А.Анударь: Хөзөр, цифрүүдээ гэр бүлийнхээ хүмүүсээр төсөөлж цээжилдэг
- 2016-05-20
- Спорт
- 0

АНУ-ын Сан Диего хотноо болох 75 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын халз тэмцээнд Монголын оюун ухааны академийн тамирчид оролцохоор болсон. Тэмцээнд бэлтгэж буй оюуны тамирчдаас А.Анударийг онцолж ярилцлаа. “Гёте” бүрэн дунд сургуулийн төгсөх ангид сурдаг тэрбээр элсэлтийн ерөнхий шалгалт, тэмцээндээ бэлтгээд тун завгүй явна.
-”Extreme memory tournament” ой тогтоолтын халз тэмцээний бэлтгэлээ хэрхэн базааж байна вэ?
-Энэ удаагийн тэмцээн компьютер дээр ой тогтоолтын төрлүүдээ хийдгээрээ ялгаатай. Би энэ жил бүрэн дунд сургуулиа төгсөх учраас тэмцээний бэлтгэлдээ бүрэн орж чадахгүй байсан ч саяхнаас Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчидтайгаа хамтарч сургуулилт хийж байна.
-Энэ удаагийн тэмцээнд ой тогтоолтын ямар төрлүүд багтсан бэ?
-”Extreme memory tournament” тэмцээнийг ой тогтоолтын таван төрлөөр зохион байгуулдаг. Дүрс, нэр, үг, хөзөр болон80 ширхэг цифрийг нэг минутад цээжлэх даалгавартай. Тэмцээнд түрүүлэхийн тулд тамирчид бүх төрөлд сайн оролцох ёстой. Миний хувьд дээр дурдсан таван төрлийг сургуулилж байгаа. Гурав дахь жилдээ тэмцээнд оролцож байгаа болохоор тэмцээнд бэлтгэх туршлагатай болсон.
-Зөвхөн шилдгүүд оролцдог энэ тэмцээнд Монголоос долоон тамирчин оролцох байсан ч хоёр нь тодорхой шалтгааны улмаас явахааргүй болжээ. Тиймээс үлдсэн тамирчдад илүү хариуцлага ирэх байх?
-Тэмцээнд олон улсын их мастер Ө.Сэнгэсамдан, Э.Пүрэвжав, их мастер Б.Шижир-Эрдэнэ, олон улсын мастер З.Цэцэгзул бид тав оролцоно. Энэ удаагийн тэмцээнд өсвөрийн дэлхийн аварга,олон улсын их мастер Э.Энхмөнх болон өнгөрсөн жилийн тус тэмцээний нэг төрөлд дэлхийн дээд амжилт тогтоосон олон улсын мастер Т.Энхжин нар хүндэтгэх шалтгаанаар оролцох боломжгүй болсон. Тэд энэ жил мөн ерөнхий боловсролын сургуулиа төгсөх юм. Тэмцээнд биднээс гадна Монгол гаралтай Шведийн тамирчин олон улсын их мастер А.Янжаа оролцоно гэсэн. Тэмцээнд оролцох боломжгүй болсон манай тамирчдын оронд өөр улсаас хүн өрсөлдөнө.
-Аль орноос хамгийн олон тамирчин оролцохоор байгаа вэ?
-Герман долоо, Монгол тав, Америк дөрөв, Англи гурав, Швед хоёр, Нидерланд, Филиппин, Хятадаас тус бүр нэг тамирчин оролцохоор болсон.
-Тэмцээнд оролцох тамирчдыг хэрхэн сонгон шалгаруулдаг вэ?
-Америкт болох тэмцээнд оролцох тамирчдыг дэлхийн аварга шиг нэг дор цуглуулах боломжгүй учраас тоглолтын бичлэгийг интернэтээр явуулдаг. Түүнээс бидний тоглолтын үзүүлэлт гарч, тэмцээнд хэн оролцох нь тодорхой болдог юм.
-Оюун ухааны тамирчид аливаа зүйлийг цээжлэхдээ ямар арга ашигладаг вэ. Жишээ нь, нэг минутад 80 цифрийг дарааллаар нь цээжилж чадах хүн ховор шүү дээ?
-Хөзөр, цифрүүдээ дүрс болгож харахаас гадна гэр бүлийнхээ хэн нэгнээр төсөөлөн бодож цээжилдэг. Дээр нь хүний сэтгэл,үйл хөдлөлийг дотроо ургуулан төсөөлж цээжлэхэд хялбар байдаг юм. Мэдээж эхлээд хийхэд амаргүй ч механик аргаар цээжлэхээс амархан. Тоог дарааллаар нь цээжлэхэд холилдох гээд байдаг. Харин хэн нэгэн дотнын хүнээрээ төсөөлөн цээжилбэл хамаагүй хялбар болдог.
-Цээжлэх чадвараа яаж хөгжүүлдэг вэ?
-Бэлтгэлээ байнга хийхээс гадна өдөр болгон давтдаг.
-Энэ жил ерөнхий боловсролын сургуулиа төгсөнө. Цаашид энэ чиглэлээр сурах уу, эсвэл өөр мэргэжил эзэмших үү?
-Нанотехнологийн чиглэлээр сурах төлөвлөгөөтэй байгаа. Түүний хажуугаар ой тогтоолтын спортоороо ч хичээллэнэ. Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөөд маргааш нь Америк явна.
-Ой тогтоолтын тамирчдын чансаа маш хурдан шинэчлэгддэг. А.Анударь насныхаа ангилалд хэддүгээр байрт эрэмбэлэгдэж байна?
-Дэлхийд ой тогтоолтын дунд насанд 45 дугаар байрт эрэмбэлэгдэж байна. Анхны тэмцээнд оролцохдоо 30 минутын олон багц хөзөр цээжлэх төрөлд дэлхийн рекордыг эвдэж байсан. Азийн болон олон улсын мастер цолтой. Мөн дэлхийн аваргын мөнгөн медальтай.
-Ой тогтоолын спортоор хичээллэснээр амьдралд нь ямар нэгэн өөрчлөлт гарсан уу?
-Илүү хариуцлагатай болсон. Өмнө нь хий дэмий зүйлд чөлөөт цагаа зарцуулдаг байсан бол одоо байдал өөрчлөгдсөн. Ялангуяа энэ спортоор хичээллэсний ачаар хичээлдээ сайн болсон. Мөн гадаад хэл сурахад хялбар болдог. Ялангуяа англи хэлний шинэ үгээ маш хурдан цээжилдэг болсон шүү.
-Хэрвээ тэмцээндээ түрүүлбэл шагналын мөнгөө юунд зарцуулах вэ?
-Сайн үйлсэд л зарцуулах байх даа. Дэлхийн аваргад оролцсон тамирчид өмнө нь шагналын мөнгөөсөө цэцэрлэгт хандивлаж байсан юм.
-Энэ тэмцээний дараа ямар тэмцээнд оролцохоор төлөвлөж байна?
-Төлөвлөснөөс гадна төлөвлөөгүй тэмцээн олон болдог. Тийм болохоор яг хэлж мэдэхгүй байна. Ер нь Монголд оролцох нэг тэмцээн бий. Дараа нь Азийн аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.
Б.Сэлэнгэ

Сэтгэгдэл (0)