Хүр хорхойг устгах ажилд 4.5 тэрбум төгрөг зарцуулаад байна
- 2018-06-27
- Нийгэм
- 0

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцын 2017 оны төсвийн гүйцэтгэлээр 65,7 тэрбум төгрөг бол батлагдсан төсвөөс 3,2 тэрбум төгрөгөөр буюу 4.7 хувиар хэмнэгджээ.
Үндэсний аудитын газрын даргын орлогч дарга С.Бүрэнбат аудитын дүгнэлт танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 94 тайлан нэгтгэгдсэнээс 72 байгууллагад санал дүгнэлт гаргаж, 9 байгууллага аудитын түүвэрт хамрагдан, 13 байгууллагад итгэл үзүүлсэн байна. Санал дүгнэлт гаргасан 72 байгууллагаас 69 байгууллагад “Зөрчилгүй”, 2 байгууллагад “Хязгаарлалттай”, 1 байгууллагад “Сөрөг” санал дүгнэлт өгсөн байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2017 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар системийн хэмжээнд нийт 4,902.8 сая төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс аудитын явцад 3,484.5 сая төгрөгийн алдааг санхүүгийн тайланд залруулж, 17.7 сая төгрөгийн зөрчилд 14 төлбөрийн акт тогтоож, 313.5 сая төгрөгийн зөрчилд 22 албан шаардлага өгч, 1,087.1 сая төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх талаар холбогдох албан тушаалтанд 73 зөвлөмж хүргүүлсэн гэдгийг онцлов.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Ц.Гарамжав нарын зүгээс дээрх салбаруудын төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхэлсэн асуудлын хүрээнд багтдаг аудитын "сөрөг", "хязгаарлалттай" дүгнэлт авсан байгууллагын холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцсон эсэх, таван тэрбум төгрөг төсөвлөсөн хүр хорхойны эсрэг хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, үлийн цагаан оготно, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн өнөөгийн байдлын талаар илүүтэй тодруулав.

Монгол Улсын нийт газар нутгийн 76,8 хувь нь ямар нэгэн хэмжээгээр цөлжилттэй гэсэн судлагаа гарсан. Цөлжилт үүссэн шалтгааны 51 хувийг уур амьсгалын өөрчлөлт, 49 хувийг хүмүүсийн буруутай үйл ажиллагаатай холбоотой гэсэн судалгаа гараад байна. Улсын төсвөөс судалгаа шинжилгээний чиглэлээр л хөрөнгө төсөвлөдөг. Тиймээс цөлжилтийн эсрэг тэмцэхдээ олон улс, гадаадын байгууллагын дэмжлэгийг авч ажиллаж ирсэн. Ирэх долдугаар сард гэхэд НҮБ-ын цөлжилтийн эсрэг конвенцид Монгол Улсын цөлжилтийн талаарх мэдээлэл, тайлангаа хүргүүлж, дэмжлэг авахаар ажиллаж байна гэж БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга, доктор, профессор Г.Нямдаваа хариулж байлаа.
Мөн 2018 онд 218 га газарт хүр хорхойг устгах төлөвлөгөөт ажлыг явуулж 4.5 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд ажлын гүйцэтгэл 60 хувьтай байна. Ирэх долдугаар сараас эхлэн гэрээ хийсэн компаниудын хүр хорхойн устгал хийсэн үйл ажиллагаатай танилцаж, 14 хоногийн мониторинг судалгаа хийнэ гэж тус яамны ажлын хэсгээс нэмэлт тайлбар өгөв.
Б.Анхаа

Сэтгэгдэл (0)