Усайн Болт: Би “РИО-2016”-аас гурван алтан медаль авна
- 2016-08-11
- Спорт
- 0

Олимпын зургаан удаагийн аварга, “Дэлхийн хамгийн хурдан хүн” гэгддэг Усайн Болт хэвлэлийн хурлын үеэр “Рио-2016” нь түүний оролцож буй сүүлийн олимп гэдгийг албан ёсоор мэдэгдэв. Өдгөө 30 настай Ямайкын ойрын зайн гүйгч их спортоо орхиж байгаа нь олон хүнийг гонсойлгож байна. Ойрын зайд өөрийн тогтоосон дэлхийн рекордыг шинэчлэх эсэх нь энэ сарын 13- нд тодорхой болох юм. Түүний “BBC” агентлагт өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
-Хачирхалтай сонсогдож байж магадгүй юм. Гэхдээ яагаад олимпод оролцдог юм бэ?
-Зорилгодоо хүрэх гэж ордог. Бүх тамирчин надтай адил хариулах байх. Миний хувьд өөртөө тавьсан хоёр том зорилго бий. Нэг нь мэдээж ялах, нөгөө нь ялалтын дараах ялалтын өдрийг хүлээх.
-Таныг зорилгодоо аль хэдийнэ хүрсэн гэж бодож байна. Олимпын наадмаас зургаан алтан медаль хүртсэний хувьд анх удаа орж буй тамирчнаас олон зүйлээр ялгаатай. Алтан медалийн үнэ цэнийг мэдсэн тамирчин өөрийгөө хэрхэн дайчилдаг вэ?
-Олимпын аварга боллоо гээд хичээхээ болино гэсэн зүйл ямар ч тамирчинд байхгүй. Амжилт гаргах тусам улам их хичээдэг. Бусдын л адил надад ч бас хүнд хэцүү мөч тохиолдож, саад бэрхшээл тулгардаг. Тэр бүрт өөрийгөө хүчлэн түлхдэг. “Юу чаддагаа, хэр хол явахаа хармааргүй байна уу” гэж өөртөө хэлдэг. Спортын шугамаас хазайхгүй байхад тэмүүлэлтэй амьдарч болно.
-“Цахилгаан Болт”-ын хувьд цаг хугацаа хэр үнэ цэнэтэй вэ?
-Цаг хугацаа намайг амьсгалж эхэлсэн тэр үеэс л хамт байсан. Заримдаа цаг хугацаанд захирагдаж амьдарч буй мэт санагддаг. Идэж, унтаж, ажиллаад маргааш гэдэг цагийн төлөө л амьдралыг өнгөрөөж байна. Ямайк хүмүүс цагийг ашиглаж сурсан учраас энэ тал дээр өөрийгөө зовоох зүйл байдаггүй. Гэхдээ цаг хугацааны боол болохгүйн тулд түргэн шуурхай хөдөлж, ажлыг хурдан гүйцэтгэх зуршилтай.
-“Рио-2016” таны сүүлийн олимп гэж мэдэгдлээ. Энэ олимпоор хэр амжилт гаргах бол?
-100 метрийн уралдаанд түрүүлж, 200 метрт 19 секундээс бага хугацаанд барианд орж дэлхийн рекордыг шинэчлэн тогтооно. Гурван алтан медаль авна гэж бодож байна. Боломжтой эсэхийг мэдэхгүй ч 200 метрт түүхэнд бичигдэх амжилт гаргахыг хүсч байна.
-Та боломжтой эсэхийг мэдэхгүй гэсэн мөртлөө түрүүлнэ гэж байна. Өөртөө яагаад ийм итгэлтэй байгаа юм бэ?
-Амжилтдаа эргэлзсэн эсвэл үгүйсгэсэн агшинд бүх зүйл бурууддаг. Тиймээс өөртөө итгэлтэй байж эергээр бодож, ялалтын агшныг сэтгэлдээ дүрслэхийг хичээж байна. Би сайхнаар ярьвал сайн зүйл намайг дагана. Энэ бол өөртөө өгч буй нэгэн төрлийн даалгавар юм. Аливаа уралдааны өмнө өөрийгөө тайвшруулж, сайхан бүхнийг харж, ярьдаг. Ихэнхдээ эрчимтэй дасгал сургуулилтаас илүү залуу хүн шиг цагийг зугаатай өнгөрөөж, бодлоо чөлөөлдөг.

-Энэ удаагийн олимпоос гурван алтан медаль хүртэх, дэлхийн рекордыг шинэчлэх нь таны хувьд тийм их ач холбогдолтой юм уу?
-Миний сүүлийн олимп, магадгүй спортын замналын минь сүүлийн ялалт ч байж болох учраас гайхалтай дурсамж үлдээмээр байна. Гурван олимп дараалан тус бүр гурван алтан медаль авсан анхны тамирчин гэж бичүүлж, спортын домог болмоор байна. Зодог тайлсныхаа дараа сайхан уралддаг байж билээ гэхээс илүү үзүүлсэн амжилт, ялалтын агшныг дурсана шүү дээ. Бурхнаас надад өгсөн авьяаст хязгаар үгүйг батлах болно.
-Их спортоо орхиж буйд тань дургүйцэж, тааламжгүй хандаж буй шүтэн бишрэгчид олон байна?
-Надад өөр хийх зүйл бий. Тэр зүйлдээ ч шилдэг нь гэдгээ харуулна.
-Амжилтын тань нууц юу вэ?
-Төрж өссөн нутаг орны минь ёс заншил, уламжлал амжилтын минь түлхүүр. Ямайк гүйлтийн спортоор өөрийн гэсэн эртний соёлтой орон. Сүүлийн үед өөр улс орноос Ямайкад бэлтгэл хийлгүүлэх гэж олон тамирчинг илгээдэг болжээ. Энэ нь газар оронд минь онцгой энерги бийг батлан харуулж байна. Мөн сэтгэлгээнээс шалтгаалж байгаа байх. Ямайкчууд хөдөлмөрийн үнэ цэнийг мэддэг. Нүдээ нээсэн цагаас л ажиллахгүй бол юу ч авахгүй гэсэн зарчмаар өсгөсөн. Тэгэхээр миний амжилтын нууц бол нутгийн минь сайн тамирчдын өвлүүлж үлдээсэн уламжлал.
А.Даваахүү

Сэтгэгдэл (0)