Вакцин тариулсан хүүхдүүдийн дунд хатгаа 60 хувиар буурчээ
- 2017-12-27
- Эрүүл мэнд
- 0

Эрүүл мэндийн яамнаас томуугийн өвчлөл, урьдчилан сэргийлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Сүүлийн гурван жилийн тандалт судалгаагаар уушгины хатгаагаар эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн 32-40 хувь нь хүндэвтэр буюу хүнд хэлбэрийн хатгаатай байгаа аж. Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийг 60 хувь нь гэрээр эмчлэх бүрэн боломжтойг тогтоосон байна. Тиймээс уушгины хатгалгаанаас урьдчилан сэргийлэх вакцин хийлгэх нь чухал гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо. ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Эрүүл мэндийн яамнаас баярын өдрүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээний шуурхай тусламжийг хангаж ажиллах даалгавар авсан. Албан даалгаврын дагуу 24 цагийн турш гар утсаа нээлттэй байлгаж, хөдөө орон нутагт амрахаар явсан эмч нар тухайн газартаа эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг үзүүлж, баярын өдрүүдэд туршлагатай эмч, ажилтнуудыг жижүүрт гаргах зэргээр ажиллана. Томуу, томуу төст өвчний өвчлөл энэ долоо хоногийн байдлаар амбулаторийн үзлэгийн 6.2 хувийг эзэлж байна. Баяр ёслолын үеэр нэмэгдэх хандлагатай учраас эмч, эмнэлгийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна” гэв. ЭМЯ-ны тандалт шуурхай хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Энэ жилийн хувьд томуу, томуу төст өвчний өвчлөл ихэсч, бага насны хүүхдүүд уушгины хатгаа өвчнөөр хүндрэх эрсдэл өндөр байна. Хатгаа өвчний вакциныг бид 2016 онд нийслэлийн агаарын бохирдол өндөртэй гурван дүүрэгт хийсэн. Үүний үр дүнд 87,900 хүүхдийг дархлаажуулсан. 2016-2017 онд вакцин тариулсан хүүхдийн дунд хатгааны өвчлөл 40 хувиар буурсан. 13 ам.долларын үнэтэй вакциныг 3.5 долларын үнээр хийж байхад хамралт бага 80 хувьтай байна. Уушгины хатгаагаар хүүхэд эндээгүй. Тиймээс бид ирэх онд сайдын багцаас нэг тэрбум төгрөгөөр вакцин авч, нийслэлийн бүх дүүргийн хүүхдэд хийнэ. Эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн 40 хувь нь уушгины хүндэвтэр, хүнд хэлбэрийн хатгаатай байна. Харин үлдсэн 60 хувь нь эмнэлэгт хэвтэх шаардлагагүй, өрхийн болон амбулаторийн эмчийн хяналтад гэрээрээ эмчлүүлж болохоор байна. Ачааллыг нэмж, дахин өөр вирусийн халдвар аван эмнэлэг рүү ирэхээсээ илүү өрхийн эмчийн зөвлөгөөг авах хэрэгтэй байна. Уушгины хатгаа бол маш олон төрлийн вирус, бактериар хүндэрдэг. Томуугийн вакцин хийлгэсний дараа уушгины хатгааны вакцин хийлгэх ёстой. Сүүлийн хоёр жилд хийсэн судалгаагаар эрүүл 2000 хүүхдийн 70 хувийн хамар, залгиурт нян илэрсэн. Тэгэхээр насанд хүрэгчдийн дунд өөрөө өвчлөөгүй ч халдвар тараагчид байна. Тиймээс эрүүл нян тээгчдээс хамгаалах гол арга бол вакцин. Хатгааны вакциныг үнэ төлбөргүй, товын дагуу 2, 4, 9 сартайд нь дүүргийн дархлаажуулалтын кабинетэд хийнэ” гэв.
Б.МӨНХ-ЭРДЭНЭ

Сэтгэгдэл (0)