Н.Сувдмаа: Гар, хөл, амны өвчлөл ихэссэн

 

        ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаатай ярилцлаа.

 

-Он гарсаар ХӨСҮТ-д халдварт өвчний хэчнээн тохиолдол бүртгэгдээд байна вэ?

 

-Энэ оны эхний долоон сарын байдлаар улсын хэмжээнд 26 төрлийн 54 мянга гаруй өвчлөл бүртгэгдсэн байна. Өвчлөлийн үндсэн үзүүлэлтийг 10, 100 мянган хүн тутамд, тав хүртэлх насныхны эндэгдэл гэх зэргээр ангилан, тооцоолж гаргадаг. Халдварт өвчнийг 10 мянган хүн амд тооцож боддог. 2016 он гарсаар халдварт өвчин 10 мянган хүн амд 177 тохиолдол байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 32 тохиолдлоор нэмэгдсэн гэсэн үг. Голчлон амьсгалын замын халдвар буюу тууралтат халдвар болох улаанбурхны өвчлөлтэй холбоотойгоор нэмэгдсэн. Бусад өвчлөлийн хувьд ерөнхийдөө өмнөх оны мөн үеийн төвшинд байгаа. Халдварт өвчин нь улиралчлал, хөдлөлзүйтэй байдаг бөгөөд дамжих замаас хамаараад өөр өөр байдаг.

 

-Яг одоогоор ямар өвчлөл их байна вэ. Мөн хэчнээн хүн хэвтэн эмчлүүлж байна?

 

-Өнөөдрийн байдлаар манайд 18 хүн гэдэсний халдвараар хэвтэж байна. Долоо, найм, есдүгээр сард гэдэсний халдварт өвчин болох цусан суулга, сальмонеллез, гар, хөл, амны өвчин зонхилдог. Энэ жилийн хувьд гар, хөл, амны өвчнөөр өвчлөгсөд олширсон. Энэ нь энтеровирусээр үүсгэгддэг. Ахуйн хавьтлаар буюу бохирдсон эд, өвчтэй хүний хүрсэн зүйлээс болон зарим тохиолдолд амьсгалын замаар халддаг. Гар, хөл, амны өвчнөөр ихэвчлэн бага насны хүүхэд өвддөг. Тэдний 90 гаруй хувьд нь хөнгөн хэлбэрээр тусдаг.

 

-Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэллээ. Үүнтэй холбоотой халдварт өвчин дэгдэх магадлал эрс нэмэгддэг. Энэ талд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

 

-Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор олныг хамарсан өвчлөлөөс сэргийлэх талаас нь зөвлөмж, зөвлөгөө, сэрэмжлүүлэг өгч байна. Гэдэсний халдварт өвчний тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Гар дээрээс худалдан авалт хийх явдал гэдэсний халдвар нэмэгдэх эрсдэлт хүчин зүйл болдог. Хүүхдүүд сургуульд явах замдаа ТҮЦ, жижиглэнгийн худалдаа эрхлэгч, хагас боловсруулсан бүтээгдэхүүн зарж буй газраас худалдан авалт ихээр хийдэг. Ялангуяа жимс, жимсгэнэ, болоогүй самар, боргоцойг ихээр авч иддэг. Ингэснээр халдварт өвчин тусах магадлал эрс нэмэгддэг. Ой модонд самар, жимснээсээ илүү хүн нь олон байна гэж ярьж байна. Энэ хэрээр гар дээрээс хяналтгүй, эрүүл мэндийн шинжилгээнд ороогүй хүн шинжлүүлээгүй бүтээгдэхүүн зарах тохиолдол нэмэгдсэн гэсэн үг. Хүүхдийн байгууллагуудад олныг хамарсан хоолны хордлогот халдвар, өвчлөл өнөөдрийн байдлаар бүртгэгдээгүй ч урьдчилан сэргийлэх зөвлөмжийг холбогдох байгууллагаар дамжуулан иргэдэд хүргэж байгаа.

 

- “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд сургууль, цэцэрлэгтэй гэрээтэй ажилладаг газруудыг танайхаас хянадаг уу. Сургууль дээрээ хоолны хордлогод орсон тохиолдол нэлээд гардаг шүү дээ?

 

-Сургууль, цэцэрлэгүүдийн үдийн цайтай холбоотой үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаж байна. Ингэхдээ мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарч “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд гэрээгээр бүтээгдэхүүн нийлүүлж буй аж ахуйн нэгжид хяналт, тандалт хийдэг. Энд зөвхөн мэргэжлийн байгууллага хяналт тавихаас гадна тухайн сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш, эцэг, эхчүүдийг давхар анхаарахыг зөвлөе.

 

-Бусад халдварт өвчний тархалт хэр байгаа вэ. Улаанбурхны дэгдэлт бүрэн дууссан уу?

 

-Амьсгалын замын халдварт өвчин болох улаанбурхан нь өнгөрсөн жилээс эхлээд дэгдсэнийг та бүхэн мэднэ. Энэ өвчин нь өнгөрсөн тавдугаар сарын дунд үеэс буурч, сүүлийн долоо хоногийн хувьд улаанбурхны халдварын сэжигтэй тохиолдол бүртгээгүй байна. Гэсэн хэдий ч дэгдэлтэд тавих хяналт, танадалтаа сулруулахгүйгээр мэдээ мэдээллийг өдөр бүр авч байгаа. 18-30 насныхныг өнгөрсөн тавдугаар сард вакцинжуулахад 88.1 хувь нь хамрагдсан. Вакцинжуулалтын хамрагдалтыг 100 хувь болгохын төлөө үргэлжлүүлэн ажиллаж байна. Мөн хоёр хүртэлх насны хүүхдийн товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулах, эмнэлгийн ажилтнуудыг улаанбурхны эсрэг вакцинжуулалтад хамруулах зөвлөмжийг өгч байна.

 

-Улаанбурхнаар хэчнээн хүүхэд эндсэн талаарх хамгийн сүүлийн мэдээлэл гарсан байх?

 

-Уг өвчнөөр 29 мянга гаруй хүн өвчилсний 0.3 хувь нь эндсэн. Эмнэлгийн тусламж муугаас болж эндсэн зүйл байхгүй. Ихэвчлэн хавсарсан эмгэгтэй, эмнэлгийн тусламж оройтож авсан бага насны хүүхдүүд эндсэн.

 

-Улс орон бүрт өвчнийг эрт илрүүлэх тандалтын тогтолцоо гэж бий. Манай улсын хувьд халдварт өвчнийг хэр эрт илрүүлдэг вэ?

 

-Манай улсын томуу, томуу төст өвчнийг тандах явц дэлхий дахинд хамгийн загвар, туршлага болохуйц маш сайн хэрэгжиж буй бэхэжсэн тандалтын тогтолцоо гэж мэргэжилтнүүд үздэг. Мөн манай улсад тохиолдол, үйл явдалд суурилсан болон харуулдан тандалтын тогтолцоо хэрэгждэг. Аймаг, сум, дүүргийн эмнэлгүүдээс бүх өвчний мэдээллийг нарийвчлан авч, танддаг манайх шиг тогтолцоотой улс орон ховор. Томуу, томуу төст өвчний мэдээг авахаас гадна тусгайлан заавар журмын дагуу эрүүл болоод томуутай хүнээс сорьц авч, лабораторийн шинжилгээгээр баталгаажуулдаг. Манай лабораторид одоогоор томуугийн вирус илрээгүй ч, томуу төст өвчнийх илэрч байгаа.

 

-Хүйтний улирал эхэлж буйтай холбогдуулан иргэдэд юуг анхааруулах вэ?

 

-Ерөнхийдөө жил бүрийн аравдугаар сараас дараа оны зургаадугаар сар хүртэл томуу буюу амьсгалын замын халдварт өвчин эрчимждэг. Уг өвчнөөс сэргийлэх зөвлөмжийг эрүүл мэндийн салбарын бүх байгууллага иргэдэд сэрэмжлүүлэг хүргүүлдэг. Өвлийн саруудад ханиад томуу ихэсч, эмнэлгүүд орны хүрэлцээгүй болдог. Одоогоор албан байгууллага, айл өрхийн халаалт ирээгүй, уур амьсгал сэрүүсч байна. Тиймээс асран хамгаалагчид, эцэг, эхчүүд хүүхдээ тухайн тасалгааны хэмд тохируулж хувцаслах хэрэгтэй. Сайтар унтуулж амраах, шим тэжээл, чанартай хоол хүнс өгөх нь томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх үндсэн арга юм. Тиймээс хүүхдийнхээ дархлааг дэмжих хэрэгтэй.

 

Ц.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)