Цэцэрлэгт элссэн талаарх мэдээллийг гар утас руу нь илгээнэ

Цэцэрлэгийн насны хүүхдийн цахим бүртгэл маргааш эхлэх бөгөөд нийслэлийн хэмжээнд ирж буй хичээлийн шинэ жилд 114 мянган орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдах төлөвтэй байгааг Нийслэлийн боловсролын газраас мэдээлж байна.
Нийслэлд өнөөдөр төрийн өмчийн 222, хувийн хэвшлийн 672 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрт хүмүүжих хүүхдийн хамралтын тоо 77.8 хувьд хүрэх урьдчилсан дүнтэй байгааг Нийслэлийн боловсролын газрын дарга хэлж байв. Тэрээр, “2018-2019 оны хичээлийн жилд нийт хичнээн хүүхэд сургууль, цэцэрлэгт хамрагдсан дүн хичээл эхэлсний дараа буюу есдүгээр сарын эхний хагаст боловсролын салбарын статистик мэдээ гарах үед тодорхой болох бөгөөд одоо байгаа урьдчилсан тооцоогоор нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд 146 мянга орчим хүүхэд хамрагдахаар байгаагаас 114 мянга хүүхдийг төрийн болон хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд хамруулах боломжтой байгаа” гэв.

Түүнээс гадна өнөөдөр нийслэлийн хэмжээнд хүүхэд харах 143 төв ажиллаж 424 хүүхэд харагч 2100 гаруй хүүхдийг асарч байгаа аж. Өмнөх жилүүдэд 100 хүүхэд тутмын 69 нь цэцэрлэгт хамрагдаж байсан бол өнгөрсөн жил 72 болж өсч байсан бол энэ жил 78 болж хамран сургалт нэмэгдэнэ гэсэн тооцоотой байна. Өнөөдөр эхэлж буй цэцэрлэгийн хүүхдийн цахим бүртгэл наймдугаар сарын 23-нийг дуустал үргэлжилж, бүртгэл хаагдсаны дараа наймдугаар сарын 24-ний өглөөний 9.00 цагт хоёр дахь шат “Цахим элсэлт” явагдаж, бүртгүүлсэн хүүхдүүдээс санамсаргүй түүврийн аргаар цэцэрлэгт орох хүүхдүүдийг сонгох ажээ. “Цахим элсэлт”-ээр хүүхэд цэцэрлэгт элсэх боломжтой болсон эсэхийг бүртгэл хийсэн гар утасны дугаарт зурвасаар илгээж мэдээлэх юм байна.

Цэцэрлэгийн цахим бүртгэлд хэрхэн бүртгүүлэх вэ?

2018-2019 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл өнгөрсөн жилийнхтэй адил цахимаар явагдахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, цэцэрлэгийн насны багачуудыг өнөөдөр цахимаар бүртгэж эхэллээ. ЭНД дарж бүртгүүлнэ үү.

  • Энэ жил 2-5 насны бүх хүүхдийг цахимаар бүртгэж, элсүүлэх юм байна. Ингэснээр өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байсан хүүхдийн бүртгэлийг цахимаар баталгаажуулах юм байна.
  • 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг хоёр настайд тооцон цахимаар бүртгэнэ.
  • Есдүгээр сараас хойш төрсөн хүүхдүүд сараараа тооцохоор хоёр нас хүрээгүй байх учир бүртгүүлээд элсэлт нь баталгаажсан тохиолдолд хоёр нас хүрмэгцээ буюу арав, арваннэг, арванхоёрдугаар сараас цэцэрлэгтээ явж эхэлнэ.
  • Бүртэл долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 23-нийг дуустал үргэлжилнэ. Бүртгэл хаагдсаны дараа наймдугаар сарын 24-ний өглөөний 9.00 цагт хоёр дахь шат “Цахим элсэлт” явагдаж, санамсаргүй түүврийн аргаар хүүхдүүд сонгогдоно.
  • “Цахим элсэлт”-ээр хүүхэд цэцэрлэгт элсэх боломжтой болсон эсэхийг бүртгэл хийхдээ ашигласан гар утасны дугаарт зурвасаар илгээж мэдээлэх юм байна.
  • Хүүхдээ бүртгүүлэхдээ регистрийн дугаарыг нь хийхэд аль дүүргийн аль цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл гарч ирэх бөгөөд үүний дараа эцэг, эхчүүдийн гар утсанд бүртгэлийн тусгай дугаар ирэх аж.

Өнгөрсөн жил буюу 2017-2018 оны хичээлийн жилд 2-5 насны 146 мянга гаруй хүүхэд цахимаар бүртгүүлж байжээ. Түүний 113 мянга 597 нь цэцэрлэгт анх удаа элссэн хоёр настай хүүхдүүд байсан байна. Энэ жилийн хувьд мөн энэ тооны хүүхэд бүртгэх аж.

 Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)