Ц.Оюунсүрэн: Шинж тэмдэг илрээгүй нөхцөлд түргэвчилсэн оношлуурыг ашиглаж болно

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн молекул биологийн лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Ц.ОЮУНСҮРЭНТЭЙ ярилцлаа.

-Та яагаад энэ мэргэжлийг сонгох болов. Санамсаргүй тохиолдол байсан уу эсвэл сонирхол, энэ мэргэжлийн талаар ойлголт мэдээлэл байсан уу. Магадгүй, таны аав ээжийн нөлөө ч байсан байж болох юм?

-Би 10 жилд байхдаа одон орон судлаач болно гэж мөрөөддөг байлаа. Манайх зун Хүрхрээгийн амны зусланд гардаг байсан тул Одон орон судлалын төвд очих дуртай байсан нь нөлөөлсөн байх. Намайг дунд сургуулиа төгссөн тэр жил манай нэгдүгээр сургуульд астрономичийн хуваарь ирээгүй тул надад “Цитология и генетика” гэсэн хуваарь өгөөд “Энэ чиний хүссэн мэргэжилтэй адилхан. Гэхдээ макроскопоор биш микроскопоор хардаг, адилхан судлаач болно” гэхээр нь зөвшөөрөөд генетикч, бас эс судлаачийн мэргэжилтэй болсон. Харин одоо энэ мэргэжилдээ хайртай, 40 гаруй жил дуртай ажлаа хийж байна.

 

 -Таны судалгааны цөм нь юу вэ.Эрдмийн зэрэг цолоо ямар сэдвээр хамгаалж байв?

 

-Би ЗХУ-д их сургуулиа төгсөж ирээд ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Генетикийн секторт ажилд орсон. Тэр үед надад манай секторын эрхлэгч, тэжээлийн ургамлын генетикийн чиглэлээр ажиллах үүрэг даалгавар өгсөн тул би үүгээр дагнаж, нэлээд хэдэн жил ажиллаж байлаа. Тэгээд “Монгол орны саман ерхөгийн популяциудын кариотипийн судалгаа” сэдвээр тэр үеийн БНУАУ-д биологийн ухааны дэд эрдэмтний зэрэг (Ph.D) хамгаалсан. Харин 1990-ээд оноос Монголын хүн амын дунд тархсан хепатитийн зарим вирусын генетик онцлогийн чиглэлээр ажиллаж, энэ сэдвийн хүрээнд шинжлэх ухааны докторын зэрэг (Sc.D) хамгаалсан. Би Монголд академич хэргэм хүртсэн дөрөв дэх эмэгтэй судлаач болсноороо бахархдаг.

 

-Дэлхий дахиныг хамарсан шинэ коронавирусийн эсрэг, түүнийг эрт оношлох талаар олон улсад ямар ажил хийж байна вэ. Түргэвчилсэн оношлуур өмнө нь байсан байх. Гэхдээ “COVID-19”-т зориулж шинэ оношлуур бүтээсэн үү. Өмнөхөө үүнд зориулан сайжруулсан уу?

 

-Энэ короновирусийн халдварыг илрүүлэхэд дэлхий нийтэд полимеразын гинжин урвал -PCR (Polymerase Chain Reaction)-ын арга буюу хүнд уг вирусийн генетик материал болох РНХ молекулыг илрүүлэх аргаар дээрх вирусийн эсрэг төрөгч (зарим тохиолдолд эсрэг бие)-ийг илрүүлэх түргэвчилсэн арга гэсэн хоёр төрлийн оношлуурыг хэрэглэж байна. Вирусийн генетик материал ба эсрэг биеийг илрүүлэх эдгээр арга нь тухайн хүн Sars-2 вирусийн халдвартай байна уу гэдгийг тодорхойлох юм. Төрөл бүрийн түргэвчилсэн оношлуурууд байдаг. Эдгээр түргэвчилсэн эсвэл хурдавчилсан гэх оношлуурууд нь цаг хугацаа хэмнэх ач холбогдолтой ч түүний өвөрмөц ба мэдрэг чанар хангалттай бус тул хуурамч эерэг эсвэл сөрөг үр дүн өгөх талтай.

 

ПГУ (PCR) нь найдвартай хэдий ч цаг хугацаа шаарддаг, маш мэдрэг, “хэврэг” арга тул энэ оношлогоог нарийн мэргэшсэн, сайн дадлагажсан мэргэжилтэн хийж гүйцэтгэх шаардлагатайгаас гадна түүний багаж тоног төхөөрөмж болон урвалж бодис нь үнэ өртөг өндөртэй зэрэг хүндрэлтэй талтай.

 

Эдгээр нь өмнө бусад төрлийн генетикийн материал, өвчин гэх мэтийг илрүүлэхэд хэрэглэгдэж байсан аргууд юм. Мэдээж, дэлхий дахинд энэ шинэ төрлийн Sars-2 вируст тохирсон тусгай “тохируулгыг” хийсэн дээрх аргуудад үндэслэсэн оношлуур ашиглаж байна.

 

-Энэ талаар манай эрдэмтэн судлаачид, эрдмийн хамт олон хэрхэн ажиллаж байгаа вэ. Наймдугаар сард би Болдбаатар доктортой уулзаж ярилцаж байсан. Түүнээс хойш ямар ахиц дэвшил гарсан бэ?

 

-Манай ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лабораторийн хамт олон ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторийн эрдэмтэн судлаачидтай хамтран, мөн МУИС-ийн Биологийн тэнхимийн судлаач оролцсон төсөл хэрэгжүүлж ЭЛИЗА аргад үндэслэсэн оношлуурын цомгийн чиглэлээр ажиллаж, уг оношлуурыг гаргаж авсан. Түүний шинж чанарын судалгаа хийгээд ерөнхийдөө дуусаж байгаа. Одоо уг оношлуурыг практикт нэвтрүүлэх ажил эхлэх шатандаа байна. Энэ нь шинэ төрлийн короновирусийн халдварын улмаас хүний биед түүний эсрэг дархлаа тогтсон эсэхийг илрүүлэх, өөрөөр хэлбэл, уг вирусийн эсрэг биетийг илрүүлэх оношлуур юм. Бусад судлаач өөр өөрсдийн лабораторийн чадавх, бололцооны хүрээнд хэд хэдэн оношлуур хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байгаа гэсэн мэдээ байсан. Энэ цаг үед манай эрдэмтэн судлаачид гадаадад, эндээ ч боломжоороо Монголдоо хэрэгцээтэй зүйл, тухайлбал, хэд хэдэн төрлийн оношлуур зэргийг хийж байгааг дэмжих хэрэгтэй. Практикт нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь төр засгийн үүрэг болов уу. Болдбаатар, Нямбаяр, Батбаатар нарын докторуудын ажлыг би хувьдаа дэмжиж талархаж байгаа. Саяхан Батбаатар докторын баг хүний шүлсний дээжид короновирус илрүүлэх оношлуур хийх төслийн санал дэвшүүлсэн гэж сонссон. Гэхдээ надад одоогоор тэдгээр эрдэмтдийн ажлын үр дүнгийн талаар бүрэн баталгаатай мэдээлэл алга.

 

–Манай улсад ашиглаж байгаа түргэн оношлуураар хийсэн шинжилгээний хариу яагаад PCRийн хариутай зөрөөд байдаг юм бэ. Түүний үр дүн хэдэн хувийн баталгаатай байдаг вэ. Сүүлдээ жишээ нь, Архангайгаас ирж буй иргэд түргэн оношилгоонд хамрагдаад сөрөг хариутай бол PCR-ийн шинжилгээг заавал нэхэхгүй,түүнийг үндэслэн нийслэл рүү нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн байсан. Энэ хэр найдвартай вэ. Ийм байж болох уу?

 

-Би дээр эдгээр хоёр аргын эерэг, сөрөг байдлын талаар ярьсан. Энэ коронавирус РНХ (рибонуклейн хүчил) хэмээх генетикийн буюу удамшлын материалтай. РНХ молекул нь маш амархан мутацид орж өөрчлөгддөг. Нэг хүний өөр өөр төрлийн эсэд ч уг молекул (РНХ) мутацид орж өөрчлөгдсөн байж болох, нэг хүнээс нөгөөд тархах явцдаа ч уг вирусийн РНХ молекулд ямар нэгэн мутаци үүсч болно. Иймээс түргэвчилсэн оношлуураас гадна PCR-ийн оношлуур ч 100 хувийн баталгаа өгөхгүй. Гэхдээ энэ хоёр аргыг авч үзвэл, PCR-ийн оношлуур нь илүү найдвартай. Өвчний шинж тэмдэг илрээгүй, халуураагүй хүнд заавал PCR-ийн шинжилгээ хийнэ гэхгүй, түргэвчилсэн оношлуур ашиглаж болно. Дэлхий нийтэд ч тийм байгаа. PCR-ийн оношлуур ихээхэн үнэтэй, нарийн арга ажиллагаа, цаг хугацаа шаардах тул тэр бүр ашиглахад хүндрэлтэй. Харин манайд хүн ам цөөн тул уг аргыг нэлээд хэрэглэж байх шиг байна.

Нобелийн шагналт Жеймс Уотсон гуайн хамт,Зальцбург хот, Австри улс

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)