“Солонго-1”, “Солонго-2” төслийн орон сууцны сарын түрээсийн төлбөрийг 700 мянган төгрөг байхаар тооцжээ

Монгол Улсын Засгийн газраас 2027-2030 онд улсын хэмжээнд “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Хөтөлбөрийн хүрээнд иргэдийг орон сууцанд хамруулахдаа түрээслэх, түрээслээд өмчлөх, хамтын өмчлөл болон газар чөлөөлөлтийн хүрээнд орон сууцаар хангах дөрвөн хэлбэрийг ашиглахаар төлөвлөөд байна.

Иргэдийг орон сууцанд хамруулахдаа дараах дөрвөн хэлбэрийг санал болгоно. Үүнд:

  • Түрээсийн орон сууц Сарын төлбөр төлөн орон сууцанд амьдрах

  • Түрээслээд өмчлөх орон сууц Түрээсийн төлбөр дээр өмчлөх эрх бүрдүүлэх төлбөр нэмж төлөх

  • Хамтын өмчлөлийн орон сууц Иргэн болон Төрийн орон сууцны корпораци хамтран өмчлөх

  • Газар чөлөөлөлтийн орон сууц Газар чөлөөлөлтөд хамрагдсан өрхүүдийг орон сууцаар хангах

Салбарын сайдын мэдээлснээр орон сууцны төлбөрийн тооцооллыг 45 м.кв талбайтай орон сууцны жишгээр гаргажээ.

“Солонго-1”, “Солонго-2” төслийн орон сууцны сарын түрээсийн төлбөрийг 700 мянган төгрөг байхаар тооцсон байна. Харин түрээслээд өмчлөх орон сууц нь хоёр хувилбартай. Энэ хувилбарт сарын 700 мянган төгрөгийн түрээс дээр өмчлөх эрх бүрдүүлэхэд зориулсан 720 мянган төгрөгийн төлбөрийг нэмж, нийт 1 сая 420 мянган төгрөг төлөхөөр тооцжээ. Өмчлөх нөхцөлийг 20 жилийн хугацаатай байхаар төлөвлөсөн байна.

Урьдчилгаа төлбөрийг шууд төлөх боломжгүй иргэд эхний таван жилийн хугацаанд сарын 700 мянган төгрөгийн түрээс дээр урьдчилгаа бүрдүүлэхэд зориулсан 860 мянган төгрөг нэмж төлөх бөгөөд сарын нийт төлбөр 1 сая 560 мянган төгрөг болохоор тооцоолжээ.

Харин хамтын өмчлөлийн орон сууц хэлбэрээр орон сууцны 50 хувийг Төрийн орон сууцны корпораци (ТОСК) хамтран өмчлөх юм. Урьдчилгаа төлбөрийн 30 хувийг 26 сая төгрөгөөр тооцсон бөгөөд сарын ипотекийн төлбөр 550 мянга 500 төгрөг, түрээсийн төлбөр 350 мянган төгрөг байхаар урьдчилан тооцжээ. Ингэснээр сарын нийт төлбөр 900 мянга 500 төгрөг болно.

Урьдчилгаа төлбөрийг шууд төлөх боломжгүй иргэдэд зориулан түрээсийн болон ипотекийн төлбөрийг хослуулах хувилбар танилцуулсан байна. Энэ нөхцөлд сарын 720 мянган төгрөгийн урьдчилгаа бүрдүүлэх төлбөр дээр 550 мянга 500 төгрөгийн ипотекийн төлбөр нэмж, нийт 1 сая 270 мянга 500 төгрөг төлөхөөр тооцжээ.

Ийнхүү “100 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрөөр дамжуулан орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, ипотекийн зээлийн эх үүсвэрийг өргөжүүлэх, иргэдийн орлогод нийцсэн төлбөрийн нөхцөл бүрдүүлэх, газар чөлөөлөлтөд хамрагдсан өрхүүдийг орон сууцаар хангах зорилтыг Засгийн газар дэвшүүлж байгаа юм байна

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)