Хөнгөлөлттэй үнээр эм олгох ажлыг цахимжуулна
- 2017-11-28
- Эрүүл мэнд
- 0

Эрүүл мэндийн сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу холбогдох ажлын хэсгийнхэн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй өрхийн эрүүл мэндийн төв болон хөнгөлөлттэй үнээр эм олгох эрх бүхий эмийн сангийн үйл ажиллагаатай танилцсан байна. Ажлын хэсгийнхэн энэ талаар мэдээлэл өгсөн бөгөөд энэ үеэр ЭМЯ-ны Эм үйлдвэрлэл, технологийн газрын дарга Л.Мөнхтуяа “Нийслэлийн ЭМГ-ын даргын тушаалаар зургаан дүүргийн 100 гаруй эмийн сангийн үйл ажиллагаатай танилцлаа. Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлттэй эм олгож байгаа нэр дор иргэд байнгын эм хэрэглэх, хэт их эм худалдан авах, түүндээ хордох, жоргүйгээр эм авч нөөцлөх зэрэг асуудал гарч байгааг тогтоосон. Тиймээс хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалтыг шинэчлэх, иргэдэд хүртээмжтэй байх зэргийг судлах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа” гэв. Мөн ажлын хэсгийнхэн хөнгөлөлттэй үнээр эм олгож буйтай холбоотой иргэдийн гомдлыг барагдуулахад цахим бүртгэлийн программ ихээхэн тус болохыг онцоллоо.
Г.НЯМСҮРЭН

Сэтгэгдэл (0)