Мянганы сорилтын санхүүжилт манайхнаас болж гацав

Та бүхэн Мянганы сорил­тын сангийн /МСС/ гэрээ­ний хэрэг­жилж хариуцсан дэд ерөнхийлөгч Патрик Файны Ерөнхий сайдад хаяг­ла­сан захидлыг харж байна.

Та бүхэн Мянганы сорил­тын сангийн /МСС/ гэрээ­ний хэрэг­жилж хариуцсан дэд ерөнхийлөгч Патрик Файны Ерөнхий сайдад хаяг­ла­сан захидлыг харж байна. Үүнээс харахад, өмнө нь нийтэлж байсанчлан Мянга­ны сорилтын сан­гийн зургаан захирлыг халсан нь ташаа мэдээлэл байжээ. Ха­рин хоёрыг нь ажлаас нь халах сана­лыг тэрбээр явуулж. Хэрэв­зээ түүний хүсэлтийг талаар болго­­вол тус корпораци Мон­голд хэрэг­­жүүлж буй төслүү­дийн­хээ санхүүжилтийг татаж ч болзошгүй байгааг захидал­даа анхааруулсныг тооц­вол ноцтой шалтгаан байгаа аж. Хөрөнгийн эрхийн төслийн захирал Д.Одончимэг, Ерөнхий зөвлөх Х.Оюунцэцэг нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийн дээр “Хяналт шалгалтын ал­баны мөр­дөн тогтоох ажил­лагаа бүрэн дуусаагүй хэдий ч урьдчилсан дүгнэлтийн да­гуу дээрх нэр бүхий албан тушаалтнууд зохисгүй үйлдэл гаргасан нь тогтоогдсон бөгөөд энэ нь Мянганы сорилтын корпорацийн санхүүжилж буй аль нэг албанд уг албан ту­шаалт­нуудыг ажиллуулах бо­ломж­гүй болгож байна” гэсэн нь ноцтой шалтгаан байж. Захидалд тэднийг дэг журмын ноцтой зөрчил гаргасан гэдгийг өмнө мэдээлж байснаа дурджээ. Энэ утгаараа манайхан дээрх албан тушаалтнуудыг ажлаас нь халуулахгүй авч үлдэхийг хичээж байсан бололтой. Тий­мээс ч Патрик Файн энэ асууд­лыг шийдвэрлүүлэхийн тулд ирэх орны эхний улирлын санхүү­жилтийг батлах эсэхийг асуудлаа шийдсэний дараа авч үзнэ гэж тулгасан аж.  



Мэдээж асуудлаа шийдэхгүй бол санхүүжилт зогсоно гэсэн үг. Тиймээс арга буюу Мянганы сорилтын сангийн Удирдах зөвлөл хуралдаж /аравдугаар сард хуралдсан ч яг хэдний өдөр хуралдсан нь тодорхойгүй/ тус сангийн гүйцэтгэх захирал С.Баярбаатарт дээрх хоёр эрхмийг ажлаас нь чөлөөлөх зөвшөөрөл олгожээ. Дээр нь Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийн захирлын суудал одоог хүртэл эзгүй байгааг шийдвэрлэхийг шаард­жээ. Тиймээс тэднийг ажлаас нь халж, орны хүнийг нь сон­гон шалгаруулах зарлал гарга­жээ. Харин Мэргэжлийн боловс­рол, сургалтын төслийн захирлыг хэзээ шалгаруулах нь тодорхойгүй л байна.

Энэ бүх асуудал нэлээд эрт­нээс хөндөгдсөн аж. Өө­рөөр хэлбэл, өнгөрсөн оны наймдугаар сард ноцтой зөр­чил гаргасныг нь илрүүлэн мэдэгджээ. Манайхан болсон хойно өөрсдийн томилсон хүнээ халах байтугай хаацайлах нь мэдээж. Энэ хугацаанд Удирдах зөвлөлийнхөө хурлыг хэд хэдэн удаа хийсэн ч мөнөөх хоёр эрхэмийн асуудлыг авч хэлэлцээгүй. Тиймээс Патрик Файн арга буюу захидал илгээж анхааруулахад хүрчээ.

Монголд аливаа дүрэм, журамыг мөрдөхгүй байх нь тэднийг дургүйцлийг хүр­гэжээ. Гэхдээ соёлтой хүмүүс болохоор дургүйцлээ их аятайх­наар Ерөнхий сайдад хандсан захидалдаа “Холбогдох арга хэмжээг аль болох богино хугацаанд авахыг Танаас болон Удирдах зөвлөлөөс бид гүнээ хүсэхийн ялдамд Та бүхэн тодорхой журам, шийдвэрийг даган мөрдөх ёстой гэдгийг хүндэтгэж байгаа болно. Дээрх асуудал ийм нөхцөл байдалд хүрсэнд бид туйлын харамсч байна”  гэсэн байх юм.

Ноцтой зөрчил гээд буйд яг юуг хэлээд байна вэ гэдэг нь анхаарал татаж байгаа ч энэ тухай нарийн дурдаагүй аж. Учир нь тэрхүү зөрчлийн талаар өнгөрсөн оны наймдугаар сард мэдэгдсэн болохоор ойлгож байгаа болов уу гэсэн санаагаар захидлыг бичжээ.

Тодорхой зүйл гэвэл  Хөрөн­гийн эрхийн төслийн захирал Д.Одончимэг, Ерөнхий зөвлөх Х.Оюунцэцэг нар “Блорминфо” гэгч байгууллагатай гэрээ байгуулахдаа ноцтой зөрчил гаргасан гэнэ. Мэдээж ажлаас нь чөлөөлүүлэхийг байн байн шаардаад буй нь ажлын хариуцлага алдсан үйлдэл биш бололтой. Ноцтой гэдгийг санаатайгаар хийсэн үйлдэл гэж тооцвол тэд авлигын хэрэгт ч холбогдсон байж болзошгүй нь. Арай зөөллөж бодвол ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр байж. Гэхдээ үүнийг хянаж буй МСК-ийн Ерөнхий хянан шалгагчийн алба энэхүү зохисгүй үйлдлийг бүрэн шалгаж дуусаагүй гэнэ. Тэгэхээр цаашид юу ч илэрч болзошгүй гэсэн үг. Манайд энэ мэт хэргийг удаан шалгаж, цаг хугацааны уртад замхардаг. Харин тэд тийм боломж байхгүй гэдгийг шуудхан хэлжээ. Хөдлөшгүй нотолгоогоор тогтоогдсон учраас тэр.

Ерөнхий хянан шалгаг­чийн алба нь АНУ-ын санхүү­жилтийг хамгаалж, өөр зүйлд зарцуулахыг хянадаг байгуул­лага аж. Тэр утгаараа МСК-д захирагддаггүй аж. Тиймээс ноцтой зөрчил гээд байгаа нь санхүүжилтийг нь зарцуулах ёстой зүйлд зарцуулаагүй гэсэн үг. Тиймээс өнгөрсөн долдугаар сарын 30-наас хойш энэ албан тушаалтнуудад цалин олгохыг зогсоожээ. Хэрвээ цалин олгох болсон тохиолдолд МСК-ийн хөрөнгийг ашиглаж болохгүй гэдгийг ч хэлчихэж.
МСК-ийнхан захидалдаа энэхүү болоод буй зүйл нь төслийг үр өгөөжийг багасгаж байгааг дурдлаа.

Харин манайхан энэ хоёр албан тушаалтнаа чөлөөлөхийн оронд тэдэнтэй тохиролцохыг урьдал болгон хэд хэдэн удаа хэлэлцээ хийсэн ч тусыг эс олжээ. Ингээд л ирэх оны эхний санхүүжилт зогсоход хүрчээ.

Гэхдээ нэг зүйлийг онц­ло­ход Удирдах зөвлөлд танил­цуулснаас үзвэл Хөрөн­гийн эр­хийн төслийн захирал Д.Одончимэг, Ерөнхий зөвлөх Х.Оюунцэцэг нар ажлаасаа чөлөө­лөгдөхийг зөвшөөрч байгаагаа мэдэгдэж.

Хэрэвзээ тэд гэм буруугүй байсан бол ийм шийдвэр гаргана гэж үү. Инээдтэй нэгэн жишээ авахад “Шалтгаан нь заах­гүйгээр аж­лаас халах” гэсэн үндэс­лэлээр чөлөөлж өгөхийг хүс­чээ. Өөрөөр хэлбэл, юу хийсэн, яасныг нь битгий хэлээрэй л гэж дээ. Удирдах зөвлөлийн нөхдүүд нь хуралдаад “ММСС-ийн гүйцэтгэх захирал С.Баярбаатар өөрөө мэдээд чөлөөлсү” гэсэн утгатай шийдвэр гаргасан байгаа юм. Иймэрхүү л юм болж.

АНУ-ын Ерөнхий хянан шалгагчийн алба нь тэдний хэргийг эцэслэн мөрдөж дуусгаагүй гэдгийг дээр хэлсэн. Тэр утгаараа тэд илүү ноцтой, нотолгоотой хэргийг ч бидэнд тулгаж мэдэх нь. Хэрэв тэгвэл буурай Монголыг өөд нь татах гээд тусалж байхад өөрсдийг нь өөд нь татах хүний мөнгөнөөс хулгай хийсэн болно. Энэ тохиолдол донорууд бидэнд яаж хандах бол. Төрийн тушаалтнууд нь тусламжийн хөрөнгөнөөс луйвар хийдэг гэнэ. Ер нь тусламжийн гурил, будаанаас эхлээд хувцас хуна­рыг намын харъяаллаар хишиг хүртээдэг жишиг тогтоод удсан дөө, удсан.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)