Залуучууд хөдөлмөрлөж чадвал сумандаа сайхан амьдрах боломж байна гэв

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар 07 дугаар сарын 30-наас 08 дугаар сарын 06-ны өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллалаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар очсон сум болгондоо үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсож байгаа билээ. Тэрбээр энэ удаа хонины нэхий элдэж боловсруулах цех ажиллуулж байгаа Баянхонгор аймгийн Шинэжинст сумын иргэн Ш.Ганбатынхаар зочиллоо.

Ш.Ганбат, “2015 оноос эхлэн хонины нэхий боловсруулж эхэлсэн. Одоогоор ээж, эхнэртэйгээ хамтарч ажилладаг. Сард дунджаар 80 орчим нэхий боловсруулж байна. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал өдөрт 15 нэхий элдэж боловсруулах боломжтой. Түүхий эдээ малчдаас авдаг. Гэхдээ цэвэрхэн хуулж, анхны боловсруулалтаа сайн хийсэн арьс авахыг боддог. Тиймэрхүү арьсыг 2000 орчим төгрөгөөр худалдаж авдаг. Элдсэн нэхийгээ ихэвчлэн малчдад дээл хувцас хийхэд нь зориулж  арилждаг. Нэг дээлэнд 8-15 нэхий ордог.
    Хаягдал гаргахгүйн тулд жижиг хэсгүүдийг дэгтий, нударганы бэлдэц болгож өгдөг. Нэхий боловсруулах технологийг Улаанбаатар хотод сургалтад сууж сурсан. Одоогоор гэртээ нэхийгээ элдэж боловсруулдаг, хүйтний улирал эхлэхээс өмнө ажлын байраа барьж дуусгана гэж бодож байгаа. Санхүүгийн хувьд өөрөө л болгож байна. Янз бүрийн төсөл, зээлд хамрагдах гэж үзсэн. Даанч барьцаа хөрөнгө байхгүй гээд олддоггүй юм байна билээ.

Хонины нэхийг сайхан боловсруулчихвал зөвхөн манайд ч гэлтгүй Өвөрмонголд зах зээл байна. Сумандаа сайхан ажиллаж амьдрах боломж байна. Төр засаг болон орон нутгийн удирдлагуудаас бүтээгдэхүүнүүдийг зах зээлд гаргах, борлуулах чиглэлээр жаахан л дэмжээд өгвөл орон нутагт сайхан амьдарч болж байна. Хонины нэхийг элдэхэд гардаг хялгасаар дулаалгын матаериал хийж болмоор санагдаад байгаа юм. Залуучууд өөрсдөө санаачлаад, хөдөлмөрлөвөл хийх ажил их байна. Түүнийг нь төр засгаас санхүүгээр дэмжих хэрэгтэй байна” гэж ярилаа.  

Тэрбээр мөн хонины хорголоор галладаг зуухыг өөрөө зохион бүтээж, 2018 оны намраас хэрэглээндээ ашиглаж байгаа юм байна. Энэ зуухандаа модлог ургамал түлдэггүй бөгөөд хонины хоргол, аргал, хомоол зэргийг багахан хэмжээний нүүрстэй хольж түлдэг байна. “Энэ зуухыг ашиглах нь говийн экосистемд чухал нөлөө үзүүлнэ гэж боддог. Модлог ургамал түлэхгүй учраас загаа хамгаалахад нэмэр болно. Илч сайтай, дулаанаа сайн хадгалдаг. Нэг портер нүүрс 10 дугаар сард авсан, одоо хүртэл түлж байна. Нэг зуух ойролцоогоор 90 орчим мянган төгрөгөөр бүтдэг гэж танилцууллаа.

УИХ-ын дарга Г.Занданшатарыг дагалдан нарийн мэргэжлийн эмч нар, гар утасны засвар, үсчин гоо сайхны баг ажилласны зэрэгцээ спортын төрөл бүрийн уралдаан тэмцээн зохиож, аймгийн татвар, нийгмийн даатгал, улсын бүртгэл, хөдөлмөр халамжийн байгууллагууд “Нэг цэгийн үйлчилгээ” үзүүлсэнд иргэд ихэд талархалтай байлаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)