Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталж, хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ
- 1 цаг 2 мин
- Улс төр
- 0
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2026.06.02/ нэгдсэн хуралдаан 14.07 цагт ирвэл зохих 126 гишүүнээс 67 гишүүн хүрэлцэн ирснээр эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 29.1-д “Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог, хэрэв тухайн төсөл хэд хэдэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол Зөвлөлтэй зөвшилцөн холбогдох болон бусад Байнгын хороог тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлнэ.” гэж заасныг тодотгоод, 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг холбогдох Байнгын хороонд хуваарилсан талаар танилцуулав.
П.Сайнзориг нарын УИХ-ын 37 гишүүний өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийг Хууль зүйн байнгын хороонд, С.Одонтуяа нарын УИХ-ын 37 гишүүний өргөн мэдүүлсэн Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороонд, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд, Д.Ганмаа нарын УИХ-ын 46 гишүүний өргөн мэдүүлсэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд хуваарилсныг мэдээлэв.
Үргэлжлүүлэн “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлагдав. Тогтоолын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар явуулсан бөгөөд энэ өдрийн хуралдаанаар үргэлжлүүлэн явуулсан юм.
Дараа нь Х.Тэмүүжин нарын УИХ-ын 40 гишүүний 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн явуулав. Чуулганы 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн танилцуулга, үзэл баримтлалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд УИХ дахь АН-ын бүлэг нэг өдрийн засварлага авснаар санал хураалт хойшлоод байсан юм. Засварлагын хугацаа дууссан учир төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Дараа нь Х.Баасанжаргал нарын УИХ-ын дөрвөн гишүүний, М.Бадамсүрэн нарын УИХ-ын 33 гишүүний, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын тус тус өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 4 хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг санал хураалт явуулан шийдвэрлэв.
Чуулганы 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн танилцуулга, үзэл баримтлалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.
Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх М.Бадамсүрэн нарын УИХ-ын 33 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээгүй учир хууль санаачлагчдад буцаав.
Харин УИХ-ын үйл ажиллагаа, дэгийн зохицуулалтуудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасан бусад гурван хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүдийн санаачилсан Улсын Их Хурлын тухай болон Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг байгуулан ажиллаж, энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлахаар бэлтгэж байгааг тодотгосон.
Тэрбээр, УИХ-ын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, УИХ-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх агуулга бүхий хуулийн төслүүдийг хэлэлцэн баталснаар УИХ-ын үйл ажиллагаа илүү зохион байгуулалттай болж, төрд, парламентад итгэх ард иргэдийн итгэл нэмэгдэх болно хэмээгээд, УИХ-ын гишүүд, Ажлын хэсэг хариуцлагатай ажиллахыг хүслээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)