Малчид малаа эдийн засгийн эргэлтэд оруулах хүсэлтэй байна

 

 Сүүлийн 60 жил тохиогоогүй хэт их халалтаас болж орон нутгийн дийлэнх нь гантай, гандуу зуссан. Тиймээс 2017-2018 оны өвөл, хаврыг хохирол багатай, өнтэй давахын тулд аль аль талдаа бэлтгэлээ базааж эхэлсэн. Орон нутаг болон малчдын хувьд нэн түрүүнд тулгамдаж буй асуудал бол хадлан. Энэ зун бороо хур бага орсон тул өвсний гарц муутай байгааг малчид хэлж байна. Тиймээс орон нутгийнхан аюулгүйн нөөцөө, малчид хэрэглээнийхээ өвсийг зуун хувь бэлтгэх боломжгүй болж, энэ тухайгаа салбар яам болон Засгийн газарт танилцуулсан.

Жилийн дунджаас харахад малчид 1.2 сая тонн хадлан бэлтгэдэг байна. Энэ хэрэгцээт хадлангаа бэлтгэх бололцоо байхгүй үүний тодорхой хувийг Сүхбаатар, Дорнод аймгаас бусад аймаг руу шилжүүлэх, баруун аймгуудын хадлангийн нөөцийг ОХУ-аас татах зэрэг шаардлагатай арга хэмжээг салбар яамнаас авч эхэлжээ. Өвөлжилт хүндэрч болзошгүй гэдэг үүднээс малчид мал, мах бэлтгэж, эдийн засгийн эргэлтэд оруулах хүсэлтэй байгаа талаар орон нутгийн удирдлагууд ярьж байна. Манай улс жилд дунджаар 150.4 гаруй мянган тонн мах экспортлох боломжтой. Иран, Вьетнам, ОХУ, БНХАУ улс руу мах экспортолж байгаа бол одоогоор Саудын Араб мах импортлох албан ёсны санал тавьсан юм. Мөн тодорхой хөрөнгө улсын төсвөөс гаргаж, өвөлжилт хүндэрч болзошгүй аймгийн малчдаас мах худалдан авч, нөөц бэлтгэнэ гэдгийг албаныхан дуулгалаа. Түүнчлэн хадлан бэлтгэхэд хүндрэлтэй бүсийн малын махыг өвсөөр солих аж. Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ хэрхэн хангаж байгаа болон тулгамдаж буй асуудлын талаар зарим аймгийн Засаг дарга нарын байр суурийг сонслоо.

 

АРВАН МЯНГА ГАРУЙ ГА ТАЛБАЙГААС УРГАЦ АВАХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН

 

Булган аймгийн Засаг дарга З.Батзориг: -5-7 дугаар сар аагим халуун, хуурай салхитай, хур тунадас бага орсны улмаас нийт нутаг дэвсгэрийн 50 хувь нь гандуу, үлдсэн нь гантай байлаа. Өвөрхангай, Архангай, Хэнтий, Дундговь, Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Төв аймагт 500 гаруй малчид отор хийж байна. Сүүлийн үед ихэнх нутгаар хур тунадас орж, зуншлага өмнөхөөсөө сайжирсан. Аймгийн хэмжээнд байгалийн үзэгдлийн улмаас хаагдаж болзошгүй 29 зам, давааны судалгаа гаргаж, шаардлагатай тохиоллдолд ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлтгэл хангалаа. Цаг агаарын нөхцөл байдал, малчдын санал хүсэлтийн дагуу энэ жил 2.2 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай байгаа. 2017-2018 оны өвөл, хаварт зориулж аймгийн нөөцөд 300 тонн, сумдын нөөцөд 1700 тонн өвс бэлтгэх шаардлагатай. Хэрэгцээтэй нийт хадлангийн 50 мянган тонныг аймгийн нутаг дэвсгэрээс бэлтгэж, дутсаныг нь худалдан авахаар тооцож байна. Аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа газар тариалангийн компаниудаас аймаг, сумдын аюулгүйн нөөцөд 660 тонн тэжээл авахаар ярилцсан. Аймгийн газар тариалангийн салбарт 80 аж ахуйн нэгж, 700 гаруй өрхийн тариаланч 48 мянга гаруй га талбайд тариалалт хийсэн. Энэ зуны ган болон хүчтэй мөндөр орсны улмаас Рашаант, Баяннуур, Дашинчилэн, Могод, Орхон, Хишиг-Өндөр, Бугат, Хутаг-Өндөр сумын 10 мянга 150 га талбайгаас ургац авах боломжгүй болсон. Зарим аж ахуйн нэгжийн тариалалт хугацаа алдаж соёолсон тул 700 гаруй га талбайн ургацыг малын тэжээлд шилжүүлсэн.

 

ЭНЭ ЖИЛ ГАДНААС МАЛ ӨВӨЛЖҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ

 

Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог: -Сүүлийн 30-аад жил болоогүй ганатай зун байлаа. Хавар бага зэргийн бороо орсон учир ууландаа өвстэй бол баруун талын гурван сум цас ихтэй байсан учраас зуншлага харьцангуй сайн байлаа. Бид үүлэнд нөлөөлөх арга хэмжээг 18 удаа зохион байгуулсан боловч орсон тунадасны хэмжээ 200 гаруй мм. Хөрс халж, агаарын температур нэмэгдсэн тохиолдолд үүл буудаж бороо оруулсан ч хөрсөнд нөлөөлдөггүй юм билээ. Аймгийн хэмжээнд нөөцлөх хандлангаа Хар ус нуурийн сав газар, Ховд гол, Зэргийн хөндийгөөс авахаар төлөвлөсөн. Өмнө нь эндээс 100 хувь хадлангаа бэлтгэдэг байсан бол энэ жилийн ургацын байдлаас хамаарч 50 гаруй хувийн хадлан авна. Үлдсэн хадлан, тэжээлийг гаднаас авахаар төлөвлөсөн. Өнгөрсөн өвөл Баян-Өлгий аймгийн 60-аад мянган мал өвөлжсөн. Харин энэ жилийн хувьд гаднаас мал өвөлжүүлэх боломжгүй. Өвөл цас их орж магадгүй учраас арван тонн загасны тос нөөцлөх шаардлагатай байгаа.

 

ӨВС, ТЭЖЭЭЛИЙН НӨӨЦ БЭЛТГЭХ ХҮРЭЭНД ХӨРШ УЛС РУУ ХАНДСАН

 

Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан: -2016, 2017 онд Увс аймгийн хувьд хамгийн дулаан өвөл болсон гэж үздэг. Тухайн үед дөнгөж -45 хэм хүрч хүйтэрсэн. Гэсэн ч бид тодорхой хэмжээний хохирол амссан. Сүүлийн хэдэн жилд тохиогоогүй хүнд зун болж байна. Тиймээс ирэх өвлийг өнөтэй давахын тулд бэлтгэл ажлаа эртнээс базааж эхэлсэн. Өвс, тэжээлийн нөөцөө бэлтгэх ажлын хүрээнд хөрш улс орон руу хандсан. Баруун бүсийн нөөцийг хангахуйц хэмжээний өвс, тэжээл өгч болох талаар ОХУ-ын Хакас улсын удирдлагууд бидэнд мэдэгдсэн. Манай аймгийн хувьд өр нэлээд хуримтлагдсан нь тулгамдаж асуудал болоод байна. Сүүлийн үед гоц халдварт өвчин, байгалийн аюулт үзэгдлээс үүдэлтэйгээр нэлээд хэмжээний өр үүссэн. Тухайлбал, хаврын шар усны үерийн улмаас 270 орчим сая төгрөгийн өр бий болсон. Мөн 2016 онд гарсан мялзан өвчний үед үүссэн 182 сая төгрөгийн өрийг одоо хүртэл шийдвэрлэж өгөөгүй. Энэ нь эргээд орон нутгийн төсөвт нөлөөлдөг.

 

ТӨВ СУУРИНГИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ УДААШИРЧ БАЙНА

 

Говьсүмбэр аймгийн Засаг даргын орлогч: -Манай аймгийн хэмжээнд 400-аад мянган толгой мал өвөлжих урьдчилсан тооцоо гарсан. Ганц тулгамддаг асуудал бол хадлан. Аймгийн нутаг дэвсгэрээс бэлтгэх боломжгүй. Гэхдээ өнгөрсөн жил бэлтгэсэн хадлан, тэжээл бий. Түүнийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна. Орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл 60-аад хувьтай байна. Сүхбаатар, Хэнтий аймаг руу хадлан бэлтгэх хүсэлт явуулсан. Харин төв суурингийн бэлтгэл удаашралтай байгаа. Учир нь, орон нутгийн дулаан хангамжийн “Усту” компани өнгөрсөн жил хүнд ажилласан. Уурын зуухны хүчин чадал муутайн зэрэгцээ өнгөрсөн дөрвөн жилд нэг ч удаа засвар хийгээгүй. Энэ чиглэлээр Засгийн газар, УИХ-д санал тавьсны үндсэн дээр хоёр тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн. Аймгийн Засаг дарга зуух захиалах ажлыг эхлүүлсэн. Энэхүү ажил нааштай бүтчихвэл арваннэгдүгээр сар гэхэд угсралтын ажлыг нь гүйцэтгэснээр өвөлжилтийн бэлтгэл дуусна. Сургууль, цэцэрлэгийн хувьд улсын төсвөөс санхүүжүүлсэн хөрөнгө оруулалт удаашралтай байгаа. Тендер зарлах асуудал цаг хугацаа авдаг. Орон нутгийн хөгжлийн сан, улсын төсвөөр гүйцэтгэх бүх ажилд тендер зарладаг. Ингээд нэг компанийг сонгон шалгаруулахад нөгөө компаниуд нь гомдол гаргадаг. Энэ мэтээр цаг хугацаа алддаг асуудал бий.

 

С.ЮМСҮРЭН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)