Д.Батболд: Улсын хэмжээнд нэгдсэн мэдээллийн сантай болно
- 2017-11-16
- Нийгэм
- 1

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар /ОӨУБЕГ/-ын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын дарга Д.БАТБОЛДТОЙ ярилцлаа.
-Цаасан архивын материалыг цахим хэлбэрт шилжүүлж буй ажлын явц ямар байна вэ?
-Цахимжуулалтын үйл ажиллагааны талаар ярихаас өмнө ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлснийг хэлье. Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан Мянганы сорилтын гэрээний дагуу тус газарт хэрэгжүүлсэн газар өмчлөл болон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, үйлчилгээ үзүүлэх орчин, техник хэрэгслийн чадавхийг нэмэгдүүлэхэд цогц дэмжлэг үзүүлэх зорилготой хөрөнгийн эрхийн төслөөр найман аймаг, нийслэлийн есөн дүүргийн эд хөрөнгийн архивын цаасан суурьт хувийн хэрэг, баримт бичгийг 2012- 2013 онд цахим хэлбэрт шилжүүлсэн. Үүний дараа Баянхонгор, Өмнөговь аймгийг улсын төсвийн болон орон нутгийн засаг захиргааны дэмжлэгтэйгээр архивын баримтыг цахимжуулсан.
-Нийслэлийн есөн дүүрэг, арван аймгийн архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлчихсэн юм байна. Харин үлдсэн 11 аймгийг хэзээ шилжүүлэхээр төлөвлөөд байна вэ?
-Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг” төслийн Монгол Улсад эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим систем бүрэн нэвтрүүлэх дэд хэсгийн төслийн хүрээнд Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Хөвсгөл, Увс аймгийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын цаасан баримтыг цахимжуулах ажлыг өнгөрсөн сарын 23-ны өдрөөс эхлүүлсэн. Энэ ажлыг зургаан сарын хугацаанд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Улсын хэмжээнд цахим мэдээллийн сантай болсноор ямар ач холбогдолтой вэ?
-Бүртгэлийн үйл ажиллагаа сайжран иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээ түргэн шуурхай, хүнд сурталгүй болж статистик тоон мэдээллийг богино хугацаанд гаргах зэрэг давуу тал бий болж байна. Мөн дотоод хяналтын тогтолцоо сайжирч, шаардлагатай мэдээллийг төрийн байгууллагуудтай түргэн, шуурхай солилцох олон талын ач холбогдолтой юм.
-Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх үүднээс ямар ажлыг хийж байна вэ?
-Төрийн үйлчилгээний Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил /6 буудал/ төвд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн зарим үйлчилгээг дүүрэг харгалзахгүй үзүүлж байна. Мөн ТҮЦ машинаас эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагааг иргэний цахим үнэмлэхээ уншуулаад тодорхой хэмжээний төлбөр төлөөд авах боломжтой болсон. Гэхдээ архивын баримтын цахимжуулалт хийсэн есөн дүүрэг, аймгийн хувьд энэ лавлагааг авах боломжтой. Энэ үйлчилгээ иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэж талархлыг нь хүлээгээд байна.
-Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагынхан ирэх онд ямар ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ. Та бүхний цаашдын зорилго, зорилт юу вэ?
-2018 онд хэд хэдэн гол ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Тухайлбал, нэгдүгээрт, хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ- аар хэлэлцүүлэхээр холбогдох байнгын хороонд хүргүүлсэн. Үүнтэй холбоотой дагаж мөрдөх бусад журам, дүрмийг шинэчлэн боловсруулахаар ажиллаж байна. Хоёрдугаарт, 11 аймгийн улсын бүртгэлийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын хувийн хэрэг, нотлох баримтыг цахимжуулахаар төлөвлөсөн. Цахим мэдээллийн систем бүрэн нэвтрүүлэх ажлыг ирэх онд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Гуравдугаарт, гадаад харилцаагаа өргөжүүлэх, боловсон хүчнийхээ чадавхийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Тухайлбал, бусад улс орны ижил төстэй байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлахаар төлөвлөсөн. Оюуны өмч, Улсын бүртгэлийн байгууллага ОХУ-ын Улсын бүртгэл кадастр зураг зүйн холбооны албаныхантай хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ санамж бичгийн хэрэгжилтийг хангахаар төлөвлөгөө батлан ажиллаж байна.
-Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагад үйлчилдэг хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах нөхцөл байдал үүсч байна уу. Ер нь хууль эрх зүйн орчин ямар байдаг вэ?
-Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байна. Манай улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа энэ үед бүртгэлийн байгууллагын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, үнэн зөв, нэгдмэл, бодитой байх нөхцөлийг бүрдүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа өмчийн бүх төрөл хэлбэрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон тэдгээртэй холбоотой бусад эрхийг улсын нэгдсэн бүртгэлд хамруулах замаар хууль тогтоомж хоорондын уялдаа холбоог хангах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эд хөрөнгө өмчлөх эрхийн баталгааг сайжруулах төр хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж бизнест ээлтэй орчинг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр тусгасан.
-Эд хөрөнгийн эрхийн улсын бүргэлийн тухай хуулийг ямар үндэслэл шалтгаанаар хэрхэн шинэчлэн боловсруулсан бэ?
-Энэ удаагийн шинэчилсэн найруулгын төслөөр зарчмын шинжтэй томоохон өөрчлөлт оруулснаас гадна хуулийн бараг бүх зүйл заалт буюу 40 гаруйд нь нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулсан. Анх 2003 онд баталсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль таван бүлэг, 39 зүйлтэй. Дөрвөн удаагийн нэмэлт өөрчлөлтөөр давхардсан тоогоор нийт 67 зүйл заалтад өөрчлөлт оруулсны дотор нэг бүлэг, зургаан зүйл, 24 хэсэг, 21 заалтыг хүчингүй болгосон удаатай.
-Хуульд оруулсан өөрчлөлтөөс томоохныг нь дурдвал?
-Зарчмын шинжтэй хэд хэдэн өөрчлөлтийг оруулсан. Тухайлбал, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд хамрах хүрээний хувьд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрхийг өмчийн хэлбэр, өмчлөгчийн иргэний харьяалал харгалзахгүй бүртгэхээр тусгасан. Монгол Улсад 1997 оноос үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгэж эхэлсэн. Ингэхдээ газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг газрын эрхээс салангид бүртгэж байгаа нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн олон улсын стандартаас зөрж, бүртгэлийн нэгдмэл, үнэн зөв байдал алдагдах үндсэн нөхцөл болж байна гэж үзэн барилга, байгууламжийн эрхийг түүний доорхи болон орчны нэгж талбар газрын эрхэд үндэслэн бүртгэх зохицуулалтыг оруулсан. Мөн улсын бүртгэлийн үйлчилгээг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэх, шуурхай болгох нөхцөл бүрдүүлэх зорилгоор хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор улсын бүртгэлийн мэдээллийн санд хандаж цахим бүртгэл хийх тогтолцоог бий болгох заалтыг тусгасан. Түүнчлэн өмчлөх эрхийн баталгааг хангах, бүртгэлийн эрсдэлийг бууруулах нөхцөлийг хангахын тулд Эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтлөх улсын бүртгэгч мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулах зохицуулалтыг нэмж тусгасан.
-Энэхүү хуулийн төслийг баталснаар эд хөрөнгийн бүртгэл, танай байгууллагаас иргэдэд хүргэх үйлчилгээнд ямар эерэг үр дагавар бий болно гэж үзэж байна вэ?
-Хэд хэдэн эерэг үр дүн гарна. Тухайлбал, нэгдүгээрт, цахим засаглалын нэг бүрэлдэхүүн болох цахим бүртгэлийн үйлчилгээг сайжруулснаар иргэд явдал чирэгдэлгүй, хурдан шуурхай, цахим үйлчилгээ авах эрх зүйн орчин бүрдэнэ. Хоёрдугаарт, улсын бүртгэлийн зарим төрлийн мэдээлэл нээлттэй болсноор үл хөдлөх эд хөрөнгийн урсгал ил болж, хөрөнгийн үнийн хөөрөгдөл буурч, улмаар эдийн засгийн эргэлт хурдасч, хөрөнгийн зах зээлийн хөгжилд түлхэц өгнө. Гуравдугаарт, улсын хэмжээний статистик тоо мэдээ бүрэн гүйцэд, үнэн зөв гарахаас гадна үл хөдлөх хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой улсын хэмжээний бодлого төлөвлөлт тодорхой болно. Мөн газар, түүний дээрх үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг газрын нэгж талбарт суурилсан, кадастрын зургийг үндэслэн бүртгэдэг бүртгэлийн системтэй болсноор газар олголтын давхардал, бүртгэлтэй холбоотой маргаан арилж, бүртгэл үнэн зөв, бодитой байх баталгааг хангана.
-Эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой гомдол, маргаан хэр зэрэг гардаг вэ. Иргэд юунд анхаарах ёстой вэ?
-Иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн мэдлэг мэдээлэл дутмагаас үүдэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой маргаан их гардаг байсан. Гэхдээ сүүлийн үед энэ маргаан харьцангуй багассан. Энэ нь иргэдийн эрх зүйн боловсрол сайжирсантай холбоотой. Ер нь гэрээ хэлцэл байгуулж гарын үсэг зурахдаа гарах үр дагаврыг ойлгож байх нь аливаа эрсдэлээс сэргийлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ сарын 23-ны өдөр Улсын бүртгэлийн байгууллагын түүхт 77 жилийн ой болох гэж байна. Мөн энэ онд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн алба үүсч хөгжсөний 20 жилийн ой болсон. Иймд танай сониноор уламжлан улсын бүртгэлийн салбарт ажиллаж байсан ахмадууд одоо мөр зэрэгцэн ажиллаж байгаа хамт олондоо баярын мэнд хүргэе.
С.Юмсүрэн

Сэтгэгдэл (1)
(202.9.43.76)
Мянганы сорилтын сантай хамтран хэрэгжүүлж байгаа төсөл гэхээр мэдээллийн санд байгаа газар өмчлөл болон түүнтэй холбоотой бүх мэдээлэл АНУ руу алдагдаж байгаа гэсэн үг үү? !!!