Б.Цогтбаатар: Улсын цолтой бөхчүүдэд хариуцлага тооцохоос гадна урамшуулал олгоно

 

Монголын Үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчдийн 2017 оны есдүгээр сарын 27-ны өдрийн хурлын 03 тоот тогтоолоор шинэ журам баталсантай холбогдуулан тус холбооны нарийн бичгийн дарга Б.ЦОГТБААТАРТАЙ ярилцлаа.

 

-Шинэ журмыг яагаад батлах болов, ач холбогдол нь юу вэ?

-Үзэгчдийн шаардлага хүсэлтийн дагуу энэ асуудлыг эртнээс хэлэлцсэн. МҮБХ-ны тэргүүлэгчдээс бөхчүүдийн төлөөлөл болох Улсын арслан Д.Ганхуяг, Улсын гарьд И.Доржсамбуу, Улсын харцага Г.Элбэг нарт журмыг боловсруулах даалгавар өгсөн. Үүний дагуу бөхчүүд дээрх журмын эхийг боловсруулж, үүнд нь тэргүүлэгчид, МҮБХ-ны ажлын хэсгийнхний саналыг нэмж, өөрчлөлтөд оруулснаар тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн баталлаа. Энэхүү журам наадмаас наадмын хооронд Бөхийн өргөөнд болж буй барилдаанд улсын цолтой 30-аас доош насны бөхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой. Мөн журам зөвхөн бөхчүүдэд хэрэгтэй гэж ойлгож болно. Бөхийн амжилт гаргах үндэс бол бэлтгэл. Орчин үед бэлтгэлийн хамгийн сайн хэлбэр бол барилдаан гэж үзэж байна. Хэдий чинээ олон барилдана тухайн бөхийн амжилт илүү сайжирч тогтвортой байна гэж харж байгаа. Улмаар улсын наадамд илүү амжилт үзүүлэх боломжтой болно. Ингэснээр бөх үзэх үзэгчдийн тоог нэмж, бөхчүүдийн нэр хүнд илүү өснө гэж ойлгож байна.

 

-Улсын цолтой бөхчүүдэд хамаатай гэж байна. Бөхчүүддээ энэ журмыг танилцуулж чадсан уу?

- Энэ журам зөвхөн улсын алдар цолтой бөхчүүдэд хамааралтай. Хөдөө орон нутагт амьдарч байгаад нь хамаарахгүй. Манай холбоо 30-аас доош насны бөхчүүдийнхээ нэрсийг гаргасан. 30-аас доош насны 64-65 бөх байна. МҮБХ-ны тэргүүний албан захидлыг журмын хамт бөхчүүддээ гардуулж өгсөн. Ер нь барилдах боломжтой улсын алдар цолтой бөх бүрт журмыг хүргүүлж байгаа. 35- аас дээш насны бөхчүүд өөрсдийн дураар барилдана. Тэднийг нэг ч барилдсангүй гээд наадам, Цагаан сараар барилдуулахгүй гэсэн үг биш. Харин 29-өөс доош насны бөхчүүд үндсэн 20 барилдааны 14-т заавал барилдана гэсэн шаардлага тавьж байна.

 

- Яг ямар тохиолдолд бөхчүүдийг барилдуулахгүй юм бэ?

-Ер нь Бөхийн өргөөнд болж буй нийт барилдааныг хоёр үечлэлд хувааж үзэж байгаа. Намрын нээлтийн барилдаанаас эхлэн цагаан сар хүртэлх болон цагаан сараас наадам хүртэлх үе гэж үзнэ. Жил бүрийн 9-11 дүгээр сард заавал барилдах тоондоо хүрч барилдаагүй бол тухайн бөхчүүдэд 11 дүгээр сараас Цагаан сар хүртэлх барилдаанд дутуугаа нөхөн барилдах тоог зааж өгч барилдуулна. Гэвч цагаан сарын барилдаанаас өмнө барилдах тоондоо хүрч чадахгүй бол тухайн бөхийг барилдаанд оролцуулах боломжгүй гэсэн үг.

 

-Мөн улсын наадамд ямар тохиолдолд барилдуулахгүй вэ?

-Цагаан сараас хойш 4 дүгээр сар хүртэлх хугацаанд заавал барилдах тоондоо хүрч барилдаагүй бөхчүүдэд 4-7 дугаар сар хүртэлх хугацаанд дутуугаа нөхөн барилдах тоог зааж өгч барилдуулна. Гэвч энэ хугацаанд барилдах тоогоо нөхөж чадаагүй бөхчүүд улсын наадамд оролцох эрхгүй болно. Мөн барилдааны жилийн дүнгээр тодорхой шалтгаангүйгээр зохих хувьдаа хүрч барилдаагүй бөхийг улсын наадамд барилдуулахгүй.

 

-Мөнгөн урамшуулал олгож байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбар өгнө үү?

-Бөхчүүддээ хариуцлага тооцохоос гадна манай холбоо тодорхой хэмжээний урамшуулал олгож байна. Аварга цолтонд 330 мянган төгрөг, арслан цолтонд 220, гарьд цолтонд 110 мянган төгрөгийн урамшууллыг барилдаанд оролцох бүрт олгохоор болоод байгаа. Хэд давахаас үл хамаарна. Түүнээс гадна энэ гурван цолтны амжилтыг харгалзан үзэж, хамгийн өндөр амжилт үзүүлсэн, олон барилдсан хоёр бөхөд тусгай урамшуулал олгоно. Жилд дөрвөн бөхөд энэхүү урамшууллыг олгоно. Давхардаж болно. Жилийн дүнгээрээ тэргүүлсэн нэг бөхөд “Үзэгчээ дээдлэгч бөх” хэмээх цом, 10 сая төгрөгийн урамшууллыг улсын баяр наадмын өмнө олгох юм. Мөн Улсын заан, харцага, начин гээд доод гурван цолтонд бас барилдааны амжилт, барилдсан тоогоор урамшуулал олгоно. Ийнхүү жилд давхардаагүй тоогоор найман бөхөд урамшуулал олгохоор байна. Мөн жилийн дүнгээр тэргүүлсэн нэг бөхөд цом, таван сая төгрөгийн урамшуулал олгоно. Идэвхтэй сайн барилдсан бол урамшуулал авч, барилдах тоондоо хүрээгүй бөхчүүдэд хариуцлага тооцдог болж байгаа юм.

 

-Урамшуулалд чамгүй хөрөнгө мөнгө шаардагдах бололтой. Ингэхээр бөхийн тасалбарын үнийг тодорхой хэмжээгээр нэмэх болов уу?

-Нийслэлд хамгийн хямдхан үзвэр бол үндэсний бөх байх. Үзэгчдэд дарамт учруулахгүйн тулд тасалбарын үнийг нэмэхгүй байх бодлого баримталдаг. Дөрвөн уулын хишиг бариладаан, өндөр чансаатай 128 бөх барилддаг цагаан сарын барилдааны тасалбар 15-25 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Бусад барилдааны тасалбарыг 10 мянган төгрөгөөр худалдаалдаг. Энэ үнийг одоохондоо нэмэхгүй. Тасалбарын орлогоор МҮБХ санхүүждэг ч барилдаанаас орлого олох нь бага. Ер нь бол Монгол бөхийн өргөөнд тоглолт зохион байгуулж, реклам байрлуулснаас манай холбооны орлого бий болдог гэж хэлж болно.

 

-Дашрамд лавлахад, бөхийн барилдааныг дүрс бичлэгээр шүүх асуудлыг холбооноос судалж байгаа гэсэн. Энэ ажлын явц ямар байна вэ?

-МҮБХ-ны тэргүүний тушаалаар монгол бөхийн маргаантай барилдааныг дүрс бичлэг ашиглан шүүх болом байна уу гэдгийг судлах 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Заалны бөхийн барилдаанд 256 бөх барилдахад 255 барилдаан болдог. Тэрхүү 255 барилдааны 2-5 нь л маргаантай барилдаан байна. Тэгэхээр тэр 2-5 маргаантай барилдааныг шийдэхэд дүрс бичлэг ашиглах арга байна уу гэдгийг тухайн ажлын хэсэг судалж байна. Ажлын хэсгийнхэн эхний хуралдаанаа хийгээд туршиж үзэхээр болсон. Асар их хүч, хөрөнгө мөнгө шаардсан ажил болох юм билээ. Жишээлбэл, Бөхийн өргөөнд доод тал нь зургаан камерр байрлуулж байж барилдааныг шүүх боломжтой байгаа юм. Түүнээс биш хөлийн цэц, засуулгүй болго гэсэн үг биш юм. Монгол бөх уламжлалаараа явна.

 

Г.Сүрэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)