Шилжилт хөдөлгөөнийг зүй зохистойгоор шийдэх шаардлагатай
- 2017-10-17
- Нийгэм
- 0

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын шадар суурин төлөөлөгч Г.НЯМЖАРГАЛТАЙ ярилцлаа.
-“Дэлхийн хүнсний өдөр-2017”-г яагаад “Шилжилт хөдөлгөөний урсгалыг хүнсний аюулгүй байдал, хөдөөгийн хөгжилд хөрөнгө оруулж өөрчилцгөөе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх болов?
-Энэ өдрийг дэлхийн 150 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлж байна. Уг өдрийг “Дэлхийн хүнсний өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тухайн жил улс оронд юу их анхаарал татна түүнд чиглүүлж уриагаа дэвшүүлдэг. Энэ жилийн хувьд “Шилжилт хөдөлгөөний урсгалыг хүнсний аюулгүй байдал, хөдөөгийн хөгжилд хөрөнгө оруулж өөрчилцгөөе” уриатай тэмдэглэн өнгөрүүлж байна. Хүмүүс шилжилт хөдөлгөөний өнөөдрийн байдлын талаар сайн мэддэг. Улс орон бүрт үүний шалтгаан, нөхцөл бий.
-Жишээлбэл, ямар шалтгаан нөхцөл байна вэ?
-Шилжилт хөдөлгөөн нь амьдралын нөхцөл байдалтай шууд холбоотой. Байгалийн давтагдашгүй хүчин зүйл бас нөлөөлдөг. Уур амьсгалын нөлөөлөл өндөр байгаа учраас тухайн газар нутагтаа амьдарч чадахгүй шилжин суурьшиж байна. Газар тариалан болон эрхэлж буй аж ахуй нь зогсонги байдалд орсон эсвэл эрхлэх боломжгүй болсон учраас шилжин, суурьшдаг гэсэн үг. Энэ асуудлыг мэдээж зогсоож чадахгүй. Нэгэнт эхэлсэн шилжилт хөдөлгөөнийг зөв зохистойгоор шийдэх шаардлага зүй ёсоор тулгарч байгаа юм. Монголд ч, дэлхийн бусад улсад ч мөн адил амьдарч буй нөхцөлийг сайжруулж байж шилжилт хөдөлгөөн зөв голдиролдоо орно. Зөв голдиролд оруулахад улс орны боломж юу байна, ямар ажил хийх вэ, цаашид яах вэ гэдгээ энэхүү өдрөөр тодорхойлж, хийх ажлаа төлөвлөдөг. Монголд энэ өдрийг 2012 оноос идэвхтэй тэмдэглэж өнөөдрийг хүрлээ.
-Мэргэжилтнүүд хүнсний аюулгүй байдалд голлон анхаарч буйгаа хурлын үеэр илэрхийлсэн. Хүнсний баталгаат байдал гэж чухам юуг хэлэх вэ?
-Монголд хүнсний баталгаат байдал ямар байна гэдэг асуудал олны анхаарлыг татлаа. Хүнсний баталгаат байдалд шим тэжээл, хүнсний аюулгүй байдал, хангамж, эдийн засаг гээд олон зүйл багтана. Гол нь худалдаж авсан хүнсээ хүн зөв хэрэглэж чадаж байна уу гэдэгт анхаарах хэрэгтэй. Монголын хувьд хүнсний хангамж бололцооны төвшинд байна.
-Хүнсний шим тэжээлийн асуудлыг ч бас чухлаар тавьсан. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Бид хүнсээр дамжуулан аминдэм, эрдэс бодисоо авдаг. Тиймээс зөв зохистой хооллох шаардлага зүй ёсоор тулгарч байна. Буруу хооллолт өвчний суурь болдог. Манайхан зөв зохистой хооллолт гэхээр хоолоо сойх, тараг жимс, ногоо идэх гэж ойлгодог нь хүмүүсийн дунд энэ талын мэдээлэл муу байгааг илтгэж байна. Энэ дашрамд хэлэхэд, үйлдвэрлэгчид үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ тэжээллэг чанарт голлон анхаарах нь зүйтэй. Тараг уугаад байх нь сайн юм уу, эсвэл чихэртэй тараг байнга уух нь зөв үү гэдэг асуудал урган гарна. Мөн бид мах их иддэг гэж өөрсдийгөө тодорхойлдог. Уг нь махнаас бид төмрийн эх үүсвэрээ авах учиртай. Гэтэл яагаад авч чадахгүй байна вэ гэвэл махаа сүүтэй цайтай хольж идэж, ууж байгаад хамаг учир байна. Зохистой зөв хооллох гэдэгт бид бүгдээрээ анхаарах хэрэгтэй юм. Зөв хооллоно гэдэг турах, гоё сайхан болох гэдэг ойлголт огт биш.
Б.ДААРИЙМАА

Сэтгэгдэл (0)