Зарим компани хуурамч шатахуун борлуулдгийг тогтоожээ
- 2018-06-28
- Нийгэм
- 0

Өнгөрсөн онд улсын хилээр 55 мянга, энэ жилийн эхний хагаст 59 мянган тонн шатахууны нэмэлт бүтээгдэхүүн оруулж ирсэн гэж Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооныхон мэдээллээ. Дээрх нэмэлт бүтээгдэхүүнийг импортын татваргүйгээр оруулж ирдэг бөгөөд бензинтэй хольж октаныг өндөрсгөдөг байна. Тус холбооныхон хуурамч шатахуун борлуулж байгааг хоёр жилийн өмнөөс шалгаж эхэлжээ.
“Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн компанийн борлуулж буй шатахууныг ИНЕГ-ын Оношилгоо, хэмжил зүйн лаборатори болон “Ампер” компанийн лабораторид шинжлүүлэхэд агуулагдаж буй октан нь 87, марганцын агууламж 22 хувьтай гарсан” гэж тус холбооны тэргүүн О.Бямбадэлгэр хэлсэн юм. Үүнийг нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “А80 бензинд октан нэмж, АИ92 болгож борлуулдаг” гэж тайлбарлажээ. Уг нь Монгол Улсын стандартаар шатахуунд нэмэлт чанар сайжруулагч ашиглахыг хориглодог байна. Гэтэл ингэж хуурамч бензин борлуулснаар иргэдийн автомашины хөдөлгүүр доголдох, бензин насос эвдрэх зэргээр хохирол учирч байгаа мэдээллийг хүлээн авч, шүүхэд хандахаа мэдэгдлээ. Тэдний судалснаар Багахангай дүүрэг, Мааньт орчмоор байрладаг “Магнай трейд”, “М-Ойл” компанийн шатахуун түгээх станцуудад хуурамч бензин борлуулж байгааг тогтоожээ.
Д.Мөнх

Сэтгэгдэл (0)