Монголд гурван эмэгтэй тутмын нэг нь хүчирхийллийн аль нэг хэлбэрт өртдөг байна

Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан, Үндэсний статистикийн хороо хамтран 2017 онд жендэрт суурилсан хүчирхийллийн тархалтын судалгааг улс орон даяар анх удаа зохион байгуулсан ба тус судалгааны тайланг танилцууллаа.

Судалгаагаар Монголд эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн хэлбэр, тархалт, шалтгаан, үр дагаврыг тодорхойлж, Тогтвортой хөгжлийн зорилтууд, тэр дундаа жендэрийн тэгш байдлыг хангах 5 дугаар зорилтын шалгуур үзүүлэлт, үр дүнг тооцох, олон улсын түвшинд харьцуулагдахуйц чанарын болон тоон мэдээлэл цуглуулсан байна. Мөн монгол дахь жендэрт суурилсан хүчирхийллийн талаар тоон болон чанарын цогц мэдээлэлтэй болж, энэ чиглэлийн үйлчилгээг сайжруулж, нийгэм дэх хандлага, байдлыг өөрчлөх ухуулга нөлөөлөл хийхэд судалгааны дүнг ашиглах, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч болон хэрэглэгч нарт танилцуулах, цаашид хамтран ажиллах, бодлогын зөвлөмж боловсруулах зорилготой юм.

Энэ үеэр Үндэсний статистикийн хорооны дарга, Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны Зөвлөлдөх хорооны дарга А.Ариунзаяа “Бид судалгаандаа 15-64 насны 7300 эмэгтэйг хамруулсан. Энэ судалгаа нь тийм ч амар биш нийгмийн далд, эмзэг асуудлыг хөндөх учраас судлаачдаа маш сайн бэлтгэсэн. Наад зах нь судлаачид маань эхний ээлжинд өөрсдөө турших зорилгоор судалгааны асуулгыг бие биеэсээ асууж асуултыг хэрхэн хүлээж авч буйг өөрийн биеэр мэдрэх зэрэг бэлтгэл ажлаас эхлээд бүхий л зүйлд анхаарал, болгоомжтой, хариуцлагатай хандсан. Тоон судалгаагаар гаргах боломжгүй мэдээллийг чанарын судалгаагаар илэрхийлсэн. Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааг зохион байгуулснаар өчигдрийг өөрчлөхгүй ч маргаашийг өөрчлөх түлхэц болно гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара “Судалгаанд хамрагдсан эмэгтэй 10 жилийн өмнө та нар хаана байсан юм бэ гэж судлаачаас асуусан. Энэ нь бидний судалгаа нийгэмд ямар их үгүйлэгдэж байсныг тэр дундаа эмэгтэйчүүдэд ямар хэмжээний ач холбогдолтой байгааг харуулж байна. Судалгаанд оролцож, зориг гарган өөрт тохиолдож буй бэрхшээл, асуудлаасаа хуваалцсан эмэгтэйчүүддээ талархал илэрхийлье” гэв.

Судалгааны танилцуулах тайланд үндсэн үр дүнгээс гадна “Хамтрагчийн зүгээс үйлдсэн хүчирхийллийн талаарх үр дүн”, “Бусдын зүгээс үйлдсэн хүчирхийллийн талаарх үр дүн” зэрэг сэдвээр илтгэл тавьсан бөгөөд олон улсын харьцуулалтын талаарх илтгэлээр үргэлжилсэн байна.

Судалгааны илтгэл болон үр дүнгийн тайлан, инфографикийг доорх линкээр татаж авна уу:   

http://1212.mn/BookLibrary.aspx?category=002

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)