Э.Энхмаа: Токиогийн олимпод оролцохоор зорьж байна

Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотод болсон Залуучуудын III олимпын наадмаас алтан медаль хүртсэн буудлагын олон улсын хэмжээний мастер Э.Энхмаатай ярилцлаа. Тэрбээр 10 метрийн хийн урт бууны олон улсын холимог багийн төрөлд Унгар улсын тамирчин Залаан Пеклертэй нэг баг болон оролцсон юм.

-Залуучуудын олимпын наадмаас гурав дахь алтан медалийг эх орондоо авчирсан танд баяр хүргэе. Тэмцээнд оролцох эрхээ хэрхэн олж авсан бэ? 

-Залуучуудын олимпод оролцох эрхийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Япон улсад болсон Азийн аваргаас авсан. Тэмцээний хувьд эхлээд хувийн дасгалаар буудсаны үндсэнд холимог багт хэнтэй хамтрах нь тодорхой болдог. Залуучуудын олимпод ч үүний нэгэн адил Унгарын тамирчинтай нэг баг болсон. Унгарт очиход цагийн зөрүүний улмаас өдөр нь нойр хүрэх үе байлаа. Харин хэд хоногийн дараагаас тухайн орны цаг агаар болон бусад зүйлд дасан зохицсон. Тэмцээний хувийн дасгалд би 12 дугаар байрт орж, надтай холимог багт хамтран буудсан Унгарын Залаан Пеклер есдүгээр байрт шалгарсан. Холимог багт эхний 20-д орсон тамирчдыг нэг баг болгодог учир би Залаан Пеклертэй хамт буудахаар болсон юм.

-Гаднын тамирчинтай нэг баг болоход бэрхшээлтэй Тэр зүйл байв уу?

-Бид таван үеийг давж аварга болсон. Эхний үед Унгарын буудагч надад "Битгий сандраарай, хөгжилтэй тоглоом тоглож байна гэж бод" хэмээн зөвлөсөн. Ер нь буудахдаа аль болох тайван байхыг хэлэхэд нь би үнэхээр тайвширсан ч Унгарын буудагчийг харсан чинь гар нь чичрээд байсан.

-Медалийн төлөөх  буудлагад хамгийн хүчтэй өрсөлдөгч нь аль баг байсан бэ?

-Иран болон Аргентины буудагч нэг баг болсон. Хувийн дасгалдаа өндөр үнэлгээ авсан учир тэднээс бага зэрэг эмээж байлаа. Тэднийг хожсоныхоо дараа өөртөө улам итгэлтэй болсон. Учир нь, энэ баг хожих магадлалтай багуудын нэг байсан юм. Хамгийн сүүлд алтан медалийн төлөө Орос, Мексикийн буудагчтай өрсөлдсөн. Оросын тамирчинтай 2016 онд болсон олон улсын наадмын үеэр медалийн төлөө тунаж байсан учир түүний талаар мэдэж байлаа. Тиймээс тэмцээний өмнө нэг нэгэндээ амжилт хүссэн. Тэр буудлагын хамгийн сүүлчийн сумаар аваргаа тодруулж, Залаан Пеклер бид хоёр алтан медаль хүртсэн юм.

-Буудлагын спорт тамирчнаас маш их тэвчээр хатуужил шаарддаг. Тэмцээний үед та сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэдэг вэ?

-Тэмцээн бол тэмцээн шүү дээ. Том, жижиг гэлтгүй ямар ч тэмцээний үед тамирчид түгшинэ. Тэр дундаа буудлага бол сэтгэл зүйн спорт. Энэ онцлогоороо тамирчин бүр тэмцээний үед сэтгэл зүйгээ өөр өөрийнхөөрөө бэлтгэдэг. Буудлагын спортоор сэтгэл хөдлөл ихтэй хүн хичээллэхэд амаргүй ч өөрөөрөө байх хэрэгтэй гэдэг. Миний хувьд сэтгэл хөдлөл бага, дуугүй талдаа хүн л дээ. Тэмцээний өмнө хэрхэн буудах талаараа боддог. Багшийнхаа зөвлөгөөг сонсч, аль болох анхаарлаа төвлөрүүлэхийг хичээдэг.

-Таныг сэтгэл зүйчийн мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа гэсэн. Магадгүй буудлагын спортоор хичээллэдэг тань энэ мэргэжлийг сонгоход нөлөөлсөн үү?

-Надад таалагддаг болохоор л энэ мэргэжлийг сонгохоор болсон. Одоо би МУИС-д сурч байна. Хоёрдугаар дамжаанаасаа цаашид гүнзгийрүүлэн суралцах ангиа сонгоно. Ер нь сэтгэл судлаач болно гэж бодож байгаа.

-Буудлагын олон улсын хэмжээний мастер Ж.Ганхуяг таныг дасгалжуулдаг. Багш тань хэр хатуу хүн бэ?

-Манай багш тийм ч хатуу хүн биш. Загнаж, зэмлэхгүй ч юм бодохоор үг хэлдэг хүн байдаг шүү дээ. Багш маань тийм л хүмүүсийн нэг. Хатуу хүн гэхээсээ илүү тамирчныхаа сэтгэл зүйтэй нь сайн ажилладаг дасгалжуулагч гэвэл онох байх.

-Манай буудагчид бэлтгэлээ хамтдаа базаадаг байх. Энэ нь туршлагатай тамирчдаас зөвлөгөө авах, тэднээс туршлага судлах боломж олгодог болов уу?

 -Тийм шүү. Буудлагын олон улсын хэмжээний мастер Г.Нандинзаяа, Ч.Нарантуяа гээд бүгд хамтдаа бэлтгэлээ хийдэг. Тэд залуу тамирчдад юунд анхаарах, ямар алдаа гаргаж байгаа зэрэгт зөвлөгөө өгдөг. Бэлтгэлийн хувьд одоо өвөл болж байгаа болохоор хүчний талдаа илүү анхаарна.

-Буудлагын спортоор хичээллэхэд аавын тань нөлөө их байсан гэсэн. Танд энэ спортоор хичээллэхэд зөвлөсөн юм уу?

-Аав маань миний насанд буудлагаар хичээллэдэг байжээ. Найман жил хичээллэж байгаад буудлагаасаа гарсан гэсэн. Би аавыгаа буудлагаар хичээллэдэг байсан гэдгийг мэддэггүй байлаа. 12 настайдаа аавынхаа тэмцээнд оролцож байсан мандатуудыг хараад мэдсэн. Түүнээс хойш ааваасаа "Буудлагаар хичээллэмээр байна" гэж гуйсаар байгаад хичээллэсэн дээ. Тэгээд аав өөрийнхөө багш С.Энхжаргалд аваачиж өгсөн. Ер нь хүн хүсч хийсэн зүйлээсээ барагтай л бол шантардаггүй. Харин ч алхам тутамдаа туршлагажиж зорилгодоо хүрэхэд илүү ойртдог. Одоо би Токиогийн олимпод оролцохоор зорьж байна. Тиймээс байгаагаасаа илүү хичээж, бэлтгэлээ хийнэ.

 

Б.Номуун

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)