Нөхөн болон дахин сонгуулийн нэмэлт санал хураалт болно
- 2018-06-26
- Нийгэм
- 0

Орон нутгийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль энэ сарын 24-ний өдөр болж өнгөрсөн. Сонгуульд МАН, АН, МАХН болон АН-МАХН-ын “Төв нутаг” эвслийн нийтдээ 79 нэр дэвшигч оролцож өрсөлдлөө. Нөхөн сонгуульд сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын 51.64 хувь нь, дахин сонгуульд 50.78 хувь нь тус тус оролцож саналаа өгсөн байна. Хуульд зааснаар, Аймаг, сумын сонгуулийн хороо сонгуулийн дүнг тав хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, шийдвэрээ нийтэд долоо хоногийн дотор мэдээлэх учиртай юм. Ингэснээр СЕХ-нд нэгдсэн саналаа хүргүүлэх үүрэгтэй билээ. Аймаг, сумын сонгуулийн хорооноос ирүүлсэн урьдчилсан мэдээгээр сонгуулийн 17 хэсэгт сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй байна. Сонгуулийн тухай хуульд, нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор амралтын өдөр нэмэлт санал хураалт явуулах хуулийн заалттай. Тиймээс ирц хүрээгүй хэсэгт энэ сарын 30-ны бямба гарагт нэмэлт санал хураалт явуулахаар төлөвлөж байгаа гэдгийг СЕХ-ноос мэдээллээ. Түүнчлэн ирц бүрдээгүй 17 хэсгийн хорооны нэмэлт санал хураалтын зардлыг тухайн аймгийн төсвөөс гаргах бөгөөд нөхөн болон дахин сонгуулийг Өмнөд Солонгос, ОХУ, АНУ-аас ажиглажээ.
ХЭНТИЙН НӨХӨН СОНГУУЛЬД ОРОЛЦОХ НАМ, ЭВСЛИЙН САНАЛЫГ ИРЭХ НАЙМДУГААР САРД ХҮЛЭЭЖ АВНА
Улсын хэмжээний нөхөн болон дахин сонгуулиас гадна Хэнтий аймгийн нэг тойрогт сонгууль явуулах нөхцөл үүсээд байгаа билээ. Тодруулбал, энэ нь Хэнтий аймгийн 42 дугаар тойрог бөгөөд уг нөхөн сонгуулийг энэ долоо хоногт УИХ-аас товлон зарлахаар болсон. Учир нь, Хэнтий аймгийн 42 дугаар тойргоос нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн учраас тус тойрогт нөхөн сонгууль болох нөхцөл үүссэн. Тодруулбал, лхагва гарагийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Нөхөн сонгуулийг товлон зарлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр тов гарсан. Ингэснээр уг асуудлыг ирэх пүрэв гарагийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм. УИХ-аас нөхөн сонгуулийг товлон зарласны дараа намууд сонгуульд оролцох саналаа ирэх наймдугаар сарын 8-нд Сонгуулийн ерөнхий хороонд өгөх аж. Харин СЕХ-ны зүгээс тэдний саналыг хүлээж авснаас тав хоногийн дараа намуудыг бүртгэсэн эсэх хариугаа өгөх юм байна. Намууд сонгуульд оролцох эрхээ авснаас хойш сонгуулийн санал хураалт болохоос 37 хоногийн өмнө нэр дэвшүүлэх ажиллагаагаа эхлүүлнэ. Мөн энэ өдөр бие даан нэр дэвших хүмүүс гарын үсгээ цуглуулж тав хоногийн дотор дуусах юм байна. Сонгуулийн тухай хуулийн 20.1-д Нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн ням гараг болон аравдугаар сарын эхний ням гараг байх ба улс даяар нэгдсэн журмаар явуулна гэж заасан байдаг. Тэгэхээр хуулийн дагуу Хэнтий аймгийн нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 7-ны ням гарагт болохоор товтой байна.
М.Өнөржаргал

Сэтгэгдэл (0)