Г.Сурахбаяр: Баялгаа олборлохоос илүү нэмүү өртөг шингээх хөгжлийн бодлого чухал

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид,шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц,боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа Монголын Чухал ашигт малтмалын ассоциацийн Удирдах зөвлөлийн гишүүн Г.Сурахбаярыг урьж ярилцлаа.

 

-Монгол Улс эрдэс баялгийн арвин нөөцтэй ч энэ баялгийг урт хугацааны хөгжлийн бодлоготой хэрхэн уялдуулах, геологи хайгуулаас эхлээд олборлолт, баяжуулалт, гүн боловсруулалт хүртэлх бүх үе шатыг цогцоор нь хөгжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг иргэдэд хүртээх асуудал өнөөдөр ч чухлаар тавигдсаар байна.

 

Уул уурхайн салбарын хөгжил нь зөвхөн шинэ орд ашиглах, экспортын орлого нэмэгдүүлэх тухай асуудал биш. Харин улс орны эдийн засгийн бүтцийг бэхжүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, байгаль орчны хамгаалал болон иргэдийн эрх ашгийг хангах өргөн хүрээний зорилт юм.

 

Тиймээс уул уурхайн салбарын цаашдын хөгжлийг тус тусдаа хэрэгжүүлэх төслүүдийн хүрээнд бус, урт хугацааны нэгдсэн бодлогын хүрээнд авч үзэх шаардлагатай юм. Монгол Улс геологи хайгуулын ажлаас эхлээд гүн боловсруулалт, өндөр технологийн түүхий эдийн үйлдвэрлэл хүртэлх үнэ, цэн бүхий сүлжээг уялдуулж, хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчин, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, олон нийтийн итгэлцлийг нэгэн зэрэг анхаарах хэрэгтэй.

 

Геологи хайгуулаас гүн боловсруулалт хүртэлх хөгжлийг цогцоор нь төлөвлөх нь

 

-Монгол Улс сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд уул уурхайн бүтээгдэхүүн боловсруулах, баяжуулах үйлдвэр байгуулах, геологи хайгуулын ажлыг хөгжүүлэх чиглэлээр тодорхой ахиц гаргасан. Гэхдээ цаашдын хөгжлийг зөвхөн тус тусдаа хэрэгжүүлж буй төслүүдээр хэмжих нь хангалтгүй.

 

Салбарын бүх үе шатыг хооронд нь уялдуулсан урт хугацааны бодлого шаардлагатай байна. Геологи хайгуулын ажлаар ордын нөөц, боломжийг тогтооно. Үүний дараа олборлолт, баяжуулалт, боловсруулалт, цаашлаад өндөр технологийн үйлдвэрлэл хөгжих учиртай.

 

Эдгээр үе шатны аль нэгийг орхигдуулах, эсвэл бусдаас нь тасалж хөгжүүлэх нь салбарын нийт үр өгөөжийг хязгаарлах эрсдэлтэй. Тиймээс Монгол Улс эрдэс баялгийн салбараа ирээдүйд ямар түвшинд хүргэхээ тодорхойлж, урт хугацааны зорилгоо үе шаттай төлөвлөх хэрэгтэй. Тухайлбал, 2045 он гэхэд гүн боловсруулалт болон өндөр технологийн түүхий эдийн үйлдвэрлэлд ямар түвшинд хүрэх вэ, үүнд хүрэхийн тулд өнөөдрөөс ямар үйлдвэр, дэд бүтэц, технологи, хүний нөөцийн бодлого хэрэгжүүлэх вэ гэдгийг тодорхой болгох шаардлагатай.

 

Нэг, хоёр том төсөл хэрэгжүүлэх нь мэдээж чухал. Гэвч тэдгээрийг улсын хөгжлийн ерөнхий зорилготой уялдуулахгүй бол төслийн хүрээнд бий болсон үр өгөөжийг эдийн засгийн бусад салбарт түгээх, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих боломж хязгаарлагдаж болзошгүй.

 

Дэлхий дахинд эрчим хүчний шилжилт, өндөр технологийн үйлдвэрлэлтэй холбоотой түүхий эдийн эрэлт, стратегийн ач холбогдол нэмэгдэж байна. Энэ өөрчлөлт Монгол Улсад шинэ боломж нээж байгаа ч боломжийг бодит үр өгөөж болгохын тулд олон улсын зах зээлийн чиг хандлага, технологийн өөрчлөлт, нийлүүлэлтийн сүлжээний нөхцөл байдлыг харгалзсан бодлого хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Монгол Улс зөвхөн ямар ордыг ашиглах вэ гэдгээс гадна ямар төрлийн түүхий эдийг дотооддоо боловсруулах, ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ямар зах зээлд нийлүүлэх, үүнд шаардлагатай дэд бүтэц, хөрөнгө оруулалтыг хэрхэн бүрдүүлэхээ цогцоор нь шийдэх шаардлагатай.

 

Чухал ашигт малтмал гэдэг нь зөвхөн эрдсийн жагсаалт биш

 

сонин mn

-Чухал ашигт малтмалын тухай ойлголт олон нийтийн дунд харилцан адилгүй байдаг. Зарим хүн батарей үйлдвэрлэхэд ашигладаг эрдэс, газрын ховор элемент, цацраг идэвхт ашигт малтмалыг л чухал ашигт малтмал гэж ойлгодог. Гэвч энэ ойлголтыг тодорхой төрлийн эрдсээр хязгаарлаж болохгүй.

 

“Critical Minerals” буюу чухал ашигт малтмал гэдэг нь тухайн улс өөрийн хөгжлийн зорилго, эдийн засгийн хэрэгцээ, стратегийн шаардлагад тулгуурлан ямар эрдэс баялгийг тэргүүлэх чиглэлээр хөгжүүлэх вэ гэдэгтэй холбоотой ойлголт юм.

 

Иймээс чухал ашигт малтмалын тухай ярихдаа зарим эрдсийг чухал, бусдыг нь ач холбогдолгүй гэж ангилах тухай ойлголт төрүүлэхээс зайлсхийх хэрэгтэй. Харин тухайн улсын эдийн засаг, үйлдвэрлэл, эрчим хүчний хэрэгцээ, хөгжлийн зорилгод ямар эрдэс баялаг чухал үүрэгтэй вэ гэдгийг тодорхойлох тухай асуудал юм.Тухайлбал, Монгол Улсын хувьд нүүрс эдийн засгийн томоохон ач холбогдолтой. Харин Европын холбооны хувьд чухал ашигт малтмалын жагсаалт нь бүс нутгийнхаа үйлдвэрлэл, эрчим хүч, технологийн салбарын хэрэгцээтэй уялддаг. Улс орнуудын хөгжлийн зорилго, эдийн засгийн бүтэц ялгаатай учраас чухал гэж үзэх ашигт малтмалын жагсаалт ч өөр байж болно.

 

Монгол Улсад 2021 оноос “Critical Minerals” нэр томьёог хэрхэн орчуулах, бодлогодоо яаж тусгах талаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулгын төсөлд “чухал ашигт малтмал” гэсэн нэр томьёог ашиглах санал дэвшүүлсэн. Энэ асуудал сүүлийн жилүүдэд үргэлжлэн яригдаж, салбарынхны дунд ойлголт харьцангуй тодорхой болж байна. Гэхдээ нэр томьёог тодорхойлох нь ажлын эхлэл төдий. Үүний цаана Монгол Улс ямар эрдэс баялгийг нэн тэргүүнд хөгжүүлэх, алийг нь дунд болон урт хугацаанд боловсруулах, ямар хөрөнгө оруулалт татах, дотоодын үйлдвэрлэлийн ямар боломжийг ашиглах вэ гэсэн бодлогын томоохон асуудал бий.

 

Монголын онцлогт тулгуурласан бодлого шаардлагатай

 

-Чухал ашигт малтмалын жагсаалтыг гаргахдаа олон улсын жишгийг шууд хуулбарлах бус, Монгол Улсын онцлог, хэрэгцээ шаардлагыг харгалзах нь зүйтэй. Үүний тулд хэд хэдэн шалгуурыг хамтад нь авч үзэх шаардлагатай. Нэгдүгээрт, тухайн эрдсийн геологийн нөөц, цаашид ашиглах боломж ямар байна вэ, хоёрдугаарт, Монгол Улсын нийгэм, эдийн засагт ямар хувь нэмэр оруулж чадах вэ, гуравдугаарт, бүс нутгийн хэмжээнд ямар ач холбогдолтой вэ, дөрөвт, олон улсын хамтын ажиллагаа болон нийлүүлэлтийн сүлжээнд ямар байр суурь эзлэх боломжтой вэ. Эдгээр шалгуурт үндэслэн ямар эрдэс баялгийг нэн тэргүүнд хөгжүүлэх, аль чиглэлд хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх, ямар төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээ тодорхойлох хэрэгтэй.Тухайлбал, нүүрсийг чухал ашигт малтмалын жагсаалтад оруулах эсэх нь бусад улсын жишгийг дагаж шийдэх асуудал биш.

 

Монгол Улсын эдийн засаг, үйлдвэрлэлийн бүтэц, хөгжлийн зорилго, нүүрсний нөөцийг нэмүү өртөг шингээн ашиглах боломжтой уялдуулан авч үзэх шаардлагатай. Энэ утгаараа чухал ашигт малтмалын бодлого нь зөвхөн эрдсийн нэрсийг жагсаах ажил биш юм.

 

Харин улс орон өөрийн баялгийг ямар чиглэлээр хөгжүүлж, ирээдүйн эдийн засагтаа ямар үүрэг гүйцэтгүүлэх вэ гэдгээ тодорхойлох стратегийн шийдвэр юм. Төрийн бодлого тодорхой, хууль эрх зүйн орчин ойлгомжтой, тогтвортой байх нь энэ үйл явцад чухал нөлөөтэй. Аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалтын шийдвэрээ богино хугацааны нөхцөл байдалд бус, олон жилийн төлөвлөгөөнд үндэслэн гаргах шаардлагатай. Үүний тулд геологи хайгуул, олборлолт, боловсруулалттай холбоотой хууль тогтоомж, төрийн зохицуулалт хоорондоо уялдаатай байх ёстой.

 

Геологи хайгуулын хөрөнгө оруулалт бол ирээдүйн нөөцийн баталгаа

 

-Монгол Улсын өнөөгийн уул уурхайн хөгжлийн суурийг тавихад социализмын үед хийгдсэн геологи, хайгуулын ажлууд чухал үүрэг гүйцэтгэсэн. Өнөөдөр ашиглаж буй олон ордын нөөц, геологийн судалгааны үндэс нь өмнөх үеийн ажлын үр дүнтэй холбоотой. Энэ туршлагаас харахад геологи хайгуулын ажлыг тасралтгүй үргэлжлүүлэхгүй бол ирээдүйд ашиглах шинэ орд, нөөцийн эх үүсвэр хомсдох эрсдэлтэй. Одоогийн олборлолт, экспортын үзүүлэлтээр салбарын хөгжлийг хэмжихийн зэрэгцээ маргаашийн үйлдвэрлэлийг хангах нөөцийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг асуудлыг анхаарах шаардлагатай. Геологи хайгуулын ажил нь ихэвчлэн урт хугацаа, ихээхэн хөрөнгө оруулалт шаарддаг.

 

Судалгааны үр дүнд шинэ орд илрэх эсэх нь тодорхойгүй тул хөрөнгө оруулагчдын хувьд эрсдэл өндөртэй. Ийм нөхцөлд төрөөс салбарын бодлогыг тогтвортой байлгах, хөрөнгө оруулалтын орчныг ойлгомжтой болгох, геологийн судалгааны суурь мэдээллийн хүртээмжийг сайжруулах зэрэг асуудлыг цогцоор нь авч үзэх хэрэгтэй.

 

Монгол Улс 2040–2050 он хүртэлх хөгжлийн зорилгоо тодорхойлохдоо геологи хайгуулын салбарыг хэрхэн дэмжихээ зайлшгүй төлөвлөх ёстой. Гэхдээ зөвхөн хайгуулд анхаараад олборлолт, баяжуулалт, боловсруулалтыг орхигдуулах, эсвэл эсрэгээрээ зөвхөн одоо ашиглаж болох ордуудад төвлөрөөд ирээдүйн нөөцийн асуудлыг мартах нь зохистой шийдэл биш. Монгол Улсын төрийн бодлого цаг үеийн хэрэгцээ, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгдөж ирсэн. Тухайлбал, 2017 оны үед геологи хайгуулын салбарыг нээж, хөрөнгө оруулалт татахад анхаарч байсан бол дараагийн жилүүдэд нөөц нь тогтоогдсон ордуудыг ашиглах, тодорхой төрлийн ашигт малтмалыг хөгжүүлэх чиглэлд бодлого түлхүү чиглэж ирсэн.

 

Харин өнөөдөр олборлолтоос гадна баяжуулалт, боловсруулалтыг хөгжүүлэх шаардлага нэмэгдэж байна. Гэвч боловсруулах үйлдвэр байгуулах шийдвэр гаргахын өмнө түүхий эдийн нөөц, нийлүүлэлтийн тогтвортой байдал, эрчим хүч, ус, төмөр зам болон бусад дэд бүтэц, хөрөнгө оруулалтын нөхцөлийг хамтад нь үнэлэх хэрэгтэй.

 

Үйлдвэр барих нь дангаараа хангалтгүй. Түүнийг олон жилийн турш тогтвортой ажиллуулах түүхий эд, зах зээл, технологи, санхүүжилтийн нөхцөл бүрдсэн байх шаардлагатай. Иймээс геологи хайгуулын хөрөнгө оруулалт нь өнөөдрийн төслүүдийг дэмжихэ­эс гадна ирээдүйн боловсруулах үйлд­вэрүүдийн түүхий эдийн эх үүсвэрийг баталгаажуулах ач холбогдолтой юм.

 

Нэмүү өртөг шингээхэд дэд бүтэц, хөрөнгө оруулалт шийдвэрлэх үүрэгтэй

 

-Монгол Улс эрдэс баялгийн салбараас хүртэх үр өгөөжөө нэмэгдүүлэхийн тулд түүхий эд олборлож экспортлохоос гадна дотооддоо баяжуулах, боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг судлах шаардлагатай.Гэхдээ гүн боловсруулалтыг хөгжүүлэх зорилго дэвшүүлэхээс гадна түүнийг бодитоор хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй.

 

Зарим төслийн хувьд эрчим хүч, төмөр зам, усан хангамж зэрэг дэд бүтцийг хувийн хэвшил дангаараа санхүүжүүлж, байгуулахад хүндрэлтэй байдаг. Тиймээс төр, хувийн хэвшлийн оролцоог ямар зарчмаар зохицуулах вэ гэдгийг бодлогоор тодорхойлох шаардлагатай.

 

 

Төр ямар дэд бүтцэд оролцох, хувийн хэвшил ямар үүрэг хүлээх, хөрөнгө оруулалтын зардал болон эрсдэлийг хэрхэн хуваарилах вэ гэдэг нь төслийн хэрэгжилтэд шууд нөлөөлнө. Энэ асуудлыг төсөл бүрийн хүрээнд тус тусад нь шийдэхийн зэрэгцээ улсын хөгжлийн ерөнхий бодлоготой уялдуулах нь чухал.Төрийн бодлого, хөгжлийн чиглэл тодорхой болбол дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид урт хугацааны шийдвэр гаргахад илүү таатай нөхцөл бүрдэнэ. Хөрөнгө оруулагчид Монгол Улс ямар чиглэлээр хөгжих гэж байгааг, ямар төслүүдийг тэргүүлэх ач холбогдолтой гэж үзэж байгааг, төрийн дэмжлэг болон зохицуулалт ямар байхыг ойлгох шаардлагатай.

 

Геологи хайгуулыг дэмжихийн зэрэгцээ нөөц нь тогтоогдсон ордуудыг хэрхэн ашиглах, ямар түүхий эдийг дотооддоо боловсруулах, аль чиглэлд гүн боловсруулалт хөгжүүлэхээ тодорхой болгож чадвал олон улсын хамтын ажиллагааны боломж ч нэмэгдэнэ.

 

Гэхдээ гүн боловсруулалт гэдэг нь үйлдвэр барих төдий асуудал биш. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний зах зээл, өрсөлдөх чадвар, технологийн сонголт, мэргэжилтэй ажиллах хүч, санхүүжилтийн өртөг зэрэг олон хүчин зүйлээс үр дүн нь хамаарна. Тиймээс үйлдвэрлэлийн үнэ цэн бухий сүлжээний үе шат бүрийг судалж, эдийн засгийн хувьд үр ашигтай чиглэлийг тодорхойлох нь чухал юм.

 

Ил тод байдалгүйгээр олон нийтийн итгэлийг бий болгох боломжгүй

 

-Уул уурхайн салбарын хөгжилд эдийн засгийн тооцоо, хөрөнгө оруулалт, технологи чухал боловч олон нийтийн ойлголт, итгэлцэл мөн адил нөлөөтэй.Төрийн бодлого тодорхой бус, мэдээлэл хангалтгүй, шийдвэр гаргах үйл явц ойлгомжгүй байвал иргэд тухайн төсөл, хэлэлцээрийн талаар бүрэн мэдээлэл авахад хүндрэлтэй. Үүний улмаас олон нийтийн дунд янз бүрийн байр суурь, тайлбар, хардлага үүсэх эрсдэлтэй. Ийм нөхцөлд төслийн эдийн засгийн үр өгөөжийг тайлбарлахаас гадна нийгэмд үзүүлэх нөлөө, байгаль орчны асуудал, иргэдийн эрх ашиг, төрийн хүлээх үүрэг, хөрөнгө оруулагчийн хариуцлагыг нээлттэй хэлэлцэх шаардлагатай.

 

Уул уурхайн төсөл нь зөвхөн тухайн компанийн үйл ажиллагаа биш. Түүнийг хэрэгжүүлэх шийдвэр нь орон нутгийн иргэдийн амьдрал, байгаль орчин, улсын төсвийн орлого, дэд бүтцийн хөгжилд нөлөөлдөг.

 

Тиймээс шийдвэрийн үндэслэл, хүлээгдэж буй үр өгөөж, эрсдэл, хяналтын тогтолцооны талаар иргэдэд ойлгомжтой мэдээлэл өгөх хэрэгтэй.Төр, хувийн хэвшил, судалгааны байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд харилцан мэдээлэл солилцож, салбарын тулгамдсан асуудлыг олон талаас нь хэлэлцэх нь чухал. Ингэснээр бодлогын шийдвэрийг илүү бодит мэдээлэлд тулгуурлан гаргах, төслүүдийн талаар үүсэж болзошгүй үл ойлголцлыг багасгах боломжтой. Ил тод байдал гэдэг нь зөвхөн мэдээлэл нийтлэхийг хэлэхгүй. Харин шийдвэрийг ямар үндэслэлээр гаргасан, ямар үр дүн хүлээж байгаа, хэн ямар үүрэг хариуцлага хүлээж байгаа, бодит үр дүнг хэрхэн хянаж үнэлэх вэ гэдгийг ойлгомжтой болгохыг хэлнэ. Монгол Улсад эрдэс баялгийн нөөц, түүнийг хөгжүүлэх боломж бий. Гэхдээ боломжийг бодит үр өгөөж болгоход төрийн бодлогын тогтвортой байдал, мэдээллийн нээлттэй байдал, иргэдийн итгэлцэл чухал нөхцөл болно.

 

Баялгийн үр өгөөжийг ард иргэдэд тэгш хүртээх нь хөгжлийн гол зорилго

 

-Уул уурхайн салбар улсын төсвийн орлого бүрдүүлэх, сургууль, эмнэлэг болон нийгмийн бусад үйлчилгээний санхүүжилтийг дэмжихэд чухал үүрэгтэй. Гэхдээ олборлолт, экспортын хэмжээ нэмэгдэх нь өөрөө иргэдийн амьдрал сайжирсны баталгаа биш.

 

Баялгийн үр өгөөжийг хэрхэн хүртээмжтэй хуваарилах, байгаль орчинд үзүүлэх нөлөөг хэрхэн зохицуулах, төрийн орлого, зарцуулалтын ил тод байдлыг яаж хангах вэ гэдэг асуудлыг хамтад нь шийдвэрлэх шаардлагатай.

 

Байгалийн баялгийг зөвхөн төрийн өмч гэсэн явцуу ойлголтоор авч үзэхээс илүүтэй, ард түмний эрх ашигт нийцүүлэн хэрхэн удирдах, үр өгөөжийг нь хэрхэн хүртээх, ирээдүй хойч үедээ ямар боломж үлдээх вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Үүний зэрэгцээ ашиглалтын зөвшөөрөл, байгаль орчны үнэлгээ, хяналт шалгалттай холбоотой хууль, журмын бодит хэрэгжилтийг тогтмол үнэлэх шаардлагатай. Хууль, журам батлах нь хангалтгүй. Тэдгээр нь хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, иргэдэд ил тод, байгаль орчны хамгаалалтыг бодитоор хангадаг байх ёстой. Ил тод байдал, авлигын асуудлыг байнга ярьдаг ч бодит хэрэгжилт ямар байгааг тогтмол үнэлж, хариуцлагын тогтолцоог сайжруулах нь чухал. Хууль эрх зүйн орчин, төрийн зохицуулалт, хяналт, хариуцлагын тогтолцоог үе шаттай сайжруулж чадвал уул уурхай төдийгүй эдийн засгийн бусад салбарын хөгжилд ч эерэг нөлөө үзүүлнэ. Эцсийн дүндээ Монгол Улсын өмнө тулгарч буй зорилт нь зөвхөн илүү их баялаг олборлох бус, байгалийн баялгаа урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан ашиглах явдал юм.

 

Геологи хайгуулын ажлыг тасралтгүй үргэлжлүүлж, олборлолт, баяжуулалт, боловсруулалтыг хөгжүүлэн, өндөр технологийн үйлдвэрлэлд хүрэх боломжийг судлахын зэрэгцээ хөрөнгө оруулалт, дэд бүтэц, хууль эрх зүйн орчныг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай.

 

Үүний зэрэгцээ төрийн бодлого, шийдвэр гаргах үйл явцын ил тод байдлыг хангаж, иргэдийн итгэлцлийг нэмэгдүүлж, байгалийн баялгийн үр өгөөжийг шударга, хариуцлагатай хүртээх тогтолцоог бүрдүүлэх нь чухал. Монгол Улсын эрдэс баялгийн салбарын ирээдүйг ганц нэг орд, төсөл, үйлдвэрийн амжилтаар бус, геологи хайгуулаас эхлээд гүн боловсруулалт, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, иргэдэд хүрэх бодит үр өгөөж хүртэлх бүх үе шатыг хэрхэн уялдуулж чадсанаар хэмжих учиртай.

 

 

Ц.МЯГМАРБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)