Нөмрөгийг түймэрдсэн МОБИКОМ-д гэмших сэтгэл огт төрсөнгүй

Халх Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт автлаа. Хуйхалсан хонины толгой шиг л түжийсэн хар юм үлдэж. Газар дээр нь очсон манай сонины сурвалжлагч нэрт нийтлэлч Б.Ганчимэгийн мэдээлснийг эргэн сануулъя. /2026-10-19, №194/

“80 хувь нь шатчихаад байгаа Нөмрөгийн дархан цаазат газар бол Монгол орны өөр хаана ч байхгүй Манжуурын ургамлын элементийг агуулсан цорын ганц унаган нутаг юм байна. Монгол Улсад нэн ховордсон, зөвхөн энэ бүс нутагт голлон тархсан ус сурийн хандгай болон цэнгэг усны эко системийн амин чухал үзүүлэлт болох голын халиу зэрэг амьтдын амьдрах үндсэн орчин нь аж. Яг энэ бүс нутагт 57 зүйлийн хөхтөн амьтан бүртэгдсэнээс 15 нь бүс нутгийн болон бүс нутгийн болон олон улсын хэмжээнд ховордлын статустай гэдгийг иргэд тэр бүр мэддэггүй. Энэ дагшин омголон газар чинь шувуудын диваажин юм байна. Нийт 263 зүйлийн шувуу бүртгэгдсэнээс 181 зүйл нь энд өндөглөн зусдаг гээд бод. Алтан гургуул, тоодог, идлэг шонхор, хар өрөвтас болон зургаан зүйлийн тогоруу зэрэг ховор шувууд энд л байдаг ажээ. Элэг эмтрэн, энэлэн хайлан зогсож байхад “Энэ чинь миний эх орон шүү дээ” гэж эрхгүй өөртөө хүн хэлдэг юм байна” гэж халаглан бичсэн.

Тэгвэл энэ их гамшиг сүйрлийн эзэн болсон Мобиком юу гэж мэдэгдсэнийг эргэн сануулъя.“....Одоо байгаа сүлжээний ажиллагааг шалгаж сайжруулах, цаашид харилцаа холбооны сүлжээ нэвтрүүлэх боломжийг судлах, газар орны нөхцөл байдалтай танилцах үеэр тээврийн хэрэгсэлд гал гарч тухайн бус нутагт хээрийн түймэр дэгдсэн харамсалтай үйл явдал болсон...” гэв. Тэгээд цааш нь “Хийлийн цэргийн байгууллагаас зохих журмын дагуу албан ёсны зөвшөөрөл авч тухайн бус нутагт нэвтэрсэн болно”гэсэн. Мөн бусад дарга нар хамт зорчоогүйг албан ёсоор мэдэгдэж байна гэх нь гайхаш төрүүлсэн. Тэдэнд ямар нэгэн дарга даамалтай хамт явсан эсэх нь л сонин болохоос тэр дархан цаазат газар шатсан нь огт хамаагүй мэт аашилж байна. Мөн “хээрийн түймэр” гарсан гэжээ. Хээрийн түймрээс огт өөр бидний хэдэн монголын аминдаа дархалсан газар түймэр гараад юу ч үлдэлгүй шатчихаад байна, хөөе. Тэдний хэнтэй юутай явсан нь хэнд хамаатай юм бэ. Дархан цаазат газраа шатаачихаад хэлэх үггүй болчихоод сууж байхад та нарын харамслаар ч яах юм билээ. Тэгвэл ийм дархан газраа түймэрт алдахыг дэлхий нийтэд юу гэж үздэг юм бол. Тэр талаар газар дээр нь очоод ирсэн манай сэтгүүлч ийн хэлжээ.

“Ер нь бол ийм хэргийг “экоцид” буюу байгаль орчныг сүйтгэх гэмт хэрэг гэж үздэг. Халх–Нөмрөгийн түймрийн хувьд экоцид гэж нэрлэхээсээ өмнө бодит хохирол, үйлдлийн шинж, гэм буруу, холбогдох хуулийн шалгуурыг одоо бид нэн даруй тогтоох шаардлагатай. Хэрэв энэ хэргийг байгаль орчны хариуцлагын жишиг болгохыг зорьж байгаа бол зөвхөн “Хэний машин шатсан бэ” гэдгээр зогсож болохгүй. Халх-Нөмрөгийн энэ хэрэг дээр дэлхийн жишгээр авч үзэхэд байгаль орчинд учирсан ноцтой хохирлыг зөвхөн торгууль ногдуулаад өнгөрөх бус, галын шалтгааныг тогтоох, гэм буруутай этгээдэд хуульд нийцсэн хариуцлага хүлээлгэх, экологийн хохирлыг нөхөн төлүүлэх, байгалийг сэргээх асуудлыг цогцоор нь шийдэх ёстой юм. Жишээлбэл, АНУ-д санаатай гал тавьсан тохиолдолд хорих ял болон нөхөн төлбөр ногдуулсан жишээ олон байна. Харин санамсаргүй эхэлсэн ч хайхрамжгүй ажиллагаатай холбоотой томоохон түймрийн хохирлыг компаниудаас гаргуулсан жишээ ч бий. Испанид гэхэд тусгай хамгаалалттай газар хүний буруутай үйл ажиллагаанаас болж гамшигт өртсөн тохиолдлыг ойн түймрийн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл гэж үздэг байх жишээтэй” гэсэн байна.

Тэгвэл экоцид гэдэг нь байгаль орчинд өргөн хүрээтэй, ноцтой, эсвэл урт хугацааны хохирол учруулах үйлдэл юм. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний үйл ажиллагаанаас болж экосистем, амьтан, ургамал, хөрс, ус, агаар их хэмжээгээр сүйдэхийг хэлнэ. Экоцидод хамаарч болох жишээнүүд:

Ой, хээрийн түймэр: Зориудаар гал тавих, эсвэл галын аюулыг үл тоомсорлосноос асар том газар нутаг, амьдрах орчин сүйдэх.

Уул уурхайн сүйтгэл: Хөрс, усны нөөцийг их хэмжээгээр бохирдуулж, экосистемийг ноцтой доройтуулах.

Химийн бохирдол: Хорт бодисыг гол мөрөн, нуур, хөрсөнд их хэмжээгээр алдах.

Ойн их хэмжээний сүйтгэл: Амьтан, ургамлын амьдрах орчныг өргөн хүрээнд устгах.

Далайн болон усны экосистемийн сүйтгэл: Бохирдол, сүйтгэх үйл ажиллагаанаас шалтгаалан амьд организм, экосистемд ноцтой хохирол учруулах гэж заасан байна.Экоцидыг олон улсын хэмжээнд гэмт хэрэг болгох тухай асуудал яригддаг. Гэхдээ 2026 оны байдлаар экоцид нь Олон улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд бие даасан тав дахь гэмт хэрэг болж албан ёсоор нэмэгдээгүй байдаг аж.

Халх,Нөмрөгийн түймэр бол “Галын аюулыг үл тоомсорлосноос асар том газар нутаг,амьдрах орчин сүйдэх” гэдгээр экоцидод хамаарах нь гарцаагүй. Хохирлыг яах талаар нэрт нийтлэлч Б.Ганчимэг дараах санааг дэвшүүлжээ. “Халх–Нөмрөгийн түймрийн хувьд одоогоор хамгийн зөв алхам бол галын шалтгаан, хохирлын үнэлгээ, мөрдөн шалгах ажиллагааны үр дүнг баримтаар тогтоолгох юм. Үүний дараа л ямар хариуцлага хүлээлгэх, нөхөн төлбөрийг хэрхэн тооцох, байгаль сэргээх үүргийг хэнд ногдуулах талаар үндэслэлтэй дүгнэлт хийх боломжтой шүү дээ.Бид зүгээр нэг хэсэг газар шатсан тухай асуудал юм шиг энэ хэрэгт хандах ёсгүй. Монгол орны байгалийн унаган төрхөө хадгалж үлдсэн, эрдэнийн шигтгээ шиг цөөхөн газруудын маань нэг, дэлхийд ховор амьтдын амьдрах орчин, зөвхөн энэ нутагт л ургадаг ховор нандин ургамлын ханат өлгий маань галд өртлөө. Тиймээс түймрийн хамрах хүрээ, Монгол Улсад учирсан хохирлын бодит хэмжээг албан ёсны судалгаа хийж, мэргэжлийн байгууллагуудын үнэлгээгээр тогтоох ёстойг иргэд байнга сануулах ёстой. Бид зөвхөн ой, хээрийн бүсийнхээ хэсэгхэнийг алдаж байгаа юм биш. Байгалийн олон мянган жилийн хувьслын явцад бүрэлдсэн амьд ертөнцийн нэгээхэн хэсгийг алдах эрсдэлтэй нүүр тулж байна гэсэн мэргэжлийн судлаачийн үгээр өндөрлөе” гэсэн байна.

Галын шалтгаан бол мэдээж Мобиком компани юм. Тэд бүрэн бүтэн машинтай ганц инженер яваад л болох байсан ажлыг таван машин, 14 хүнтэй явж байж ийм явдал боллоо. Бүрэн бус техниктэй явсан нь тэр компанийн буруу. Бас онгон байгаль гэж юу байдгийг мэддэггүй, тэгсэн мөртлөө яндангаар нь оч хаядаг машинтай явна гэдэг бол мөн бөх зүрх ээ. Монголчууд бол тэр их өвсийг тэгээд хуурай, халуун байгааг хараад шууд л буцна. Захын нас биед хүрсэн хүн “Түймэр гарна” гээд зүрхшээнэ. Харин тэд бол “Байдаг л явдал” гээд огт тоосон шинжгүй байцгааж байна. Ер нь бол энэ компани их зантай, хэрэглэгч нараа хүн гэж үздэггүй. Юу хийж, ямар юм болж байдгийг нь мэддэг ч хүнгүй, биеэ даасан вант улс шиг л байцгаадаг. “Мобикомын вант улс”-ыг хөл дээр нь босгоход Монголын ард түмэн төдийгөөс өдий хүртэл эцсийн ганц зоосоо ч харамлалгүй өгч байж тус болсон. Холбоо харилцаа ч монгол хүний гол хэрэглээ юм. Тэрийг нь энэ компани атгадаг. Гэхдээ л Нөмрөгийг түймэрдчихээд юу ч болоогүй мэт, огт гэмшсэн шинжгүй байцгаах Мобикомыг хараад гомдол төрөөд байх юм даа.

Д.Нацаг

ӨДРИЙН СОНИН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)