Х.Булгантуяа: Төрийн өмчит компаниудын 70 хувь нь алдагдалтай ажилладаг
- 2016-10-06
- Улс төр
- 0

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэнтэй холбогдуулан Сангийн дэд сайд Х.Булгантуяагаас зарим зүйлийг тодрууллаа.
-1.5 тэрбумаас ихгүй орлоготой аж ахуйн нэгжийн татварыг 90 хувь хөнгөлөх хуулийн төслийг УИХаар хэлэлцэх эсэхийг нь дэмжлээ. Уг хуулийг баталснаар ямар ач холбогдолтой вэ?
-Шинэ Засгийн газрын бодлого бол жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих. Үүнд бид үйлдвэрлэлийг нэлээн онцолж, жилийн 1.5 тэрбум төгрөгийн орлоготой хүнс, хөдөө аж ахуй, барилгын материалын үйлдвэрлэл, хувцас оёдол гэсэн дөрвөн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварт 90 хувийн хөнгөлөлт үзүүлнэ гэсэн хуулийн төсөл оруулсан. Хуулийг хэрэгжүүлснээр нийт 4800 орчим аж ахуйн нэгж хамрагдах бөгөөд татварт үзүүлж байгаа дарамт харьцангуй багасна. Мөн ажлын байр, үйлдвэрлэл нэмэгдэнэ. Гэхдээ үйлдвэрлэлийг нэмэхэд тухайн аж ахуйн нэгжээс хөрөнгө оруулалт их шаардана. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эдийн засаг хүнд байсан цаг үед ялангуяа анхны хөрөнгө оруулалт хийсэн үйлдвэрлэлийн салбарынханд бол татвар төлөлт хүнд байсан. Бизнес тэлэх нь бүү хэл хумигдсан. Хүмүүсийг ажлын байраар хангах нь битгий хэл халах алхам хийхээс өөр аргагүй болсон. Тиймээс төр засгийн зүгээс аж ахуйн нэгжүүдээ бодлогоор дэмжих үүднээс уг төслийг боловсруулсан.
-Сангийн дэд сайдын хувьд төсвийн алдагдлыг яаж нөхөх ёстой гэж үзэж байна вэ. Мэдээж бонд, зээл авахаас өөр дотоод эх үүсвэр байхгүй байна?
-Сангийн сайд ирэх оны төсвийг өргөн барьсны дараагаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн. Монгол Улсын 2017 оны төсвийн орлого 5.9 их наяд байхаар байна. Бид ирэх онд өрийн үйлчилгээний төлбөрт нийт 6.6 их наяд төгрөг төлөх нь. Тэгэхээр орлогоосоо давсан буюу нэг ч хүний цалин тавихгүй, нэг ч цэцэрлэгийн урсгал зардлыг санхүүжүүлэхгүй байхад Монгол Улсын төсөв хасах руу орох дүр зураг харагдаж байна. Гэхдээ бид хэдхэн сарын дотор яаж ч аж ахуйн нэгжүүдээ шахаад энэ их мөнгийг олж өр, зээлийг төлөх боломжгүй. Тэгэхээр богино хугацаанд нэн түрүүнд өрийг өрөөр дарахаас өөр аргагүй.
-Өрийг өрөөр дарна гэлээ. Өрийг хаанаас авах вэ. Бонд гаргах, зээл авах гээд олон гарц, гаргалгаанаас алийг нь сонгохоор байна вэ?
-Одоогоор нарийн шийдэгдээгүй байна. Мэдээж бонд босгоно, гадаадаас өр, зээл тавина гэдэг бол Засгийн газар, УИХ-аар оруулж шийдэх асуудал. Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч, Хөгжлийн банкнаас оролцсон баг Олон улсын валютын сантай Вашингтонд уулзалт хийж байна. Тухайлбал, хөрөнгө оруулагчид ямар салбарыг онцолж байна. Ер нь эдийн засгийн хямралаас гарах, даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийн талаар хөрөнгө оуулагчдын саналыг нь сонсч байна. Дотооддоо Засгийн газрын бонд гаргах, гадаадад тодорхой хэмжээний бонд гаргах, донор байгууллагуудтайгаа нэлээн ойр хамтарч ажиллах, зарим нэгэн салбарт донор байгууллагын зээл тусламжийг авах, дээрээс нь тодорхой хэмжээгээр өөрсдийнхөө төсвийн зарлагыг багасгах, орлого болон ажлын байрыг нэмэгдүүлэх, дээр нь таван том төслийг хөдөлгөх гээд магадгүй бүхий л хувилбарыг сонгохоос өөр аргагүй болж байх шиг байна. Тухайлбал, ирэх онд “Оюутойлгой” төслийн хоёрдугаар үе шатад 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орно гэж тооцоолж байгаа. Үүнийг дагаад ажлын байр, хөрөнгө оруулалт бусад салбарт шууд болон шууд бус байдлаар хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Тэгэхээр дээрх чиглэлээр төсвийн орлогыг нэмэгдүүлнэ гэж харж байгаа.
-Бондыг хэдэн хувийн хүүтэй босгоно гэж тооцож байгаа вэ?
-Аль банк, хөрөнгө оруулалтын компанитай хамтарч ажиллахаас шалтгаалж хүүг хөрөнгө оруулагчаасаа өөрөөр харж байгаа. Хамгийн сүүлд 2016 оны гуравдугаар сард босгосон бонд бараг 11 хувийн хүүтэй боссон. Энэ нь тухайн үед “Чингис” бондыг босгож байсан үеэс хоёр дахин их гэсэн үг. Тэгэхээр Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагчийн итгэх итгэл хоёр дахин унасан байна. Өнөөдөр бид ямар хүүтэй бонд босгож чадах вэ гэдэг нь эдийн засгийн хямралыг даван гарах арга замыг Засгийн газар боловсруулж чадсан эсэх, дээр нь улс төрийн хувьд зоримог тогтвортой байж чадах эсэхээс шалтгаална. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд мөнгөгүй байснаас болоогүй. Улс төр, засаглалын хувьд тогтворгүй, гол салбарын сайдууд нь дөрвөн жилийн хугацаан гурван удаа өөрчлөгдсөн, Засгийн газар нь ярьсан зүйлээ маргааш нь хэрэгжүүлж чадахгүй, томоохон төсөл хөтөлбөрүүдээ явуулж чадахгүй гацаасны үр дүнд ийм байдалтай байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2016 онд хүлээгдэж байгаа гүйцэтгэл 1.3 хувь байна. Үүнийг ирэх онд гурван хувьд хүргэж өсгөнө гэж байгаа. Олон улсын байгууллагууд үүнийг гурав хувьд хүрэхгүй гэж харж байх шиг байна. Учир нь, “Тавантолгой”, “Оюутолгой”, “Гацуурт”-ын төсөл, төмөр зам, тавантолгойн цахилгаан станц зэрэг том төслийг өмнөх дөрвөн жил шиг улстөржөөд явуулж чадахгүй байх вий дээ гэсэн айдас олон улсын байгууллагуудад байна. МАН-ын бүлгийн зүгээс ч тэр, УИХ, Засгийн газар ч тэр дээрх төслийг зайлшгүй хөдөлгөж байж эдийн засаг тодорхой хэмжээгээр тогтворжиж өснө гэж харж байгаа учир нэлээн зоримог алхмуудыг хийнэ гэж бодож байна.
-Ирэх оны төсөвт хүүхэд харах үйлчилгээг тусгаагүй байна. Яагаад тусгаагүй юм бол?
-2016 оны төсвийн тодотголд хүүхэд харах үйлчилгээний хуулийг хүчингүй болгож, түүнд суулгасан мөнгийг хасч тооцсон. Учир нь, энэ оны эхний хагас жилийн гүйцэтгэлийг харахад маш бага, хэрэгжилт муу байна. Хоёрдугаарт, хувийн цэцэрлэгүүдийн чанар, хүртээмжийн асуудлыг хангаж чадахгүй байхад хүүхэд харах үйлчилгээнд чанарын асуудлыг хангахад бүр хүнд байж магадгүй. Түүний оронд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх гэдэг бодлогыг барьж байна. Ирэх оны төсөвтэй холбогдуулан ялангуяа Улаанбаатарт цэцэрлэг сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар нэлээн томоохон бодлогыг оруулж байгаа.
-Ирэх оны төсвийн алдагдлыг бууруулахын тулд зардлаа их хэмжээгээр танах шаардлагатай болж байгаа. Ялангуяа төрийн өмчит компани, зарим агентлагийн тусгай зардлыг 10-100 хувиар танах санал байна лээ. Тэгэхээр үндсэндээ тэднийг татан буулгана гэсэн үг. Ямар ямар агентлагийг татан буулгаж, төрийн өмчит компаниудыг нэгтгэх вэ?
-Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит компаниудын 70 хувь нь алдагдалтай ажилладаг. Өөрөөр хэлбэл, улсаас байнга татаас авдаг, ашигтай ажиллах талаар ямар нэгэн алхам хийхгүй байна. Тухайлбал, улстөржсөн, хүмүүсийнхээ тоог үргэлж нэмж, гадаад, дотоодын томилолт их гэхмэтчилэн тансанлаж, том оффист сууж байна гэдэг шүүмжлэл олон нийтээс байнга ирдэг. Үүний дагуу нэлээн олон төрийн өмчит үйлдвэрийг аж ахуйн тооцоонд шилжүүлсэн байгаа. Дээр нь зарим төрийн өмчит компанийг хувьчилна. Тухайлбал, “Оргил” рашаан сувилал, Хөрөнгийн бирж, Төрийн банк зэргийг хувьчлах нь зүйтэй гэсэн санал оруулсан. Мөн ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит газруудыг ашигтай ажиллуулах үүрэг даалгаврыг өгөх, хэрэв ашигтай ажиллаж чадахгүй бол хувьчлах, менежментийг нь солих зэрэг тодорхой арга хэмжээ авах алхмуудыг зайлшгүй хийнэ. -
-Хувьчлалыг ямар замаар хийх вэ?
-Одоогоор шийдэгдээгүй байна. Өнгөрсөн хугацаанд тухайлбал, “Монгол шуудан” компанийн өмч хувьчлалыг Хөрөнгийн биржээр дамжуулж хийсэн. Монгол Улс нэгэнт л “Хөрөнгийн биржээ хөгжүүлье” гэж бодож байгаа бол өмч хувьчлалыг тодорхой хэмжээгээр энэ байгууллагаар дамжуулж явуулах нь зөв гэж хувь хүний үүднээсээ үзэж байна.
М.Энхцэцэг

Сэтгэгдэл (3)
zochin (49.0.160.169)
ediin zasag xund uls xund bgaa bolood toriin omchit kompani ashiggui bgaa shuu de. tegexees ali omchindoo bgaadaa gol n bish yer tgd yagad iim zaluu medleggui xun toriin tom suudald tawiad buruu yariad suulgaad bnoo? xarwaas ogt yum medexgui nom uzeegui xunii l tsarai bna xunii xelsen yarisan yumiig xeleed xeden too xeleed yax gej bgaagaa xeleed garch bn lee.
zochin (49.0.160.169)
toriin omchit kompani ashiggui bn gej yu bdagiin tord omch bx yostoi xorongiin birj xuwchilna toriin omchit kompani ahsiggui geed yu yariad bnoo, toriin omchi ashigtai bx ediin zasgiin orchin burdeegui bgaa tanana xasna geed bxaas oor yum chamd medex yum bn uu xuwchilna geed bxaas oor?? xorongiin birj xuwchilchixaar yaj shudraga orsoldoont xuwitsaa unet zaasnii xudaldaa xiix be neg xunii omch bolchixoor ysotoi nogoo lobbi chin gazar awax neg mesto beldej bgaa xereg bolj bn shuu de. chamd xuwchlana gexees oor medex yum bol algoo...medleggui baij yamar ondor suudal ruu guiwee xetsuu shuu de chadaxgui medexgui xetsuu xetsuu xoorxii chaawaas da.
bayasaa (202.131.225.147)
ТөÑийн банк лав өнгөÑÑөн жил 14 ÑÑÑбÑмÑн аÑигÑай ажиллаÑан. ÐÐ½Ñ Ð¶Ð¸Ð» Ñ Ð±Ð°Ñ Ð°ÑигÑай ажиллаж байгаа.