Олон асуудлыг шийдвэрлэсэн долоо хоног боллоо
- 2018-06-18
- Нийгэм
- 0

Улс төр, нийгэм, эдийн засаг, спорт, соёл урлаг гэх мэт бүхий л салбарт олны анхаарлыг татсан томоохон үйл явдал өнгөрсөн долоо хоногт өрнөлөө. Тэдгээрээс зарим онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
САНАЛ АСУУЛГААС ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ ЗАСГИЙН ГАЗАРТ ТАНИЛЦУУЛНА
ЗГХЭГ-ын даргын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар Налайх дүүргийн нутаг дэвсгэр дэх хууль бус нүүрс олборлолтоос иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах зорилгоор Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгууллаа. Хоёр дахь буюу энэ удаагийн санал асуулгад 380 гаруй иргэн оролцов. Тус дүүрэгт 2000 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд зөвхөн уурхайн асуудлаас болж 230 гаруй хүн амь насаа алджээ. Иймд иргэд зөвшөөрөлгүй уурхайг хааж өгөхийг Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар уламжлав. Налайхын уурхайгаас 40 гаруй мянган хүн амьдралаа залгуулдаг хэдий ч 6600 га газар эвдрэлд орсон учраас нөхөн сэргээлтийг хийх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, ажлын байр, ашиг орлоготой болгох гэх мэт асуудлыг шийдэхээр зөвлөлдөж буйг нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан танилцууллаа. Тэрбээр уурхайг бүгдийг нь хаах биш хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулж, нөхөн сэргээлт хийлгэн ажиллуулах талаар ярилцана гэдгээ мэдэгдэв. Иргэдийн оролцоотой энэхүү зөвлөлдөх санал асуулгаас гаргасан шийдвэрийг Засгийн газарт танилцуулах юм.
ЗАСГИЙН ГАЗАР АРВАН ЖИЛИЙН ДАРАА “ЗӨРЧИЛГҮЙ” ГЭСЭН ДҮГНЭЛТ АВЛАА
Засгийн газрын өнгөрсөн оны жилийн эцсийн санхүүгийн тайланд Үндэсний аудитын газар “Зөрчилгүй” гэсэн дүгнэлт өгсөн нь өнгөрсөн долоо хоногийн онцлох, олон нийтийн анхаарлыг татсан үйл явдлын нэг байлаа. Учир нь, 2007 оноос хойш жил бүр хийж буй санхүүгийн аудитын дүнд Монгол Улсын Засгийн газар анх удаа санхүүгийн зөрчилгүй гарсан нь энэ. Засгийн газрын бүтцийн байгууллагууд өнгөрсөн онд санхүүгийн сахилга бат сайтай ажиллахын сацуу ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр тухайн газрын зөвлөмжийг сахин биелүүлсэн нь ийм үнэлгээ өгөхөд түлхэц болсон гэж үзэж байна. Төрийн аудитын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуульд заасны дагуу Үндэсний Аудитын газар 6100 гаруй байгууллагад аудит хийжээ. Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаар хэд хэдэн шийдвэр гаргаж, олныг хүлээлтэд хариулт өгөв. Тухайлбал, аялал жуулчлалын гол чиглэл, хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлалын чиглэлийг баталлаа. Тодруулбал, “Аялал жуулчлалын гол чиглэл”, “Цайны зам”, “Торгоны зам”, “Их түмэн гол” болон “Хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлалын чиглэл”, “Аймаг, нийслэлийн аялал жуулчлалын цэг” гэж тодорхойлсон байна. Эдгээр чилэлийн дагуу аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжил, жуулчны аюулгүй байдлыг хангах төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэхээр боллоо. Шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламжид хамруулах, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгаж байхаар шийдвэрлэсэн юм. Түүнчлэн АНУ-ын буцалтгүй тусламжийг хотын усан хангамжийг нэмэгдүүлэхэд зарцуулахаар болов. Мөн хатуу хог хаягдлыг дахин боловсруулахтай холбоотой Зээлийн хэлэлцээрийг дэмжихийн зэрэгцээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Б.Баасандоржийг томиллоо.
ХОЁР САР ГАРУЙ ХОРИГДСОН ЭРХМҮҮДИЙГ БАТЛАН ДААЛТАД ГАРГАВ
Оюутолгойн гэрээтэй холбоотой хэргээр шалгагдаж буй ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарын хэрэг өнгөрсөн долоо хоног төдийгүй сүүлийн хэдэн сард үргэлжилж буй дуулиант үйл явдал билээ. Тэдний асуудлыг цаашид хэрхэн шийдвэрлэх бол гэх мэтээр олны анхаарал энэ чиглэлд хандаад байсан юм. Тэгвэл хоёр сар гаруй хугацаанд цагдан хоригдсон эдгээр эрхмийг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавилаа. Учир нь, прокурорын байгууллагаас батлан даалтад гаргаж, хилийн хориг тавих санал шүүхэд хүргүүлж, улмаар ийн шийдлээ. Тэднийг АТГ-аас “Гэрээ, эрх зүйн баримт бичгийг батлахдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэр гарган бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэх хэрэгт буруутган шалгаж байгаа юм.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНТУЛГЫГ ГИШҮҮНЭЭС НЬ ЧӨЛӨӨЛӨВ
УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын асуудал яалт ч үгүй олны анхаарлыг төвд байлаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Гантулга нь өнгөрсөн даваа гарагт гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгч, хүсэлтийг МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, улмаар УИХ-ын чуулганаар хэлэлцэн чөлөөлсөн юм. Ингэснээр Д.Гантулга иргэн хүний хувиар асуудлаа шийдвэрлэх боломжтой болов. Тэрбээр УИХ-ын гишүүдийн бүрэн эрхээс илүүтэй гэм буруутайг тогтоох хуулийн байгууллага гаргаагүй учраас энэ асуудлыг ярих нь буруу гэсэн хувь хүмүүсийн итгэл үнэмшлийн хувьд шийдвэр гаргасан гэдгээ мэдэгдэж, сонгогчдоосоо хүлцэл өчсөн юм. Түүнчлэн УИХ-ын гишүүд зөвхөн тойргоо л төлөөлж байгаа учраас улс орны хэмжээний том төсөл парламент дээр гацдаг учраас өнгөрсөн хугацаанд 21 аймгаа тойрч, залуучуудын хөгжил, гэр бүлийн асуудал хариуцсан агентлагтай болох ёстой гэж үзэн холбогдох хуулийг нь батлуулсан гэдгээ онцлов. Харин УИХ-ын гишүүн Д.Мурат асуудлаа хэрхэн шийдэх бол гэдэгт олон нийт анхаарал хандуулж буй.
АНУ, ХОЙД СОЛОНГОСЫН УДИРДАГЧДЫН ТҮҮХЭН УУЛЗАЛТ ҮР ДҮНТЭЙ БОЛЛОО
АНУ, Хойд Солонгосын удирдагчдын түүхэн уулзалт энэ сарын 12-нд Сингапурын Сентоза арлын “Капелла” зочид буудалд болсон билээ. 1950-1953 онд болж байсан Солонгосын дайнаас хойш энэ хоёр орны удирдагчид нүүр тулан уулзах нь битгий хэл утсаар ч ярьж байгаагүй юм. Олон жилийн дайсагналын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар ийн гар барин мэндчилсэн нь олныг анхаарлыг татахаас гадна цаашид яах бол гэсэн эргэлзээг төрүүлж байв. Уулзалтын үр дүнд Солонгосын хойгт “Дайн хийж тоглох”- оо зогсоохыг Дональд Трамп амласан бол Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтын үр дүнд баяр хүргэж, аугаа их амжилт гэж тодорхойлов. Тэрбээр “Дээд хэмжээний уулзалтын үр дүнг янз бүрээр үнэлэх, дүгнэх явдал бий. Гэхдээ энэ уулзалт яах аргагүй АНУ, Япон, БНХАУ зэрэг оронд цөмийн дайны, тив алгасагч баллистик пуужингийн аюул заналыг тойрон гарах боломжийг олголоо” гэж Мүн Жэ Ин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой уулзахдаа мэдэгджээ.
С.Юмсүрэн

Сэтгэгдэл (0)