Мөнх дуурсагдах гавьяатан Жамсрангийн Цэрэн

Халх голын дайны шийдвэрлэх үед Монгол ардын хувьсгалт цэргийн Жанжин штабын даргаар томилогдож эх орныхоо тусгаар тоггнол бүрэн эрхт байдал, дархан хил хязгаарыг харийн түрэмгийлэгчдээс хамгаалах онцгой хариуцлагатай үүргийг нэр төртэй гүйцэтгэж, ялалт хэмээх эрхэм алдрыг авч ирэхэд үнэлж баршгүй гавъяа байгуулсан Жанжин штабын дарга, дивиз командлан захирагч Жамсрангийн Цэрэн гэх идэрхэн сайхан эрийг бас л хувьсгалын эсэргүү байгууллагын гишүүн, хорлон сүйтгэгч, Японы тагнуул, Гэндэн, Дэмидийн хамсаатан гэх зэргээр зохиомол хэрэг тулган амь насыг нь егүүтгэн Монголын ард түмэн Монгол ардын хувьсгалт цэрэгт нөхөж боломгүй гарз хохирол учруулсан. Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1989 оны тавдугаар сарын 9-ний 31 дүгээр магадлалаар түүнийг цагаатгасан ч армийн уураг тархи болсон Жанжин штабыг удирдан Халх голын дайнд ялалт байгуулсан түүхийг нь сэргээн алдаршуулж мөнхжүүлээгүйн улмаас Жанжин Штабын даргагүй мэтээр түүх бүдгэрчээ.

 

Цэрэн 1908 онд төрж, 33-хан наслахдаа эрдэм боловсрол эзэмшин идэр залуухан жанжин явахдаа дайсны шивээсэн сум, ширмэн бөмбөгний өөдөөс сөрөн тэмцээд тэнгэрт халиагүй атлаа элэг нэгт ахан дүүсийнхээ гарт амиа алдсан нь юутай харамсалтай.

 

Тэрбээр... “Эцэг эх маань ядуугийн эрхээр бусдын мал маллаж, тариа тарьж амьдардаг байсан. Эхээс 12-уулаа боловч долоо нь үрэгдсэн. Би өөрөө бусдын жингийн тэргийг хөлсөөр хөтөлж Жавхлант (Хантайшир буюу одоогийн Завхан аймгийн хуучин нэр) Алтанбулагт нэг биш удаа явж байлаа” гэжээ. Хахир хатуу цагийн хомсхон амьдралд төрж өссөн нь Цэрэнгийн хүмүүжил төлөвшилд ихээхэн нөлөөлжээ. Өөрийн хичээл зүтгэл чармайлтаар Монгол бичигт шамдан суралцаж төрийн алба хаших хэмжээнд өөрийгөө боловсруулж 1928-1930 онд Рашаант сумын нарийн бичгийн даргаар томилогдон ажиллажээ. Энэ тухайд нутгийн иргэд харц ядууст элгэмсэг дотно ханддаг, шулуун шударга зантай, эрдэм боловсролтой, сайхан морь унаж галигуулж, тэлгүүлж явдаг (цурхай) хэмээх дарга байжээ. Цэрэгт яваад олон жил болж дайны өмнөхөн 1937 онд цэргийн өндөр дээд албан тушаалтай том дарга болчихсон, хөнгөн тэрэг хөлөглөн төрсөн нутагтаа амралтаараа ирж их нутаг, элгэн садан, ээж ах дүүстэйгээ золгоод буцсан. Удалгүй эх орон дайны байдалд шилжиж иргэн бүр Халх голын зүг анхаарлаа хандуулж төвийн хэвлэл радиогоор байлдааны ажиллагааны ялалт амжилтыг өдөр бүр сонсч эмгэнэл харууслын бичиг, цахилгаан утас сэтгэл шимшрэн хүлээж авдаг байлаа.

Ж.Цэрэн Сайн ноён хан аймгийн Мэргэн гүний хошуу, Цэцэрлэг мандлын аймгийн Рашаант уулын хошуу-Хөвсгөл аймгийн Рашаант сумын нутаг Тусгалтын голд ард Жамсран, Цэндхүү нарын 12 хүүхдийн хоёр дахь нь болон 1908 онд мэндэлсэн. Тэрбээр өөрийн намтарт нас 21. Хөвсгөл аймаг, Рашаант сум. Бага даргын сургууль төгссөн. Монгол бичиг мэднэ. Гэрийн дотор ам бүл гурав, эх Цэндхүү, дүү Цэрэн 20 настай. Малаар амьдарна. Орлогын төгрөг 100. Урьд эдүгээ ял шийтгэлгүй. Цагааны цэрэгт яваагүй. Эдүгээ долоодугаар хорооны нэгдүгээр салааны дарга. Гавьяа шагнал 4 удаа авч байсан.

 

1934 онд цэргийн яамнаас Нагаан буу, Халх голын байлдаанаас бүр өмнө 1936 онд улсын 15 жилийн ойгоор “Алтан гадас” одон, 1939 оны наймдугаар сарын 31-ний БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчдийн хуралдсан 58 дугаар хурлын тогтоолоор Цэргийн гавьяаны улаан тугийн нэгдүгээр зэргийн одон тэмдгээр шагнагдсан” гэж бичжээ.

 

Жамсрангийн Цэрэнд Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжны 1938.07.11-ний өдрийн 93 дугаар тушаалаар бригад командлан захирагч мөн жанжны 1939.07.10-ны өдрийн У116 дугаар тушаалаар дивиз командлан захирагч цолыг тус тус олгосон. Бүх цэргийн жанжны 1940.05.23-ны өдрийн арваннэгдүгээр тушаалаар Жанжин штабын дарга, дивиз командлан захирагч нөхөр Цэрэн, 10 дугаар дивизийн дарга нөхөр Самдангэлэг нарын биесийг өвчний учир эмч докторын акт шинжилгээний ёсоор ЗХУ-д явуулж амруулах үүнд жинхэнэ амралт тус бүрийг хоёр сараар, ирэх очихын хамт бүгд гурван сарын хугацааг эдлүүлсүгэй.

Ж.Цэрэн 1930 оны аравдугаар сарын 15-нд цэргийн албанд татагдаж “Гурван Баян”-д байсан тавдугаар морьт хороонд цэрэг, бага даргын сургуульд суралцаж төгсөөд тэндээ салааны даргын туслах, гуравдугаар салааны даргаар, XIV хороонд салаан даргаар шилжин ажиллаж байгаад мөн оны арванхоёрдугаар сараас 1934 оны зургаадугаар сар хүртэл Цэргийн ерөнхий сургуулийн дарга нарын давтан сургуульд зургаан сар суралцаж төгсөөд XV морьт хороонд пулемёт сумангийн даргаар томилогджээ.

 

1938 оны дөрөвдүгээр сард VII дивизийн 20 дугаар хорооны дарга, дивизийн штабын дарга 1939 оны долоодугаар сарын дундуур МАХЦ-ын Жанжин штабын даргаар томилогдсон байна. Ж.Цэрэн нь морин цэргийн сургууль, хүнд пулемёт, тактик, буудлага гэсэн дөрвөн зүйлийн цэргийн эрдэмд мэргэшжээ.

 

1933 онд Баянтүмэнгийн XIV хорооны хоёрдугаар сумангийн МАХН-ын үүрт намын гишүүнээр элсч, 1935-1936 оны арванэгдүгээр сар хүртэл XIV морьт хорооны, 1937-1938 онд XX хорооны, 1938 оноос VII дивизийн намын товчооны тэргүүлэгч гишүүнээр тус тус сонгогдон ажилласан. 1940 оны МАХН-ын аравдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцож намын Төв Хорооны гишүүнээр сонгогджээ.

1940 оны арванэгдүгээр сарын 11-нд ДЯЯ-ны орлогч сайд II комиссар Жамбалдоржийн баталсан 129 тоот ордероор тус яамны ажилтан Осоржав, Шагдаржав, Дамдинсүрэн нар улс төрийн хилс хэрэгт дайчлан баривчилжээ. Дайчлан баривчлах тогтоолд тэмдэглэснээр “Гэндэн, Дэмид нарын эсэргүү байгууллагын гишүүн болох нь хэрэгтэн Цэрэв, Гомбо, Данзан нарын мэдүүлгээр дам илэрсэн ба хэрэгтэн Чимидбордухын эсэргүү ажлын талаар шууд харицаатай ажиллаж байсан хэмээн тус тус нэр илэрсний дээр Монголын бүх цэргийн тоо ба зэвсэг, техник, бүхий л зүйлийг тусгай дэвтэрт товчлон нэгтгэж өөрийн биед авч явсан зэрэг онц сэжиглэлтэй байдлууд сүүлийн үед баримттайгаар илэрсэн” гэж түүнийг буруутгасан байна. Ж.Цэрэнг дайчлан баривчлахдаа гэр орныг нь нэгжин одон тэмдэг, бугуйн цаг, герман үзэг, мөнгө төгрөг, үнэт цаас /облигаци/, бичгийн цүнх, буу зэвсэг, гутал хувцас зэрэг бүхий л зүйлийг нь хураан авчээ. Ж.Цэрэнг нийт 29 удаа мөрдөн байцаасан болох нь түүний хавтаст хэрэгт тэмдэглэснээс эхнийхээс бусдыг Ц.Цогзол гэгч гүйцэтгэжээ. Анхны байцаалтыг Д. Гомбодорж (Лхүмбийн хэргийг зохион байгуулагчдын нэг бөгөөд Данзангийн гүтгэлгийн захиаг бичсэн хүн) авчээ. -Мөрдөгчөөс “Цэрэн чиний хийсэн хэрэг хууль, мөрдөн байцаах газрын өмнө баримттай илэрсэн тул бүхий л хэргээ хүндрүүлэхгүй, ахар богино хугацааны дотор үнэн зөвөөр тодорхойлон мэдүүл. Чамайг эх орноосоо урвасан хувьсгалын эсэргүү хэрэгт чинь  дайчилсан тул олон үггүй эсэргүү ажлаа мэдүүл” гэх зэргээр асуухад Ж.Цэрэн эхэндээ хилсээр тулгасан хэргийг хүлээлгүй “Надад хийсэн хэрэг байхгүй. 

 

Би арван хэдэн жил ардын хувьсгалт цэргийн алба хааж явсан боловч чухам тийм хэрэг хийсэн хэмээхээ мэдэхгүй байна...” надад дайсанд ашиглагдаж, эх орноосоо урвасан зүйлгүй. Харин миний ажил дээр гарсан дутагдал байж магадгүй, эсэргүү байгууллагад элссэн зүйл байхгүй... Надад хэлэх хэрэг байхгүй... Би дайсны жагсаалд ороогүй, тэдний туган дор нэгдээгүй... надад эсэргүү ажил хийсэн зүйлгүй, хэрэв хийсэн ахул шаардлаггүй ярих байсан” гэхчлэн шударга байдлыг илчлэн тэмцэж байлаа.

 

VII дивизийн дарга байхдаа 1938 оны долоодугаар сард дивизийг шалгахаар очсон дэслэгч жанжин ГДамбын хувьсгалын эсэргүү байгууллагад элсч, хорлон сүйтгэх ажил явуулж байсан гэсэн хилс хэргийг түүнд тулган Дотоод явдлын яамны тусгай комиссын 1941 оны аравдугаар сарын 8-ны өдрийн VI хурлаар хуулийн дээд хэмжээгээр шийтгэж, мөн сарын 11-ний өдөр гүйцэтгэжээ.

Цэрэнг VII дивизэд ажиллаж байхад Гомбодорж тус дивизийн тусгай ангид төлөөлөгч байжээ. Урьдын танил бөгөөд өөрийг нь хэн болохыг сайнаас сайн мэдэх Гомбодоржтой учирсандаа Цэрэн найдлага тавьсан нь мэдээж. Гэтэл Гомбодорж нь түүнд хувьсгалын эсэргүү хэрэг шууд тулган байцаажээ. Цэрэн хийсэн хэрэг байхгүй тул мэдүүлэх зүйлгүй гэж няцаасаар ямар ч хэрэг хүлээгээгүй байна. Гомбодорж хожим гэрчлэн мэдүүлэхдээ “Сургагчаас-Чи өнөө орой нэгэн том хүнийг байцаана шүү гэсэн нь миний сайн таних Жанжин штабын дарга Ж.Цэрэн байсан. Би эвгүй байдалд орж биеийн байцаалтыг нь аваад бэлтгэсэн асуултаа тулгаж асуугаад л буцаасан. Цэрэн шиг сайн дарга байгаагүй бөгөөд хилс шийтгэгдсэн нь лавтай” гэжээ. Цэрэнг байцааж байсан Цогзол 1961 онд гаргасан тодорхойлолтдоо: “Цэрэнг хэрэг хүлээхгүй болохоор сургагч Скоковт танилцуулахад тэгвэл тусгай арга хэрэглэх тогтоол үйлдэн гүйцэтгэх хэрэгтэй” гэснээр тогтоол үйлдэн батлуулж зодох аргыг нэг удаа хэрэглэн “Буурал Дамбад элсэгдэн хувьсгалын эсэргүү байгуулагад орсон” гэж хүлээлгэн хэргийг шийдвэрлэсэн. Цэрэн нь улс төр, цэргийн боловсрол мэдлэгтэй, зан байдал төлөв номхон, Халх голын дайнд гавьяа байгуулсан хүн байсан. Би хувьдаа ийм хүн урвадаг байж дээ гэж эргэлзэн бодож байсан ч зүрхлэн хэлэх газар байсангүй” гэжээ. 1932 оны долоодугаар сараас баригдахыг нь хүртэл Цэрэнгийн жолооч байсан Сүхийн Ваанчиг гуай бол түүнтэй хамгийн сүүлд уулзсан ганц амьд гэрч бөгөөд “Хөөрхий, царай нь цонхийж их ядарсан байсан даа” гэж ярьж байжээ.

“Халхын голын байлдааны ид үед нойр нь хаачсан юм бол гэмээр өдөр шөнөгүй байлдаж байгаа ангиудаар явж, нийт бие бүрэлдэхүүнд байлдааны төлөвлөгөөг танилцуулж цагийн байдал, газар орны онцлогийн талаар зөвлөж байсан. Одоо бодохоор их шаргуу хүн байж дээ. Амь алдвал алдахаар юманд олон орсон. Зөвлөлтийн танкчид дээр очоод буцаж явахдаа бөмбөгдүүлж золтой гарсан. Зарим хороо ангийн байлдааны ажиллагааг тухайлбал, XXIII хороог гардан удирдаж Эрс ууланд тулалдаж байлаа.

 

Халх голын дайны үед МАХЦ-ийн бүх цэргийн комиссараар ажилласан жанжин Ж.Лхагвасүрэн түүнийг цагаатгахаас бүр өмнө “Өмнөд бүлэг дээр дивиз командлан захирагч Ж.Цэрэн ажилласан юм. Цэргийн ерөнхий сургууль төгссөн өндөр шаардлагатай шаргуу хүний нэг байсан юм” хэмээн дурдатгалдаа бичжээ.

 

-ЯПОНЫ ГЕНЕРАЛААС ХУНДАГЫГ ӨРГӨХДӨӨ ЗӨВЛӨЛТИЙН ЦЭРЭГ УЛМААР БАДРАХЫН ТӨЛӨӨ ХЭМЭЭН ЛООЗОН ТАВЬЖ УУСАН Ч ЗҮЙЛ БИЙ-

 

“Зөвлөлт, Монголын цэргүүд болон Япон ба Манжуурын талаас томилогдсон комиссуудын тус хоёр улсын хооронд байлдааны ажлыг зогсоож үхсэн хүний цогцос болон олзлогдсон хүмүүсийн биесийг харилцан солилцсон хэлэлцээний ажлын товч мэдээ” гэсэн гарчигтайгаар маршал Х.Чойбалсанд илгээсэн илтгэх хуудастаа тэрбээр хоёр талын комиссын 1939 оны есдүгээр сарын 17-29-ний өдрийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй өгүүлжээ. Дахин нэг баримт эш татахад дивизийн дарга Д.Нянтайсүрэн, комиссар О.Дандгай нар харилцан ажиллагааг муу зохион байгуулсныг соргогоор тусган 1939 оны долоодугаар сарын 15-нд гаргасан тушаалдаа “...өөрийн ангийг агаарын дайснаас хамгаалахын тулд хүн нэг бүрийг хувьсган далдалсан окопоор хангаагүйн дээр харьяа салбар ангиудыг өөрийн онгоц лугаа танилцах даавуу тэмдгийг бэлэн болгохын тулд ямар ч анхаарал санаачилгыг тавиагүй ба энэ тухай тушаалыг өгсөөр атал шууд зөрчсөн чанартайгаар хөнгөдүүлсний улмаас сүүлийн үед манай агаарын ба газрын анги нь хоорондоо байлдахад хүрч байсан болой. Энэ явдал болбоос... байлдааны цагт өөрийн ангийн цусыг үлэмжхэнээр урсуулахад хялбархан замыг нээгдүүлнэ” хэмээн нийт анги салбарын дарга нарт хатуу анхааруулсан байна.

Дайнд оролцогсдын Монголын хорооны дарга, хошууч генерал Ч.Самбуу хэлэхдээ, “Дайнд оролцсон ахмад дайчид бол хамгийн хүндтэй ч хамгийн өрөвдмөөр хүмүүс. Жанжин штабын дарга, дивиз командлан захирагч Ж.Цэрэн МАХЦ-ийн уураг тархи болсон жанжин штабыг удирдаж ялалт авчирсан хүн. Түүний нэр алдар байгуулсан гавьяаг 80 жил дурсахгүй өнгөрсөн эмгэнэлт түүх бий. Дайнд оролцсон олон ахмад дайчин Цэрэн даргын тухай үлгэр домог шиг олон зүйлийг ярьж байсан ч олон түмэнд хүрэхгүй байгаад их эмзэглэж байсан. Монголын ард түмэн, ахмад дайчид, дайнд оролцоод одоо үлдсэн цөөн хэдэн хүн, ардын армийн дайчид Цэрэн даргын байгуулсан гавьяаг бодитоор үнэлэн Монгол Улсын Баатар цолоор төр, засаг үнэлэн шагнавал баярлан бахдах байх аа” гэсэн байдаг.

 

Боржигон Цагааны МЯГМАР

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (39.115.114.99)

    2019-06-11

    mongolchuud saihan erchuud baival alchihdag yum minii tanidag olon saihan zaluu aluulsan

  • (39.115.114.99)

    2019-06-11

    helmegduulsen shaltgaan n haragdaj baian saihan zaluu baijee