"КОВИД-19" халдварын боловсролд үзүүлэх нөлөөг судалжээ

Их Британийн Бристол их сургуулийн Эдийн засгийн профессор Саймон Бургесс болон ахлах багш, эдийн засагч Ханс Хенрик Сивертцен нар "COVID-19" халдварын боловсролын салбарт үзүүлэх нөлөөг судлан, өөрийн байр сууриа тэргүүлэх эдийн засагч нарын судалгаа, шинжилгээнд тулгуурлан дүн шинжилгээ, тайлбарыг нийтлэн гаргадаг "Vox" цахим мэдээллийн сайтад гаргажээ.

Энэхүү дүгнэлтэд "COVID-19" халдвар нь юуны түрүүнд эрүүл мэндийн хямрал юм. Ихэнх улс сургууль, коллеж, их сургуулиудаа хаах шийдвэрийг гаргасан (энэ ч зөв). Энэхүү хямрал бодлого боловсруулагч нь сургуулийг хаах (харилцааг багасгаж, олон хүнийг аврах) болон сургуулийг үргэлжлүүлэн ажиллуулах (ажилтан, албан хаагч нарт ажиллах зөвшөөрлийг өгч, эдийн засгаа аврах) гэсэн хоёр сонголтын өмнө ирээд байгааг тодорхой болгож байна. Дэлхий даяар олон гэр бүл богино хугацаанд хатуу чанд хөл хорионд орж, гэрийн сургалтад шилжсэнээс үүдэн эцэг, эхийн ажлын бүтээмжээс гадна хүүхдүүдийн нийгмийн амьдрал, сургалт томоохон цочролд ороод байна. Боловсол, сургалтын үйл ажиллагаа өмнө хэзээ ч байгаагүй өргөн цар хүрээтэй цахим сургалтын хэлбэрт шилжлээ. Оюутан, сурагчдын үнэлгээ ч цахим хэлбэрт шилжсэн. Энэ бүхэн томоохон сорил, эргэлзээг бий болгож байна. Гол нь, сургалтын үйл ажиллагааны завсардалт нь богино хугацааны асуудал биш, харин урт хугацаанд үр дагавар авчирч, тэгш бус байдлыг улам ихээр нэмэгдүүлэх хандлагатай байна.

Сургуульд сурах нь ур чадварыг нэмэгдүүлэх хамгийн шилдэг төрийн бодлого мөн. Сургуульд сурснаар цагийг зугаатай өнгөрүүлэхээс гадна нийгэмд амьдрах ур чадвар, нийгмийн талаарх мэдлэгийг өгдөг. КОВИД-19 тахалын сургалтын үйл явцад үзүүлэх нөлөөллийг тооцоолох боломжтой юу? Бид шинэ нөхцөл байдалд ороод байгаа тул нарийн тооцох боломжгүй болов уу. Гэхдээ л бид өмнө хийгдсэн судалгааг ашиглан нөлөөллийг тооцож болох юм” гээд хоёр ч судалгааны ажлын үр дүнгээр "COVID-19" халдварын боловсролд үзүүлэх нөлөөг урьдчилан тооцоолох оролдлого хийжээ.

Бристол их сургуулийн судлаачид боловсролд коронавирусийн тархалт хэрхэн нөлөөлөхийг хоёр төрлийн нотолгоог ашиглан тооцоолсон байна. Үүнд: Карлсон тэргүүтэй судлаачдын (2015 онд) чухал шалгалтад бэлтгэх хоногийн тоо суралцагсдад хэрхэн нөлөөлөх талаар Шведэд хийсэн судалгаа. Судалгаагаар ердөө арван хоногоор илүү хичээллэсэн танхимын сургалт нь мэдлэгийг нэмэгдүүлж, шалгалтын оноог өсгөхөд нөлөө үзүүлсэн байна. Мөн суралцах хугацаа сургалтын үр дүнд хэрхэн нөлөөлөхийг судалдсан (2015 онд) Левигийн судалгаагаар Данийн сургуулиудын математик, хэл болон байгалийн шинжлэх ухааны хичээлийн долоо хоногт орох даютамж Австрийн сургуулиудаас 55 хувь илүү байснаар Данийн сурагчдын эдгээр хичээлийн шалгалтын үр дүн Австрийн сурагчдаас 10 хувиар илүү гарсныг дурджээ.

Түүнчлэн судлаачид цар тахлын улмаас сургууль хаагдсанаар танхимын сургалт завсардахаас гадна сурагчдыг үнэлэх шалгалтууд цуцлагдаж, шалгалтын тов хойшлогдож байгааг онцолсон байна.

Эх сурвалж: БСШУСЯ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)