Б.Лхагважав: Сайн мөнгөний бодлогын үр нөлөөг улам дээшлүүлдэг зүйл нь Төв банкны олон нийттэй харилцах үйл ажиллагаа юм
- 2017-02-03
- Эдийн засаг
- 0
Монголбанкны Олон ниийтийн боловсрол, мэдээллийн төвийн захирал Б.Лхагважавтай Төв банкны олон нийттэй харилцах харилцаа, дэлхийн чиг хандлагын талаар ярилцлаа:
"Сайн мөнгөний бодлогын үр нөлөөг улам дээшлүүлдэг зүйл нь Төв банкныолон нийттэй харилцах үйл ажиллагаа юм"
- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Төв банкны олон нийттэй харилцах харилцаа ямар онцлогтой вэ, юунаас эхлэх ёстой ажил вэ гэдгээс яриагаа эхлэх үү?
-Олон нийттэй харилцах үйл ажиллагаа нь Төв банкны үндсэн зорилгыг тайлбарлахаас эхэлдэг. Мөнгөний бодлого өөрөө бодлого тодорхойлж буй бусад төрийн институциуд, санхүүгийн зах зээлийн оролцогчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн байгууллагууд, оюутан сурагчид, иргэд гээд нийгмийн бүхий л цар хүрээнд нөлөө үзүүлдэг. Гэхдээ Төв банкны хувьд хийж чадах зүйл гэж байдаг, мөн чадахгүй зүйлс ч мэдээж бий. Мөн чиг үүргээрээ хийх ёстой, хийх ёсгүй зүйлс бас байна. Иймд Төв банк гэдэг институци өөрөө яг ямар үр дүнг зорьж ажиллаж байгаа вэ гэдэг талаар олон нийт үнэн зөв ойлголтгүй байвал эргээд зах зээл дээрх хүлээлт, түүн дээр үндэслэсэн шийдвэрүүд, цаашлаад нийт эдийн засагтаа сөргөөр нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, ойлголтын буруу зөрүү байдал нь Төв банкнаас хэрэгжүүлж байгаа мөнгөний бодлогын үр дүнд сөргөөр нөлөөлнө гэсэн үг. Тэгэхээр олон нийттэй харилцах харилцаа гэдгийг Төв банк үндсэн зорилгоо тайлбарлахаас эхлээд, цаашлаад тэрхүү зорилгоо хэрхэн биелүүлэх стратеги, гаргаж буй бодлогын шийдвэрүүд болон тэдгээрийн шалтгаан зэргийг тайлбарлаж ойлгуулах үйл ажиллагаа гэж ойлгож болно.
Монголбанкны зорилгыг тэгвэл олон нийт хэр ойлгож хүлээж авдаг вэ?
Саяхан хийсэн түүвэр судалгаанд оролцогчдын 40% нь Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдлыг зохицуулагч гол байгууллага бол Монголбанк гэж нэрлэсэн. Энэ нь хэдийгээр олон нийтийн зүгээс Төв банкинд өндөр итгэл найдвар хүлээлгэж буйг харуулах ч, Төв банкны үндсэн зорилтын талаарх мэдлэг хангалттай бус байна уу гэсэн эргэлзээг бас төрүүлж буй. Уул нь Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 4-р зүйлийн 1-т "Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт - төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино" гэсэн байдаг. “Төгрөгийн тогтвортой байдал” гэхээр нэг талаас тогтвортой үнэ, нөгөө талаас гадаад валютын эсрэг тогтвортой ханш хэмээн ойлгох явдал түгээмэл байдаг. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 2-т “Монголбанк гадаад валюттай харьцах төгрөгийн ханшны бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэхдээ ханш нь чөлөөтэй бөгөөд бодитой байх... зарчмыг баримтална” хэмээн заажээ. Иймд бид мөнгөний бодлогын үндсэн зорилтыг инфляцийн тогтвортой байдал гэж ойлгох нь зүйтэй. Олон улсын нийтлэг жишиг ч ийм байдаг. Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд ч эдгээр зүйлс тусгалаа олдог. Тухайлбал, 2017-2019 онд хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэх инфляцийн түвшинг 8 хувиас хэтрүүлэхгүй байлгах зорилт тавиад байгаа.
-Тэгвэл ханшийн тогтвортой байдал Монголбанкинд хамаагүй гэсэн үг үү?
-Монголбанк ханшийн огцом савалгааг гаргахгүй байх үүргийг хүлээдэг. Харин урт хугацааны ханшийн төлөв нь Монгол улсын төлбөрийн тэнцлээр тодорхойлогдож байдаг. Ам.доллар мэт гадаад валют бол нэг төрлийн л бараа. Зах зээлийнхээ хуулиараливаа бараа элбэгшвэл үнэ нь буурч, ховордвол үнэ нь өсдөг. Гадаад валютын үнэ буюу ханш яг үүнтэй адил. Хэрэв Монгол улсын экспорт нэмэгдэж, манайхыг чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдвэл ДНБ өсч, гадаад валюттай харьцах төгрөгийн ханш чангарна. Эсрэгээрээ экспортын орлого багасч, хөрөнгө оруулалт буурвал төгрөгийн ханш суларч, ам.долларын ханш өснө. Тэгэхээр ямар ч засгийн газар экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалтад онцгой анхаардаг нь үүнтэй холбоотой. Монголбанк “төгрөгийн валютуудын эсрэг ханш зах зээлийн суурь хүчин зүйлстэй нийцтэйгээр тогтоно” гэж байнга тайлбарладаг даа. Тэр зах зээлийн суурь хүчин зүйлс гэдэг нь төлбөрийн тэнцлийн төлөв байдал, түүний дотор гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад худалдааны нөхцөл байдал зэргээ хэлж байгаа юм. Ингэхээр Монголбанк нэгдүгээрт, ханш зах зээлийнхээ суурь хүчин зүйлсээр тодорхойлогдох ёстой;хоёрдугаарт, валютын ханшийн огцом, зүй бус савалгааг зөөлрүүлэх ёстой гэж үздэг.
-Мөнгөний бодлогын үндсэн зорилт нь инфляцийн тогтвортой байдал гэлээ. Эдийн засгийн бодлого тодорхойлогч гол байгууллагын хувьд, эдийн засгийн өсөлт нь Төв банкны бас нэг зорилт байх ёстой биш үү?
- Монголбанк эдийн засгийн өсөлтийг шууд зорилгоо болголгүй, үнийн тогтвортой байдлын хүрээнд эдийн засгийн өсөлтийн зорилгыг авч үздэг. Би дээр Төв банкны тухай хуулийн 4 дүгээр зүйлийг дурдсан. Хуулийн тэр зүйлийн хоёр дахь хэсэгт “Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ.” хэмээн заасан байдаг. Шуудхан хэлэхэд мөнгөний бодлого нь урт хугацааны эдийн засгийн өсөлтөд дан ганц үнийн тогтвортой байдлаар л хувь нэмрээ оруулахаас биш өөр ямар ч аргаар нөлөөлж чадахгүй. Төв банкны мөнгөний бодлогын эцсийн зорилго нь ДНБ, ажил эрхлэлтийн цочмог савалгаанаас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлэх урт хугацааны үнийн тогтвортой байдлыг хангахад оршдог. Харин энэ үндсэн зорилготойгоо зэрэгцүүлээд өөр олон зорилго тавих тусмаа Төв банк инфляцийг савлуулж, мөнгөн тэмдэгтийнхээ тогтвортой байдлыг алдагдуулж, эдийн засагтаа их хохирол учруулдгийг харуулсан олон эмпирик жишээ бий.
- Энэ хүртэлх ярианаас Төв банкны олон нийттэй харилцах үйл ажиллагаа мөнгөний бодлоготой салшгүй холбоотой гэж ойлгогдож байна. Төв банкны харилцааны сүүлийн үеийн чиг хандлагын талаар уншигчидтай хуваалцана уу.
-Тийм ээ. Төв банкны олон нийттэй харилцах харилцаа бол мөнгөний бодлогод ашиглагдах болсон хамгийн сүүлийн үеийн арга хэрэгсэл юм. Ялангуяа 2008-2009 оны санхүүгийн хямралаас хойш хөгжсөн орнуудын Төв банкуудын хувьд өгөөжийн муруйд нөлөөлөх хамгийн гол аргуудын нэг нь олон нийттэй харилцах харилцаа болоод буй. Харьцангуй шинэ сэдэв учраас энэ талаар хийгдсэн судалгаа ч цөөн, мөн чанарыг нь Төв банкинд ажилладаг хүмүүс хүртэл ойлгохгүй байх нь түгээмэл. Уламжлалт ойлголтоор бол Төв банкны үйл ажиллагаа маш нууц, Төв банк аль болох дуугарах ёсгүй гэдэг байлаа. Харин 20-р зууны сүүл буюу 1980-аад оноос эхлэн дэлхийн Төв банкуудын олон нийттэй харилцах үйл ажиллагаа нэлээд өөрчлөгдөж, дэлхийн санхүүгийн хямралаас хойш бүрэн хувьсгал хийгдсэн гэж хэлж болно. Олон нийттэй харилцах харилцаа идэвхжиж, аль болох нээлттэй ил тод байх, бодлогоо тайлбарлах чиг хандлагад шилжсэн гэж хэлж болно. Түүнчлэн Төв банкууд үнийн тогтвортой байдлаас гадна, санхүүгийн тогтвортой байдлыг үндсэн зорилтдоо оруулах, энэ 2 чиглэлийн хүрээнд олон нийттэй харилцах үйл ажиллагаагаа явуулдаг шинэ хандлага бий болж буй.
-Яагаад ийм өөрчлөлт бий болсон талаарх түүхийг арай дэлгэрүүлж тайлбарлана уу?
1980-аад оноос эхлэн Төв банкууд засгийн газраасаа хараат бус болох үзэгдэл дэлхий нийтийн хандлага болсон байдаг. Тэр үед дэлхийд 20 орчим банк л бие даасан байдалтай байсан бол, 2010 онд энэ тоо 120 болж өссөн. Төв банкууд ийнхүү хараат бус болохоор үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй байхаас аргагүй болсон. Учир нь Төв банк бол хувийн байгууллага биш, төрөөс үүсгэн байгуулсан хуулийн этгээд тул үйл ажиллагаа нь олон нийтийн өмнө нээлттэй байж гэмээнэ хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох боломжтой болно. Харин 1990-ээд оноос эхлэн Төв банкууд ард иргэд, аж ахуйн нэгж, санхүүгийн захын инфляцийн хүлээлтийг удирдах замаар инфляцийг онилох бодлогоо хэрэгжүүлдэг болсон. Энэ үед ил тод байх, нээлттэй байх нь хангалтгүй, нөгөө талд нь бодлогын шийдвэрээ тайлбарлан таниулдаг болсон. Учир нь авч буй арга хэмжээгээ байнга, тогтмол тайлбарлаж байж л сая нэг олон нийтийн итгэлийг олж авна. Олон нийт итгэж байвал тэдний хүлээлтийг удирдах боломж бүрдэнэ.
-Өмнө Та санхүүгийн хямрал олон нийттэй харилцах харилцаанд хувьсал авчирсан гэсэн. Чухам яаж нөлөөлсөн юм бол?
2008 оны дэлхийн санхүүгийн хямралын дараа санхүүгийн зах зээл маш эмзэг болсон нь Төв банкны харилцаанд хувьсгал гэж хэлж болохоор өөрчлөлт хийгдэх том шалтгаан болсон. Учир нь Төв банкны гадна талд мэдээллийн тэгш бус байдлаас үүдэлтэй вакум орон зай үүсэх нь буруу зөрүү мэдээлэл тархах, улмаар зах зээлийг огцом савлуулах өндөр эрсдэлийг үүсгэдэг. Иймд Төв банк урьдын адил мэдээллээ нууцлах биш, харин ч эсрэгээрээ эдийн засгийн нөхцөл байдал, түүнтэй холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гаргаж буй шийдвэрүүдээ маш идэвхитэй тайлбарладаг болсон байдаг. Энд ил тод байдал ба олон нийттэй харилцах харилцааны хоорондох ялгаа нэлээд тод ажиглагдах болсон. Мэдээлэл ил тод, нээлттэй байлаа гээд шууд ойлгогдоно гэсэн үг бас биш юм. Тухайлбал вебсайт дээрээ нэг статистик тоо, эсвэл мэдэгдэл тавьлаа гэхэд түүнийг уншсан хүн ойлгохгүй байх, эсвэл бүр уншихгүй байх эрсдэл бий. Олон нийттэй харилцах харилцаа буюу тайлбарлах үйл ажиллагаа ийм л шалтгаанаар улам идэвхитэй болсон хэрэг. Түүнчлэн хямралын үед санхүүгийн систем даяар тогтворгүй байдал үүсч, ААА зэрэглэлтэй санхүүгийн байгууллагууд ч гэнэт дампуурч байсан. Иймд Төв банкуудад санхүүгийн системийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулах шаардлага зүй ёсоор тулгарч, инфляциас гадна санхүүгийн тогтвортой байдлын талаарх бодлого шийдвэрээ тайлбарлах маш том орон зайг үүсгэсэн.
-Төв банкууд ер нь их нээлттэй болсон гэж ойлголоо. Тэгэхээр мөнгөний бодлогыг их ярих, тайлбарлах тусмаа л сайн гэсэн үг үү?
Яг ч тэгж ойлгож болохгүй юм. Өмнө хэлсэнчлэн, Төв банкны олон нийттэй харилцах харилцаа нь сүүлийн 10-аад жилд цоо шинэ зүйл болж хувирсан учраас яг ийм хэмжээ давтамжаар хийх нь зүйтэй гээд баталчихсан судалгаа одоохондоо алга байна. Дэлхийд тэргүүлэх Төв банкуудын хувьд ч олон нийттэй харилцах үйл ажиллагаагаа харилцан адилгүй байдлаар явуулдаг. Гэхдээ адил төстэй зүйлс ч мэдээж бий. Тухайлбал тогтсон хуваарийн дагуу шийдвэр тайлан мэдээллээ танилцуулах, ингэхдээ аль болох зорилтот бүлгүүддээ ойлгомжтой үг хэллэгээр тайлбарлах зэрэг нийтлэг зүйлсийг нэрлэж болно. Мөн тэрхүү тогтсон хуваарьт чимээгүй байх ёстой үе ч гэж бий. Тухайлбал, мөнгөний бодлогын зөвлөлийн хурлын өмнөх 7-10 хоногт зөвлөлийн гишүүд олон нийтэд хандсан ярилцлага мэдээлэл хийдэггүй бөгөөд үүнийг “Purdah” үе ч гэж нэрлэдэг. Энэ нь нөгөө л хүлээлтийг үр дүнтэй удирдахтай холбоотой.
-Өнөөдөр Монголбанкны олон нийттэй харилцах үйл ажиллагаа дэлхийн хэмжүүрээр хаана байгаа вэ?
Монголбанкны олон нийттэй харилцах үйл ажиллагаа үр хөврөлийн шатанд байна гэж хэлж болно. Олон жилийн түүхтэй, дэлхийд тэргүүлэх Төв банкуудын зах зээл дээрх хүлээлтийг удирдах мэдлэг туршлага маш өндөр түвшинд хүрсэн. Ямар сайндаа “Бурханд итгэснээс Бундесбанкинд итгэ” гэсэн үг хүртэл байхав. Харин Монголбанкны хувьд 2010 онд анх олон нийттэй харилцах нэгж байгуулагдсан, энэ чиглэлийн үйл ажиллагааны туршлага харьцангуй бага. Иймд гадна дотны судалгаанууд ч Монголбанк олон нийттэй харилцах харилцааны асуудлаар сайжруулах шаардлагатай зүйлс олон байгааг харуулдаг. Саяхан хийгдсэн нэгэн олон улсын судалгаагаар Монголбанк Төв Азийн төв банкууд дотор ил тод байдлаараа сүүл мушгиж байсан. Монголбанкны олон нийттэй харилцах харилцааг үнэлэх зорилгоор Улаанбаатарт хийсэн түүвэр судалгаагаар Монголбанкны талаарх мэдлэг, явуулдаг үйл ажиллагааг олон нийт сайн мэддэггүй гэсэн үр дүн гарсан. Төв банкны харилцааг одоогоор сурталчилгааны үйл ажиллагаа, эсвэл ташаа буюу сөрөг мэдээлэлд үе үе няцаалт хийдэг зүйл гэж эндүүрдэг хүмүүс түгээмэл байна. Тийм ч учраас Баяртсайхан Ерөнхийлөгч Монголбанкинд хэрэгжүүлэх 5 шинэчлэлийн нэгээр олон нийттэй харилцах үйл ажиллагааг онцолж Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийг бэхжүүлэхэд анхаарч байгаа.
- Ер нь олон нийттэй харилцдаг сонгодог арга хэрэгслүүд нь юу байдаг вэ?
- Олон улсын туршлагад инфляцийг онилдог Төв банкуудад хүлээлтийг удирдах нэлээд олон арга хэрэгсэл бий. Гэхдээ үндсэн 4-ийг дурдвал: мөнгөний бодлогын мэдэгдэл, хэвлэлийн хурал, инфляцийн тайлан, хэвлэлийн мэдэгдэл зэрэг байдаг. Ямар ч байсан Монголбанкинд өнөөдрийн байдлаар эдгээр 4 арга хэрэгсэл бүгд бий. Тухайлбал, 2015 оны 1 дүгээр улирлаас эхлэн бид “Инфляцийн төлөв байдлын тайлан”-г гаргадаг болсон. Хэвлэлийн хурлаа Мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэр гарах үед тогтмол хийхээс гадна хурлын хураангуй протоколыг олон нийтэд тогтмол танилцуулсаар ирсэн. 2010 оны 5 сард Мөнгөний бодлогын анхны мэдэгдлийг гаргаж байв. Хөгжсөн орнуудын хувьд, эдгээр гол арга хэрэгслүүдээр Төв банк бодлого шийдвэрээ түгээгээд явчихдаг. Харин манай орны онцлог, зорилтот бүлгүүдийн санхүүгийн боловсролын түвшнээс хамаараад Монголын хөрсөнд таарсан зарим тохиргоо хэрэгтэй байгаа. Монголбанк бодлогоо тайлбарлан таниулах тал дээр хийгдэх ажил дөнгөж эхэлж байна, цаашид хийх хэрэгтэй олон ажил байна.
- Мөнгөний бодлогоо тайлбарлана гэсэн үг үү?
- Тийм. Бодлогын хүүгээ яагаад хөдөлгөснөө эсвэл хэвээр нь орхисноо тайлбарлах учиртай. Бодлогын хүүний хувьд, нөлөө нь 6 сараас 1 жилийн дараа илэрч гарч байдаг. Тэгэхээр жилийн дараа ДНБ ямар байх вэ? Үнэ ханш ямар байх вэ? Ажилгүйдэл ямар байх вэ? Бодлогын тухайн шийдвэр гарлаа гэхэд дээрхи үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдөх вэ? гэдгээ төсөөлж байж шийдвэрээ гаргах хэрэгтэй болно. Өнгөрсөн үйл явдал бодлогын шийдвэрт мэдээж нөлөөлнө, гэхдээ ирээдүйд юу болох таамаглал нь мөнгөний бодлогод илүү чухал байдаг. Үүнийг урагшаа харсан мөнгөний бодлого гэдэг. Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл улирал бүр хуралдаж бодлогын хүүг өөрчлөх эсэх шийдвэрээ тухай бүр олон нийтэд тайлбарлана. Харин Мөнгөний бодлогын зөвлөлийн нэг хурлаас нөгөө хурал хоорондох олон нийттэй харилцах үйл ажиллагааг Олон нийтийн боловсрол, мэдээллийн төв хариуцаж ажиллах ёстой юм.
- Таамаглал тэгээд үргэлж зөв байх уу?
- Таамаглалыг сүүлд нь гүйцэтгэлтэй нь харьцуулахад мэдээж зөрнө. Яг таг онох нь маш ховор. Монголбанк л зөрүүлдэг юм биш, дэлхийн ямар ч төв банк яг таг тааж чаддаггүй. Ингэж зөрдөг нь цаанаа бас учиртай. Ирээдүйд үүсч болох шок, өрнөж болох бүх үйл явцыг бурхан багш ч төсөөлж чадахгүй. Урьдаас таамаглаж байгаагүй шок бидний төсөөллийг зайлшгүй өөрчлөхийн сацуу бодлогын арга хэмжээний нөлөөг зарим талаар сулруулна. Ийм тодорхойгүй байдал үргэлж байдаг тул таамаглалыг магадлалтай уяж өгөхөөс өөр аргагүй болдог. Тухайлбал инфляци ийм байх магадлал нь төд гэх мэт. Мэдээж таамаглал хийхэд бидэнд байгаа бүхий л гадаад, дотоод мэдээлэл, эх сурвалжийг ашиглана. Мөнгөний бодлогын зөвлөлд гаднаас хараат бус гишүүд ажиллаж байдгийн бас нэг учир шалтгаан нь тэр. Тэдний мэдлэг, мэдээллийг ашиглах замаар таамаглалын чанарыг сайжруулах гэсэн оролдлого. Гэвч ямар ч алдаагүй төсөөлнө, таамаглана гэдэг үнэндээ боломжгүй зүйл. Нөгөө талаас Төв банк болгон таамаглалын алдааг багасгахын төлөө хичээн ажилладаг нь бас үнэн. Тэгэхээр бодлогын хүүг өөрчлөх болсон үндэслэл, төсөөллөө тайлбарлана, тодорхой хугацааны дараа өмнө нь хийсэн таамаглал яагаад зөрснөө мөн тайлбарлах хэрэгтэй болно.
-Таамаглал зөрдөг юм бол хийх хэрэг байна уу? Дээр нь олон нийт Төв банкинд итгэх юмуу?
- Бодлогын шийдвэрийн нөлөө хагас жилээс нэг жилийн дараа гардаг тухай дээр өгүүлсэн. Тэгэхээр таамаглал хийхгүйгээр бодлогын арга хэмжээг яагаад авах болсныг үндэслэх боломжгүй болно. Таамаглал яагаад зөрснөө тайлбарлах нь итгэлийг хөсөрдүүлэх бус, харин ч эсрэгээрээ. Бид ингэж төсөөлж байсан, гэтэл дундуур нь ийм ийм төсөөлөөгүй зүйл тохиолдлоо, тийм учраас бидний таамаглал ингэж өөрчлөгдлөө гээд Танд би үнэнээ өчихөд Та намайг худалч гэх үү? Эсрэгээр Төв банк дув дуугуй суугаад байвал нөхцөл байдал ямар болохыг Та төсөөлөөд үз дээ. Ямар ч мэдээлэлгүй, хэн юу хийх гээд байгаа нь огт тодорхойгүй орчин үүсвэл ямар байх бол? Төсөөлөл, таамаглалаа эхлээд хуваалцаад, дараа нь урьдчилж хараагүй ямар үйл явдал болсныг тайлбарлах нь харин ч эсрэгээрээ Төв банкинд итгэх итгэлийг улам нэмэгдүүлж, Төв банкны үйл хөдлөлийг урьдчилан таамаглагдахуйц болгодог. Ялангуяа хямралтай үед төсөв, мөнгөний бодлогыг тодорхойлогчид олон нийттэй харилцах үйл ажиллагаагаа улам идэвхжүүлэх шаардлагатай.
- Та дээр мөнгөний бодлогын нөлөө 6 сараас 1 жилийн дараа гардаг гэсэн, сая бас энэ санаагаа дахин хэллээ. Ингэж хоцордог нь ямар учиртай юм бол?
- Мөнгөний бодлогын арга хэмжээ нь шууд хэрэгжээд эхэлдэггүй гэсэн санаа л даа. Мөнгөний нийлүүлэлтийг өөрчлөх шийдвэр нь хурдан гарч болох ч, бодит эдийн засагт алгуур нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл хүү, ханш эсвэл хөрөнгийн үнээр дамжаад зээл, хэрэглээ, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, ажил эрхлэлт, үнийн түвшин, ДНБ-ийн өсөлтөд нөлөөлж, бодлогын арга хэмжээ бүрэн хэрэгжтэл нэлээдгүй цаг хугацаа орж магадгүй. Монгол Улсын хувьд бодлогын хүүний нөлөө 6 сарын дараачаас мэдрэгдэж эхлээд 1 жилийн дараа хамгийн их нөлөөлөл үзүүлдэг гэсэн тооцоо судалгаа бий.
-Эдийн засгийн ийм нарийн төсөөлөл тооцоо судалгааг хүн бүр ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр олон нийтэд тайлбарлалаа ч хүрэхгүй байх магадлал өндөр биш үү? Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвөөс энэ тал дээр юу хийж байна вэ?
Өнөөдөр нийтлэг ямар зүйл ажиглагддаг вэ гэхээр Төв банкнаас гаргадаг статистикууд, тоо мэдээ, тайлан репортууд, судалгаанууд нь цахим хуудас, статистикийн бюллетень дээр нээлттэй байсан ч тэдгээрийг олж уншаад ойлгох, ашиглах чадвар хаа хаанаа хомс байна. Бид үүн дээр дүгнэлт хийж юуны түрүүнд эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлч нарыг бэлдэх, тоон мэдээлэл ашиглаад аналитик дүгнэлт хийх чадвартай болоход нь Төв банкны зүгээс хувь нэмэр оруулах тал дээр ажиллаж байна. Сэтгүүлчид бол манай нийгэмд нөлөө бүхий хүмүүс шүү дээ. Эргээд олон нийтэд бодит чанартай мэдээллийг энгийн ойлгомжтой хэлбэрээр хүргэдэг гол суваг. Иймд эдийн засгийн чиглэлээр бичих сонирхолтой сэтгүүлчдийн сургалтыг 2 долоо хоногийн давтамжтайгаар жилийн турш зохион байгуулах төлөвлөгөө гаргаад эхний сургалтууд хийгдээд явж байна. Ингэснээр 2017 оны сүүлээс сэтгүүлчид маань “Инфляцийн төлөв байдлын тайлан”-г уншиж ойлгодог, цааш Төв банкны прогноз, дүгнэлтүүдийг олон нийтэд ойлгомжтойгоор тайлбарладаг болно гэдэг найдвар тавьж буй. Гэхдээ сэтгүүлчид бол бидний зорилтот бүлгийн зөвхөн нэг хэсэг нь.
- Тэгвэл бусад зорилтот бүлгүүд нь хэн юм бэ, тэдгээрт хандсан ямар ажлууд хийгдэх талаар ярихгүй юу?
Бид богино, дунд, урт хугацаанд зорилтот бүлгүүддээ хүрэх оновчтой сувгууд, бүтээгдэхүүнүүдийг боловсруулан хэрэгжүүлж буй. Тухайлбал, “Монголбанкны мэдээлэл” товхимлыг гаргаж УИХ-д, төр засгийн яам, агентлагуудад хүргүүлэн бодлого, шийдвэрээ танилцуулж эхэлж байна. Хэвлэлийн хурлаа сар бүр хийдэг болж статистикуудаа танилцуулахаас гадна бодлогын газрын захирлууд хэвлэл мэдээллийн байгууллагуудын асуултад нээлттэй хариулдаг боллоо. Ард иргэдийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрөө олон улсын байгууллагуудтай хамтран үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно. Өрхийн төсвөөс эхлээд, хуримтлал, хадгаламж г.м. хувь хүний санхүүтэй холбоотой сэдэв бүрээр гарын авлагуудыг ч бэлдлээ. Орон нутгийн иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаандаа нэлээд анхаарлаа төвлөрүүлж 10 жилийн сурагчид, арилжааны банкуудын ажилтнууд, төрийн захиргааны байгууллагуудад хандсан сургалт лекцүүдийг хийж байна. Оюутнууд руу чиглэсэн үйл ажиллагааг ч мөн идэвхжүүлж байна. Эрдэм шинжилгээний бага хурал, эссе бичлэгийн уралдаанууд байна. Телевизүүдтэй хамтран ажиллах талаар бодож санасан юм бий. Монголбанк өөрийн гэсэн телевизийн студитэй болох ажлыг хийж гүйцэтгэх болно. Түүнчлэн, хэрэв Та анзаарсан бол Монголбанкны вебсайт, сошиал хуудсууд ч нэлээд идэвхжиж, шинэчлэгдэж эхэлсэн. Ер нь бодож төлөвлөсөн нэлээн юм бий.
-Эдгээр ажлуудын үр дүн нь хэзээ гарна гэж харж байгаа вэ?
Хэдийгээр одоохондоо Монголбанкны зорилго зорилт, үйл ажиллагааг ойлгодог мэддэг хүн тийм ч олон биш байгаа ч, энэ байдал хурдтай өөрчлөгдөж болох юм байна гэдгийг дээр миний дурдсан түүвэр судалгааны үр дүн харуулсныг мөн энд онцлох ёстой. Бид нэг талаас Азийн хөгжлийн банк(ADB), Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага(OECD) зэрэг олон улсын байгууллагуудын шугамаар Төв банкны олон нийттэй харилцах харилцааны чиглэлээр мэргэшсэнгадны зөвлөхүүдийн туслалцааг мөн авч, боловсон хүчнийхээ чадавхийг сайжруулах тал дээр эрчимтэй ажиллаж байна. Нөгөө талаас зорилтот бүлгүүддээ хандсан боловсролын үйл ажиллагааг идэвхитэй явуулахад үр дүн нь харьцангуй богино хугацаанд гарч болдог юм байна гэдгийг ч харлаа. Ер нь олон нийттэй харилцах харилцаа нь муу мөнгөний бодлогыг сайн болгож харагдуулахын тулд биш, харин сайн мөнгөний бодлогын үр нөлөөг улам дээшлүүлэхийн тулд хийгддэг зүйл. Иймд одоо хийгдэж байгаа, цаашид хийгдэх ажлуудаасаа хүлээгдэж буй үр дүнг бид нэлээд өөдрөгөөр харж байна.
- Ярилцсанд баярлалаа.
Ярилцсан Х.Энхболд
Сэтгэгдэл (0)