Ч.Базарсүрэн: Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг шигшээ багт олноор сонгоосой

        Арван хурууныхаа мэдрэмжээр багшийнхаа зааж байгаа мэхийг сурдаг онцлогтой пара жүдогийн спортыг Монголд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж буй манай эмэгтэй цөөхөн дасгалжуулагчийн нэг олон улсын хэмжээний мастер Ч.Базарсүрэнг ярилцлагынхаа хойморт урилаа. Тамирчин хүн сэтгэл хөдлөлөө хянаж сурах ёстой байдаг учраас хэр баргийн зүйлд инээж, уурладаггүй гэж би боддог. Ч.Базарсүрэн багш харин ч эсрэгээрээ шавиа шийдвэрлэх барилдаан хийхэд нь хамтдаа догдолж, түгшиж, медалийн тавцанд гарахад нь баярын нулимстай угтдаг юм. Монголын Улсын гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт Д.Сумъяаг шийдвэрлэх барилдаан хийхэд, Риогийн паралимпаас хүрэл медаль хүртсэн Б.Ууганхүүг өрсөлдөгчөө ялаад татамигаас буухад нь тэр шавь нартайгаа хамт баярлаж, хөл нь газар хүрэхгүй баярлаж байсан. Ч.Базарсүрэн багшийн дасгалжуулсан тамирчдаас олимпын медальтнууд, дэлхий, тивийн аваргууд төрж, монгол түмнээ баярлууллаа. Тэрбээр Монголын пара жүдогийн тамирчдаа дасгалжуулахын зэрэгцээ Биеийн тамир, спортын хөгжлийн төвд биеийн тамирын бодлогын хэрэгжилт зохицуулалтын хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байна.

 

-Риогийн олимп, Риогийн тэнгэр монголчуудад ээлтэй байлаа. Наадмын жүдогийн төрөлд таны дасгалжуулсан тамирчид эх орныхоо нэрийг дуудууллаа. Ялангуяа паралимпаас хүрэл медаль хүртсэн Б.Ууганхүү медалийн төлөөх барилдаан хийснийхээ дараа дасгалжуулагчтайгаа баярт мөчөө хуваалцахыг харах үнэхээр сайхан санагдсан шүү?

 

-Баярлалаа. Хүрэл медалийн төлөө барилдсан Азербайжаны тамирчинтай Б.Ууганхүү маань өмнө нь дэлхийн аваргаар барилдаад хожиж байсан учраас ялахаас өөр зүйлийн талаар бодоогүй. Бидэнд медаль л хэрэгтэй гэсэн бодлоор Б.Ууганхүү барилдсан. Ялбал пара жүдочдын хувьд олимпын анхны медаль болох байсан учир их хариуцлагатай барилдах шаардлагатай байлаа. Бид Азербайжаны бөхийн барилдааныг үзэж байсан. Тиймээс Б.Ууганхүү өөртөө их итгэлтэй барилдсан. Дэвжээн дээр гарахаас өмнө тамирчныхаа биеийг барьж үзээд, сэтгэл санаа ямар байгааг асуухад ер нь л мэдрэмж төрсөн. Бид ч тамирчнаа хөтлөөд гарахдаа эрч хүчтэй, бид энэ медалийг авах ёстой гэсэн бодолтой байлаа. Б.Ууганхүүг хоромхон хугацаанд өрсөлдөгчөө ялахад нь шавиараа их бахархсан. Барьцнаас эхэлж барилддаг нь манай пара жүдо бөхийн онцлог юм. Хүний барьцанд орох юм бол барилдахад хэцүү байдаг. Түүнийг ч Б.Ууганбаяр маань ойлгож барилдсанаар амжилт гаргалаа.

 

-Б.Ууганхүүг олимпын медальтан болоход олимпын наадмыг үзэж байсан хүмүүс таны талаар асуусан. Олон нийтийн өмнө нэг их гараад байдаггүй болохоор салбарынхнаас тань бусад нь таныг сайн мэдэхгүй байлаа?

 

-Би 1990-ээд оноос самбо, жүдо бөхөөр хичээллэсэн, олон улсын хэмжээний мастер цолтой. Бөхийн багш, дасгалжуулагч мэргэжлийг эзэмшсэнээсээ хойш эмэгтэйчүүдийн жүдо, самбо бөхийн шигшээ багийн анхны эмэгтэй дасгалжуулагчаар томилогдон ажилласан. 2000 оны үед манай тамирчид олимпын наадамд тааруухан оролцсоны дараа спортынхон клубийн системд шилжсэн. Энэ үед би Биеийн тамир, спортын үндэсний төвд өсвөрийн тамирчдыг бэлтгэх сургалтын төвийн дасгалжуулагч болсон. 2005 оны сүүлээр Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн захирал, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Г.Лхагвасүрэн багш маань пара жүдо бөхчүүдийг бэлтгэх ажлыг санал болгож байлаа. Багш 2004 онд Афины олимпыг үзэхдээ хараагүй болон харааны бэрхшээлтэй хүмүүс барилддагийг мэдсэн юм билээ. Тухайн үед багш Монголын паралимпын хорооны ерөнхийлөгч байсан. Багшийг надад анх санал тавихад хараагүй хүмүүс барилдана гэж бодохоор төсөөлөгдөөгүй. Тиймээс багшийг энэ талаар анх надад хэлэхэд нь нэг их ач холбогдол өгөөгүй юм. 1998 оноос манай “Монгол охид” клубийнхэн орой болгон бэлтгэл хийдэг байлаа. 2005 онд Г.Лхагвасүрэн багш маань пара жүдогийн 15 залуугийн дунд тэмцээн зохион байгуулсан. Би ч тамирчдын жинг үзэж, ойролцоогоор нь хоёр жинд хуваагаад тэмцээнээ хийсэн. Түүний дараа багш маань “Одоо чи энэ хүмүүстэй ажиллах ёстой. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусалж, спортоор хичээллүүлэх хэрэгтэй. Энэ чамд ч буянтай ажил болно” гэж хэлсэн. Түүний дараа багшийн хэлснийг дагаж Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн бөхийн зааланд бэлтгэл хийх цаг гаргасан. Анх харааны бэрхшээлтэй хүмүүстэй ажиллахад надад ажлын туршлага дутагдаж байлаа. Бас тэднийг заавал гэрийнхэнд нь хүлээлгэж өгөх шаардлагатай болсон. Би тамирчидтайгаа ажиллахдаа аль болох залхаахгүйгээр эхлүүлж, бэлтгэл сургуулилтаа аажмаар хүндрүүлдэг. Гэхдээ л хараагүй тамирчинтай ажиллах хамгийн хэцүү байдаг. Хараагүй тамирчидтай ажиллахдаа өөрийн биеэр бэлтгэл сургуулилтаа заах шаардлагатай болдог. Миний ямар мэхийг яаж хийж байгааг тамирчид гараараа мэдэрч сурдаг. Харааны бэрхшээлтэй хүүхдүүд өндөр мэдрэмжтэй байдаг. Бас сул хараатай тамирчид бусдадаа зааж хамтарч ажилласаар өнөөдөр пара жүдочид амжилтад хүрч байна.

 

-Пара жүдочид анхны тэмцээндээ амжилттай оролцсон нь танд урам зориг өгсөн байх?

 

-Далайн орнуудын Азийн наадам 2007 онд болоход манай тамирчид анх удаа оролцож, Б.Хашцэцэг, Д.Ганбат нар хүрэл медаль хүртэж байсан юм. Малайзад болсон тэмцээн дуусаагүй байхад шавь нар маань утсаар ярьж баяртай мэдээгээ хэлэхэд маш их баярлаж, урам зориг орсон. Ингэж 2006 оноос хойш ажлынхаа хажуугаар тамирчидтайгаа ажиллаж байна даа. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 100 гаруй мянган хүн байдгийн 10 гаруй мянга нь харааны бэрхшээлтэй. Мөн Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зургаан сургууль үйл ажиллагаагаа явуулж байгаагаас бид 116 дугаар сургуулийнхантай хамтран ажилладаг. Тамирчдаа тэр сургуулиас сонгон шалгаруулдаг. Үүнээс гадна харааны бэрхшээлтэй хөдөө амьдардаг олон хүүхэд бидэнд ханддаг ч байрлах орон байрнаас болоод хотод ирж чадахгүй байна.

 

-Б.Ууганхүү тантай хэдэн оноос бэлтгэл сургуулилт хийсэн бэ?

 

-2010 оны арваннэгдүгээр сараас хойш пара жүдогоор хичээллэж байна. Б.Ууганхүү 2008 оны Бээжингийн олимпоор Н.Түвшинбаяр аваргын барилдааныг хараад жүдогоор хичээллэхээр шийдсэн гэсэн. Улмаар дөрвөн жилд нэг удаа болдог олон улсын тэмцээнд 2011 онд хувийн зардлаараа оролцож харааны ангиллаа тогтоолгоод B3-т багтсан. Хараагаа 80-аас дээш хувьтай алдсан хүмүүс пара жүдогийн тамирчин болдог. B3 ангиллын тамирчин тэмцээн бүрийн өмнө хараагаа шалгуулдаг учраас тэмцээнээс хэзээ ч хасагдах эрсдэлтэй байдаг. Учир нь, нүдний булчингаа ажиллуулдаггүй байсан хүмүүс биеийн тамираар хичээллэж дасгал хөдөлгөөн хийхээр нүдний хараа сайжирдаг онцлогтой. Ер нь 2007 оноос хөгжлийн бэрхшээлтэй иргэд анх удаа Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж орсон. Б.Ууганхүү одоо шигшээ багт харьяалагдан бэлтгэл сургуулилтаа хийж байна. Гэхдээ бидний санаанд хүртэл пара жүдогийн шигшээ багийн тамирчныг авдаггүй. Риогийн олимпын наадмаас хоёр ч тамирчин олимпын медальтан болсон учраас хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг шигшээ багт олноор сонгоосой гэж хүсмээр байна. Одоо манай пара жүдогийн шигшээ баг хоёр тамирчинтай. Ер нь Монголын шигшээ багт 100 гаруй тамирчин байлаа гэхэд 10 хувь нь л дөнгөж пара шигшээ багийн тамирчид байдаг. Бидэнд бэлтгэл хангагч шаардлагатай байна. Риогийн паралимпод оролцохоос өмнө жүдогийн эрүүл тамирчидтай бэлтгэлд нь хамт гарсандаа бид олзуурхаж байгаа. Бидний бэлтгэл хангагчаар залуучуудын шигшээ багийнхан хамтран ажилласанд маш их баярлаж байна. Бидний амжилт гаргасан нь тэдэнтэй салшгүй холбоотой. Пара жүдочид бие биенээ сайн мэддэг учраас хоорондоо барилдаад ур чадвар нь ахихгүй. Тиймээс манай тамирчид Бразилаас ирснийхээ дараахан жүдогийн залуучуудын шигшээ багийнхантай уулзаж, баярласнаа хэлсэн.

 

-Пара жүдогийн тамирчдыг багш нар нь татамид хөтлөн гаргадаг юм билээ. Тиймээс дасгалжуулагч хүн ямар байхаас тамирчны амжилт гаргах нь шалтгаалдаг юм шиг санагдсан?

 

-Бид тамирчдаа байнга хөтөлж явдаг. Б.Ууганхүү урдах мөрөө хараад явах чадвартай болохоор харьцангуй ажиллагаа бага байдаг. Энд нэг бэлгэ дэмбэрэлтэй зүйлийн талаар яримаар байна. Бид өнгөрсөн гуравдугаар сарын 1-нд Б.Ууганхүү, А.Мөнхбат нарын харааны ангиллыг шалгуулж, гран-при тэмцээнд оролцох үеэр Риогийн паралимпын ордонд орсон юм. Энэ нь бидэнд их бэлгэ дэмбэрэлтэй санагдсан. Тэр үед би тамирчдадаа “Зургаан сарын дараа энэ зааланд олимпын медальтан болохын төлөө барилдана шүү” гэж захиж байсан юм. Ер нь манай тамирчдад Бразил улс их ээлтэй байдаг. Б.Ууганхүү Бразилд болсон тэмцээнд гурван удаа оролцохдоо дандаа медаль хүртсэн.

 

-Риогийн олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Д.Сумъяа таны шавь. Энэ жил таны хоёр шавь олимпын наадмаас медаль хүртсэн болохоор үгээр илэрхийлэхийн аргагүй баяртай байгаа болов уу?

 

-Д.Сумъяагийн жүдогийн анхны багш нь би. 2004-2007 он хүртэл Д.Сумъяаг дасгалжуулаад спортын мастер болоход “Монгол охид” клуб тарсан. Тухайн үед клубт харьяалагдаж байсан тамирчдыг хүчний байгууллагуудад хуваарилахад “Хилчин” спорт хорооны тамирчин болж, дараа нь үндэсний шигшээ багийн тамирчин болсон. Энэ үеэс би пара жүдогийн тамирчидтайгаа ажилласан. Ер нь багш, дасгалжуулагч хүн өөрийнхөө оролцоогүй спортын наадмаас шавь нь медаль авахад баяртай байдаг. Намайг паралимпод явахын өмнөхөн Д.Сумъяа утсаар яриад “Шавь нь олимпаас медаль хүртсэн юм чинь та ч гэсэн паралимпаас медальтай ирээрэй. Таныг паралимпод амжилттай оролцоод ирсний дараа баяртай уулзъя” гэсэн.

 

-Та паралимпаас ирснээс хойш Д.Сумъяатай уулзсан уу?

 

-Уулзаж амжаагүй л байна.

 

-Монголын пара жүдогийн холбоог Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар тэргүүлэн ажиллаж байгаа. Спортын хүн л тамирчдад юу хэрэгтэй байгааг хамгийн сайн мэддэг болохоор энэ хүнийг танай холбооны даргаар томилсон нь нүдээ олсон шийдвэр гэж бодож байна?

 

-Миний хамгийн хүндэлдэг тамирчин бол Х.Цагаанбаатар. Одоогоос дөрвөн жилийн өмнө би Х.Цагаанбаатарт “Манай паралимпын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч болооч ээ” гэсэн санал тавьсан юм. Тухайн үед манай холбооны үйл ажиллагааг цааш нь аваад явах олны танил хүн хэрэгтэй байсан. Тэгээд л нэг өдөр Х.Цагаанбаатар миний саналыг хүлээн авснаас хойш бид хамтран ажиллаж байна. Бид 2014 онд пара жүдогийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг хийхэд ивээн тэтгэгч байгууллагуудтай Х.Цагаанбаатар ярилцаж тохирсон. Мөн тэмцээний үеэр жүдогийн олимп, дэлхийн аваргууд ирсэн нь манай тамирчдад урам өгсөн юм даа. Түүнээс хойш пара жүдогийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг өндөр төвшинд зохион байгуулдаг болсон.

 

-Х.Цагаанбаатар аваргатай хамтран хийхээр төлөвлөж байгаа ямар ажил байна вэ?

 

-Дэлхийн цомын тэмцээнийг Монголд зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Хараагүйчүүдийн олон улсын байгууллага руу удаа дараа хүсэлт тавьсан. Гэхдээ тэмцээний эрхийн оноотой тэмцээнийг зохион байгуулъя гэсэн бодол байна.

 

-Та аль нутгийн хүн билээ?

 

-Би Улаанбаатарт төрсөн. Миний аав Д.Галдандагва Булган аймгийн хүн. Аав маань Монголд самбо, жүдо бөхийг хөгжүүлэхэд хамгийн анхны шигшээ багийн тамирчин болж байсан, улсын начин цолтой хүн бий. Одоо аав Дархан-Уул аймагт амьдарч байна. Ээж Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул. Би Лу гүний Г.Вандан аваргын зээ. Тийм болоод ч тэр үү багаасаа спортоор хичээллэсэн. Хамаатныхаа хүүхдүүдтэй барилдаж өссөн болохоор барилдах маш их сонирхолтой байсан.

 

-Танай удмаас одоо алдраа дуудуулж, бөхийн дэвжээнд гарч байгаа хүн бий юү?

 

-Манай хамаатан садны үр хүүхдүүдээс спортоор хичээллэж байгаа хүн байгаа. Бидний бөхийн удам тасрахгүй үргэлжилнэ гэж бодож сууна. Би нэг хүүтэй. Хүү маань багадаа жүдогоор хичээллэж байсан. Ирээдүйд спортын хүн болох эсэхийг өөрөө л шийдэх байх.

 

Б.Сэлэнгэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • зочин (59.153.112.216)

    2016-10-04

    хогжлийн бэрхшээлтэй хумуусийг спород сургаж улмаар олимпиад дэлхийн хэмжээнд алдаршуулаж байгаа энэ эмэгтэй ч естой гавьяат дасгалжуулагч л байх естой баймаар юм даа

  • (103.57.94.39)

    2016-10-04

    ЗӨВ ШҮҮ