Дарханы замыг шинэчлэх 60 сая ам.долларын зээлийн гэрээг байгуулав

Улаанбаатар-Дархан, Дархан-Алтанбулаг чиглэлд авто замын засвар шинэчлэлтийн ажил хийх 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төслийн зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк өнөөдөр /2018.07.23/ байгууллаа.

Гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн хөгжлийн банкийг төлөөлөн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёлонда Фернандез Ломмен нар гарын үсэг зурлаа.

Дээрх төслийн хүрээнд Монгол Улсыг БНХАУ болон ОХУ-тай холбосон авто замын нэн чухал коридорын хэсэг болох Улаанбаатар-Дархан, Дархан-Алтанбулаг чиглэлийн 311 км автозамд засвар шинэчлэлтийн ажил хийх юм. Үүнд АХБ-наас 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төслийн зээлийн хэлэлцээрийг байгуулж байна. Гэрээний хүрээнд Улаанбаатар- Дархан чиглэлийн замд эвдрэл гэмтлээс гадна огцом эргэлт, өгсөлт уруудалт ихтэй, үзэгдэх орчин хангалтгүйгээс осол аваар их гардаг 9 цэгийг засахаас гадна өргөтгөх, нэмэлт эгнээ барих, үзэгдэх орчин замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулах ажлыг хийх юм..

  Манай улсыг хоёр хөрш оронтой автозамаар холбох “Бүс нутгийн автозамыг хөгжүүлэх, зам засвар” төслийн хүрээнд одоогийн байгаа замыг нэг метрээр өргөтгөн, огцом эргэлт, өгсөлт, уруу ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал  есөн цэгт замын тэмдэг, тэмдэглэгээг сайжруулах зэрэг олон ажил хийх юм.

Улаанбаатар- Дархан чиглэлийн замд эвдрэл их хэмжээгээр үүссэнээс шинэчлэн засах шаардлагатай болсон юм. Аюулгүй найдвартай авто замын сүлжээ нь худалдаа, аялал жуулчлалыг дэмжээд зогсохгүй хөдөөгийн иргэдэд эмнэлэг, сургууль зэрэг төрийн үйлчилгээнд ойртуулж өгдөг тустай.

Тус Азийн хөгжлийн банкны 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл нь 27 жилийн хугацаатай аж.

М.Тогтох

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)