Унаач хүүхдийн гэнэтийн даатгалын нөхөн олговрыг 20 сая болгоно
- 2018-06-26
- Нийгэм
- 0

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас унаач хүүхэд, хүүхэд хамгаалал, аюулгүй байдлын талаар мэдээлэл хийлээ. Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар гэмт хэргийн улмаас 127 хүүхэд хохирсон байна. Үүний 55 тохиолдол нь зам тээврийн ослын улмаас нас барсан харамсалтай мэдээлэл гарчээ. Иймээс хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан хүүхдийн зориулалтын суудлыг хэрэглэж хэвшүүлэх зорилгоор хувийн компаниудтай хамтран ажиллахаар болжээ. Энэ санаачилгын хүрээнд автомашины аюулгүйн суудал борлуулдаг “Номин” компанитай хамтран ажиллах аж. Тус компани автомашины аюулгүйн суудлыг хямдруулан 63 мянган төгрөгөөр худалдан авах боломж олгохоор болжээ. Ирэх наймдугаар сарын дундуур аюулгүйн суудлыг олон нийтэд худалдаалж эхлэх юм.
Гэхдээ эцэг эхэд санхүүгийн чирэгдэл учруулахгүйн тулд үнийг тогтоохдоо Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас судалгаа явуулжээ. Энэхүү судалгаагаар эцэг эхчүүд хүүхдэдээ өндөр үнэтэй суудлын бүс авч өгөх чадваргүй байгааг тэд тогтоосон байна. Ингээд хувийн компанитай хамтран хөнгөлөлттэй үнээр автомашины аюулгүйн суудлыг борлуулахаар болжээ. Тухайн иргэн хүүхдэдээ энэхүү аюулгүйн суудлыг авч өгснөөр хүүхдийн бие махбод гэнэтийн ослын даатгалд үнэ төлбөргүй давхар хамрагдах боломжтой юм байна. Энэ үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар “Хүүхэд хамгааллын даатгалыг хэрэгжүүлэх нь чухал байна. Бид “Номин даатгал” ХХК-тай хамтран “Хүүхэд хамгааллын даатгал”-ын бүтээгдэхүүн үйлчилгээг шинээр бий болгож, эхний ээлжид эрсдэлт нөхцөлд амьдарч буй 7000-9000 хүүхдийг хамруулна. Эрсдэлт бүлгийн хүүхдийг тодруулахаар үндэсний хэмжээний судалгаа явуулахаар болсон. Энэхүү даатгалын үйлчилгээнд хамрагдсанаар гэнэтийн ослын болон үл хайхрах, хүчирхийлэлд өртсөн зэрэг эрсдэл тохиолдсон үед нөхөн сэргээх үйлчилгээний зардлыг даатгалын байгууллагаас нөхөн төлөх боломжтой болж байна” хэмээсэн юм. Мөн тэрбээр унаач хүүхэд бүр даатгалд хамрагдах ёстой. Даатгалд хамрагдаж чадахгүй, даатгалын төлбөр төлөх чадваргүй уяачид морь уралдуулах хэрэггүй гэдгийг хатуу сануулсан юм. Одоогийн байдлаар унаач хүүхдийн даатгалын хураамж 30 мянга бөгөөд нөхөн олговорт таван сая хүртэлх төгрөгийг олгодог байна. Энэ жилээс эхлэн даатгалын хураамжийг 100 мянга, нөхөн олговрыг 20 сая төгрөг болгох ажлыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас дэс дараатай зохион байгуулахаар болжээ.
Г.Нямсүрэн

Сэтгэгдэл (0)