Олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдын хөргөөр зоосон мөнгө, марк гаргана

 БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, дэд сайд Г.Ганбаяр, сайдын ахлах зөвлөх С.Мөнхбат нар “Олимпын медальтнуудын холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн дарга, 1992 оны Барселона олимпын наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Н.Баярсайхан тэргүүтэй, хүн төрөлхтний наадмаас медаль хүртсэн үе үеийн тамирчдыг хүлээн авч уулзжээ. Тодруулбал, уулзалтад 1968 оны олимпын наадмын анхны хүрэл медальт, Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, 1968 оны олимпын наадмын хүрэл медальт, Ардын багш, гавьяат тамирчин Д.Сэрээтэр, 1976 оны олимпын наадмын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин З.Ойдов, 1988 оны олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Н.Энхбат, 1996 оны олимпын наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Нармандах нарын ахмад тамирчид ирсэн юм.

Мөн 2008 оны олимпын наадмын алтан медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, 2008 оны олимпын наадмын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба, 2016 оны олимпын наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай нарын залуу тамирчид оролцсон байна. Монгол Улсын түүхэнд 1968 оны олимпын наадмаас анхны медаль хүртсэнээс хойш энэ онд 50 жилийн ой тохиож буй. Тиймээс “Олимпын медалтнуудын холбоо”-ноос 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хэд хэдэн ажил зохион байгуулахаар төлөвлөснөө салбарын сайдад танилцууллаа. Олимпын наадмыг ирээдүй хойч үедээ сурталчлан таниулах ажлын хүрээнд олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдын хөргөөр зоосон мөнгө хийх, цуврал маркийг худалдаанд гаргах, олимп, дэлхийн аваргын медальтнууд болон дасгалжуулагч багш нарын тухай ном хэвлэх, олимпын аваргуудын хувцас сэлтийг Үндэсний түүхийн музейд тавьж, гадна, дотнын жуулчдад сурталчлах зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.

Б.Номуун

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)