Жин Дон Кэй: Монголчууд үндэсний дуурь, балетаа шимтэн үздэг

                                 

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын “Тэнгэрийн ташуур” бүжгэн жүжгийг найруулан тавих гэж байна. Энэхүү бүжгэн жүжгийг Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан балетын бүжигчин А.Батдэлгэр 2011 онд найруулан тавьсан билээ. Ромын хаадыг нойргүй хонуулж асан Хүннүгийн жанжин Атиллагийн тухай “Тэнгэрийн ташуур” балетыг АНУ-ын удирдаач Жин Дон Кэй удирдах юм. Стэнфордын их сургуульд 14 жил зочин профессороор ажилласан эрхэм маэстротай цөөн хором ярилцлаа. 

Та “Тэнгэрийн ташуур” бүжгэн жүжгийг 2011 онд анх тайзнаа тавихад удирдаачаар ажилласан. Энэ удаад ч мөн Дуурь, бүжгийн эрдмийн театрын симфони оркестрыг удирдах гэж байна. Энэ гайхалтай бүжгэн жүжгийг анх удирдсан сэтгэгдлээ нэхэн санавал?

-Би энэ гайхалтай хөгжмийг бичсэн, бүжиг дэглээч А.Батдэлгэртэй 2011 онд танилцсаныгаа хувь зохиол гэж боддог. Ер нь балетын бүжигчин бүрэн хэмжээний хөгжим бичсэн тохиолдол тун цөөн. “Тэнгэрийн ташуур” балетын хөгжмийг өнх сонсоход гүн сэтгэгдэл төрүүлж, асар увдистай бүтээл болохыг мэдэрсэн. Энэ хөгжмийг сонссон мэргэжилтнүүд надтай санал нийлэх байх. Би 40 орчим жил удирдаачаар ажиллаж байна.

-Манай симфони оркестрын ур чадвар болон дутагдалтай талаас дурдана уу?

-Би Монголын дуурь, бүжгийн эрдмийн театрт хэд хэдэн бүтээл удирдан тавьсан. Монголын театрын уран бүтээлчдийн ур чадвар маш сайн. Ялангуяа симфони хөгжимчдийн чадвар дэлхийн аль ч театрын уран бүтээлчдээс дутахгүй, техник сайтай. Уран бүтээлээ бататгахын тулд маш их хөдөлмөрлөж, бэлтгэл сургуулилт хийдэг нь надад таалагдсан. Симфони оркестр бол дуурь, балетын хөгжмийг тоглодог нийлмэл урлаг. Хөгжмийн зохиолчийн тэмдэглэл болох ноотыг бүтээл болгон үзэгчдийн сонорт хүргэх нь хөгжимчдийн ур чадвартай шууд холбоотой. Сонгодог урлагийнхан төгс төгөлдөрийн төлөө шунан тэмүүлдэг хүмүүс. Монголын уран бүтээлчид ингэж шунан тэмүүлдэгтээ илүү сайн бүтээл гаргаж чаддаг болов уу. Театрын үйл ажиллагаа сайжирч байгаа ч оркестрт тоглож байгаа хөгжмийн зэмсгүүдийг шинэчлэх цаг нь болжээ. Ялангуяа симфони оркестрын ноён нуруу болох утсан хөгжмийн зэмсгүүдийг эхэлж шинэчлэх шаардлагатай. Европт урласан мэргэжлийн утсан хөгжим үнэтэй учраас шинэчлэл хийхэд чамгүй өртөг шаардах биз ээ.

-Монголчууд сонгодог урлагийг хэрхэн хүлээн авч байна вэ?

-Монголын үзэгчид үндэснийхээ сонгодог дуурь, балетыг шимтэн үздэг юм билээ. Уран бүтээлүүдээс “Тэнгэрийн ташуур” бүжгэн жүжгийг олон улсын зах зээлд гаргах боломжтой гэж бодож байна.

 

Х.Эрдэнэзаяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)