдөг байсан.
Үндсэн хууль батлахад нийгмийн бүхий л салбар, хот хөдөөгийн олон зуун хүн оролцсон учраас жинхэнэ үзэл бодлын уралдаан болдог байсан.
Би тухайн үед хөдөөгийн хүн амын эрүүлийг хамгаалах үйлст зүтгэдэг байлаа. АИХ-д сонгогдон тэрхүү түүхэн үйл хэрэгт оролцох хувь тохиосонд баяртай байдаг.
Тэр сонгууль хамгийн олон төлөөлөгч сонгогдсон ардчилсан сонгууль болж чадсан гэж боддог.





ЭМЭГТЭЙ ДЕПУТАТУУД ДУНДАА ГАНЦ МАЛЧИН НЬ БИ ЮМ

О.ДОЛГОРСҮРЭН/Завхан аймгийн төлөөлөгч/

Би Завхан аймгийн Идэр сумаас сонгогдож байсан. Миний хувьд эмэгтэй есөн депутат дунд байсан ганц малчин нь юм. Би 400-600 мал төллүүлж, улс орондоо өөрийн хувь нэмрээ оруулж, тэр хөдөлмөрийнхөө үр шимээр л АИХ-ын депутатаар сонгогдсон.
Үндсэн хууль батлах үед одоогийнх шиг амар байгаагүй. Анх удаа ардчилсан хууль батлах хэцүү байсан. Гэхдээ бид шантраагүй. Тиймээс эх хуульдаа аль болох гар хүрэлгүй, сайн мөрдөж байхыг хүсч байна.








ХҮН БҮР СЭТГЭЛ ЗҮРХЭЭ ЗОРИУЛСАН

Д.БААСАНХҮҮ /Увс аймгийн депутат/
Би Увс аймгийн 359 дүгээр тойргоос гарсан. Бүх хүний улстөрийн идэвх сайн байсан үед ард олны саналаар л гарч ирсэн. Би эмэгтэйчүүдийн эмч хүн. Ард иргэдийн тал хувь болсон эмэгтэйчүүд намайг өөрсдийн асуудлыг шийдэж чадна гэсэн итгэлээр сонгосон болов уу. Хүн болгон ардчилсан шинэ Үндсэн хууль батлахын төлөө сэтгэл зүрхээ зориулсан. Хүний эрх, эрх чөлөө жинхэнэ утгаар бий болж, хүн болгон чөлөөтэй үгээ хэлдэг болох түүхэн үйл хэрэгт оролцсондоо нэн баяртай явдаг даа.








БИДНИЙГ ТЭН ХАГАСЫГ ЭЗЭЛЖ БУЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛ ГЭЖ ХАНДДАГ БАЙВ

Д . М Ө Н Х Ө Ө /Нийслэлийн депутат/
430 депутатын есхөн нь эмэгтэй байсан. Бид эмэгтэй депутатуудын бүлэг гэж үүсгээд би ахалж байсан. Үндсэн хуулийн тодорхой асуудлууд дээр намын бүлгүүд маргаан үүссэн тохиолдолд зөвшил хийдэг байсан. Манай бүлэг зөвшилд нэг санал өгөх эрхтэй байсан. Энэ нь есөн эмэгтэйг Монголын хүн амын тэн хагасыг эзэлж буй эмэгтэйчүүдийн төлөөлөл хэмээн өндөр итгэл найдвар хүлээлгэж буй хэрэг байсан. Өөрөөр хэлбэл, ардчиллын томоохон элемент үйлчилж байсан юм. Гэхдээ өнөөдөр ийм хууль үйлчилж байгаа юу гэвэл үгүй. Үндсэн хууль батлах нь үндэсний том зөвшил байсан.
Социалист системийн задрал, Монголын ард түмний хүсэл эрмэлзэл бий болсон үе байсан. Заримдаа бидний хувьд мэдэхгүй хэрнээ гараа өргөх тохиолдол хүртэл байсныг хэлье. Үндсэн хуулийг батлахад оролцсон 430 депутатын 83 хувь нь Монгол Ардын Намын гишүүн байсан нь манай намын хувьд түүхэн үүргээ гүйцэтгэсэн хэрэг болсон билээ.


ОДООГИЙНХ ШИГ АМАР БАЙГААГҮЙ

Д.ЧУЛУУН /С ү х б а а т а р  а й м г и й н  депутат/
Анхны ардчилсан сонгууль маш өрсөлдөөнтэй болсон. Би 4-5 хүний дундаас өрсөлдөж гарч байлаа. Гэхдээ о д о о г и й н х шиг ийм байгаагүй. Олонд танигдсан, ард иргэдийн дунд нэр төртэй хүн л сонгогдсон.
Нэг хүнд нэг ч төгрөг өгөөгүй. Зөвхөн Үндсэн хуульдаа ард иргэдийн санаа бодлыг тусгах шаардлагын дагуу сонгогдож байсан. Үндсэн хууль яриангүй сайн болсон. Гэхдээ 20 жил өнгөрч, цаг үе өөр болсон үед эргэж харах ёстой зүйл байдаг л байх. Энэ жил ардчилсан Үндсэн хуулийн 20 жилийн ой тохиож байгаад баяртай байна.





Б.БАТ-ЭРДЭНЭ


www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.11.192.34)

    2012-01-12

    tiimee uneheer tuuhen uil ywdal shuuu