АНУ-тай боловсрол, эрчим хүч, харилцаа холбоо зэрэг салбарт хамтран ажиллана
- 5 цаг 16 мин
- Улс төр
- 0

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганыг /2026.06.02/ хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Стратегийн гуравдагч хөрш” АНУ-тай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгч ирснийг онцлоод, манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим зэрэг нийтлэг үнэт зүйлд тулгуурлан амжилттай хөгжиж буйд сэтгэл хангалуун байгааг тэмдэглэв.
Монгол Улс АНУ-тай улс төрийн бат бөх харилцаагаа бэхжүүлэхийн зэрэгцээ бизнес, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө байгааг нотлов. Энэ хүрээнд боловсрол, эрчим хүч, ашигт малтмал, харилцаа холбоо, хиймэл оюун ухаан зэрэг ирээдүйд чиглэсэн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх өргөн боломжтой гэж үзэж буйгаа Ерөнхий сайд илэрхийлсэн юм.

Монгол хүүхдүүдийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлөх санаачилгын хүрээнд бүх сургуулийг Google reference болгох, энэ хүрээнд 2026 оны есдүгээр сарын 1-нээс сурагчдыг нөүтбүүктэй болгох үе шаттай ажлыг эхлүүлсэн. Монгол Улсад 300 мянган Google Chromebook угсрах үйлдвэр байгуулахаар ажиллаж байна. Эхлүүлсэн ажлуудаа үр дүнд хүргэхэд дэмжиж, хамтран ажиллахыг Элчин сайдаас хүсэв.
Хоёр улсын түүхэн харилцааны бэлгэ тэмдэг бүхий АНУ-ын Мянганы сорилтын корпорацын шугамаар хэрэгжсэн Усны Компакт гэрээ амжилттай дуусгавар болж байна. Монгол Улс гурав дахь Компактыг хэрэгжүүлэх боломжуудыг судалж, АНУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгааг онцолсон юм.
Засгийн газрын хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилга буюу эдийн засаг, эрх зүй, дүрэм журам, ногоон хөгжлийн чөлөөлөлт болон авлигын эсрэг чөлөөлөлтийн хүрээнд бизнес эрхлэх эрх чөлөө, хувийн өмч, хөрөнгө оруулалтыг хуульчлан хамгаалж, хуулиас давсан дүрэм, журам гаргахыг таслан зогсоох зэрэгт Засгийн газар онцгой ач холбогдол өгч байгааг мөн хэллээ.

АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган гуравдагч хөршийн хамтын ажиллагаанд тууштай байдагт Ерөнхий сайдад талархал илэрхийлээд, Монгол Улсад англи хэлний сургалтын чиглэлээр нэмэлт санхүүжилт олгох болсноо мэдэгдэв. Мөн Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийллээ.
Ирэх онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн тохионо.


Сэтгэгдэл (0)