Элэгний С вирусийн эсрэг харвони эмийн үнийг бууруулжээ
- 2016-09-23
- Эрүүл мэнд
- 0

АНУ-ын “Гилеад Сайнс” компанийн Ази, Номхон далайн бүс хариуцсан захирал Бен Камарк өчигдөр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгтэй уулзаж, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих зорилгоор харвони эмийн үнийг бууруулах талаар харилцан ярилцлаа. Уулзалтын дүнд нэг сарын хэрэглээ нь 400 ам.доллар байсан харвони эмийг 300 ам.доллар байхаар шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл, гурван сарын курс эмчилгээ 900 ам.доллар болж байгаа юм. Харвони эмийн үнэ ингэж буурснаар эмийн хүртээмж нэмэгдэхээс гадна Энэтхэг улсад үйлдвэрлэсэн ерөнхий нэршлийн эмүүдийн үнэ буурах ажээ. Харвони эмийг манай улсад 2015 оны арванхоёрдугаар сараас эмчилгээнд хэрэглэж эхэлсэн. Одоогийн байдлаар 5000 гаруй хүн эмчилгээнд хамрагдаад байна. Эмч нарын хяналт судалгааны урьдчилсан тайлангаар эмчилгээний үр дүн 99 хувь байгаа ба нийт эмчилгээнд хамрагдсан өвчтөнүүдийн 10 хувьд толгой өвдөх, ядрах шинж илэрсэн нь уг эмийн олон улсын судалгааны үр дүнтэй нийцэж байгаа ажээ.

Сэтгэгдэл (0)