Златан Ибрахимович: Премьер Лигт “Манчестер Юнайтед” түрүүлнэ гэж таамаглаж байна
- 2016-07-06
- Спорт
- 0

Хөлбөмбөгийн солилцоо наймааны цонх нээгдээд буй энэ үед чөлөөт агент Златан Ибрахимович “Манчестер Юнайтед” багийн бүрэлдэхүүнд багтаж, урт хугацааны гэрээ үзэглэсэн нь хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг татаж байна. Шведийн шигшээ багийн довтлогч, бүх цаг үеийн мэргэн бууч Златан Ибрахимовичийн ““School sport” сэтгүүлд” өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
-“Улаан чөтгөрүүд”- ийн нэг болсонд тань баяр хүргэе. Та сэтгэгдэлээ хуваалцана уу?
-Сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрсэн байна. “Супер” гэдэг үгээр тодорхойлмоор байна. Удаан хугацаанд төөрсөний эцэст байх ёстой газраа ирсэн мэт сайхан сэтгэгдэл төрж байна. Хөлбөмбөгийн карерын минь нэгэн шинэ үе эхэллээ. Улам их хичээж, шаргуу хөдөлмөрлөх болно. Багийнхаа хамт олонтой хурдан танилцаж, дотносмоор байна. Аливаа хамт олон бэлтгэл сургуулилалт хийхдээ сэтгэл нийлдэг, эвтэй байвал амжилт гаргана. Тийм учраас тоглогчидод сайхан сэтгэгдэл түрүүлж, байр сууриа хурдан олох хэрэгтэй.
-Өнгөрсөн хугацаанд таныг аль багийн бүрэлдэхүүнд багтах бол гэж хэвлэлээр их шуугиж, олон ч таамаг дэвшүүлсэн. Эцэст нь хүсч байсан багтаа орж чадсан уу?
- Европын аваргын үеэр миний ирээдүйн тухай маш их ярьж, шуугисан. Үнэндээ их дарамттай байсан. Харин эцэст нь солилцоо сайнаар өндөрлөлөө. Одоо бол багийнхаа удирдлагын урмыг хугалахгүй сайн тоглолт үзүүлэх юмсан гэж бодож байна. Асуудал нэг талдаа багтахаар дараагийнхаа үйл хэргийг төлөвлөөд их амар байдаг юм байна. “Юнайтед”-ийн шинэ өмсгөлөө хурдхан л өмсмөөр байна.
-Клубын менежер Хосе Моуриньюгийн шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Тээнэгэлзэх зүйл огтхон ч байхгүй. Би шийдвэрээ их амархан гаргасан. Бодох хугацаа ч асуугаагүй, шууд л зөвшөөрсөнөө дуулгасан. Ерөнхийдөө зууны тулаан гэж нэрлэгддэг боксчин Мэнни Пакьяо, Флойд Мэйветерийн тулаан шиг л нөхцөл байдал юм. Тэр хоёрын тулааныг зохион байгуулна гэж бараг найман жил ярьсан. Үүнтэй адил би энэ багт байх ёстой ч боломж олдохгүй мөн л төдий хугацаа өнгөрсөн юм. Тийм учраас эвлүүлдэг тоглоомыг зөв эвлүүлж байгаа менежер Хосе-д талархсанаа илэрхийлэх нь зөв байх.
-“Интер милан”-д тоглодог байхдаа Хосетой хамтарч ажилладаг байсан байх аа?
- Хосетой удаан хамтарч чадаагүйдээ их харамсдаг юм. Ердөө нэг улирал л цуг байсан. Дасгалжуулагч биш хувь хүн талаас нь ч сурах зүйл их бий. Хосе, Златан гэдэг хүмүүс хоёулаа ялалтын үнэ цэнийг мэддэг. Тиймээс хэн хэн нь юу хүсч байгаагаа, хэрхэн ажиллахаа мэддэг болохоор хамтарч ажиллахад үнэхээр урамтай байсан. Тухайн цаг үе шиг одоо ч бас гар сайн нийлж, ялалтын олон баярыг хамт тэмдэглэх байх.
-Гялалзсан амжилтын түүхэнд тань Премьер Лигийн тэмцээн л дутуу байсан юм шиг ээ?
-Карерын минь нэгэн шинэ хуудас нээгдэж байна гэж түрүүн хэлсэн. Тэр ч утгаараа уг үйл явдал нь өндөр босготой сорилт юм. Би ямар ч багт байсан ялахын төлөө л тоглодог. Хэрвээ ялахгүй бол миний ард өндөр ур чадвартай олон тоглогч оронд минь орохоор дугаарлаж байдаг. Ялалтад шаргуу хөдөлмөр хөтөлдөгийг мэддэг болохоор оюун санаагаа ч мөн тэр төвшинд бэлддэг.
-Солилцоо наймааны энэ үеэр олон шилдэг тоглогч багаа солиж байна. Премьер Лиг ч мөн их өрсөлдөөнтэй болох төлөвтэй байна?
-Премьер Лигийн тоглолт бүр сонирхолтой болдог ялангуяа энэ жил шинэ дасгалжуулагч, тоглогч олон байгаа болохоор ширүүн өрсөлдөөнтэй болно. Миний үүрэг учраас санаа зовох зүйл огтхон ч алга байна. Энэ жилийн лигт хамгийн олон түрүүлсэн баг нэрээ хадгалж “Манчестер Юнайтед” түрүүлнэ гэж таамаглаж байна.
-Та сүүлийн 11 улиралд 10 лигийн аварга болсон. Шинэ багтаа дахин ийм амжилт үзүүлж чадах болов уу?
-Би энд ялах гэж ирсэн болохоос английн цаг агаарыг үзэж, цаг нөхцөөх гэж ирээгүй. Зорилгодоо хүртлээ бууж өгдөггүй. Энэ зан маань ч амжилт дагуулсан гэж боддог. Ганцхан би ч биш бусад тоглогч, дасгалжуулагч, багийн бүрэлдэхүүнд багтдаг бүхий л хүн ялалт гэдэг үгээр нэгдэж зүтгэдэг. Баг бүрэлдэхүүн гэдэг нэгдэж чадаж байж л амжилтад хүрдэг юм. Тиймээс эхний ээлжид багийнхантайгаа учраа ололцож чадвал, аваргын цом боломжтой гэж үзэж байна.
-Ирэх жилүүдэд ижил үүрэгтэй Маркус Рашфорд, Энтони Мартиаль нарын ирээдүйтэй довтлогчтой хамт тоглоно. Туршлагатай тоглогчийн хувьд тэдэнд зөвлөгөө тусламж үзүүлэх үү?
-Миний хувьд тэднээс соёлын хувьд ялгаатай орчинд тоглодог байсан. Өөрөө ч мөн олон багт ороод янз бүрийн орны тамирчдаас их зүйл сурсан. Тэгэхээр тийм ч муу нөлөө үзүүлэхгүй байх. Нэг баг болж байгаа учраас үнэхээр хүлээж авах юм бол бүгдэд нь чадлаараа л зөвлөнө.
-Солилцоонд сэтгэл хангалуун байгаа юм байна. “Old Trafford” цэнгэлдэхэд Манчестерийн хувцсыг өмсөөд гүйх өдрөө хүлээж байна уу?
-Багтайгаа оролцох анхны тэмцээнээ тэсэн ядан хүлээж байна. “Old Trafford” цэнгэлдэх, үзэгчдийн уухай үнэхээр гайхалтай байдаг. Тоглолтын өдөр үнэхээр мартагдашгүй болох байх.
-“ПСЖ”-гийн улирал дуусч, Европын аварга шалгаруулах тэмцээн ч мөн Шведийн багийн хувьд өндөрлөсөн. Сүүлийн үед чөлөөт цаг ихтэй байна уу?
-“Юнайтед”-тай гэрээ байгуулж, Европын аварга ч мөн шийдэгдлээ. Хэдий удаан үргэлжлэхгүй ч олдож байгаа энэ хугацаандаа сайхан амрахаар төлөвлөсөн.
А.Даваахүү

Сэтгэгдэл (0)