АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын БНХАУ-д хийсэн айлчлал

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп БНХАУ-д 2026 оны 5-р сарын 13-наас 15-ны өдрүүдэд төрийн айлчлал хийлээ. Энэ нь Д.Трампын хоёр бүрэн эрхийн хугацаанд ерөнхийлөгчөөр ажиллахдаа хийсэн хоёр дахь айлчлал болов. Д.Трамп өмнө нь 2017 онд Бээжинд айлчилж байсан юм. Энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд АНУ-ын Төрийн бичгийн дарга Марко Рубио, Батлан хамгаалах/Дайны яамны сайд Пийт Хегсет, Сангийн сайд Скотт Бессент, Д.Трампын хүү Эрик Трамп, эхнэр Лара Трамп болон АНУ-ын тэргүүлэх 17 компанийн удирдлага багтсан. Энэхүү “түүхэн” гэгдэх айлчлалын үр дүнг дараах байдлаар тоймлож байна. Үүнд:

Иранд шахалт үзүүлэхэд БНХАУ-ын дэмжлэгийг авах талаар дорвитой ахиц гаргасангүй: Айлчлалынхаа өмнө Д.Трамп энхийн хэлэлцээр байгуулах, Ормузын хоолойг нээхэд Иранд БНХАУ-аар шахалт үзүүлүүлэх хэрэгтэйг үгүйсгэж байв. Хятад улс Ираны газрын тосны хамгийн том худалдан авагч учраас Д.Трампын зөвлөхүүд дайныг зогсооход Хятад зуучилж чадна гэж үзэж байсан боловч Цагаан ордны тэргүүн үүнийг үл тоомсорлосон юм. АНУ-Израилын Ирантай хийж буй дайн нь Вашингтоны гадаад бодлогод тэргүүлэх ач холбогдолтой болж, Украины дайн, Газын зурвасын дайн зэрэг бусад халуун цэгийн асуудлыг анхаарлын төвөөс шахсан. Энэ дайны улмаас АНУ-ын дотоодод эрчим хүчний зардал нэмэгдсэн ба AAA моторын группийн мэдээллээр нэг галлон хар тугалгагүй бензиний улсын дундаж үнэ 2022 оны 7-р сараас хойших хамгийн өндөр түвшинд буюу 4.5 ам.долларт хүрчээ. Шатахуун болон хүнсний бүтээгдэхүүний үнийн огцом өсөлт нь хэрэглээний үнийн индексийг өсгөж, сүүлийн 12 сарын хугацаанд үнийн түвшин 3.8% болж өссөн байна.[1] Энэ нь 11-р сард болох АНУ-ын Конгрессын завсрын сонгуульд Бүгд найрамдах нам амжилттай оролцож чадах эсэхэд шууд нөлөөлөхөөр байна.

 

Иран дахь дайныг шийдвэрлэхэд БНХАУ-ын тусламж, дэмжлэгийг авах эсэх нь тодорхойгүйгээр Д.Трампын Бээжинд хийсэн айлчлал өндөрлөв. Мөн Бээжин Вашингтонд дэмжлэг үзүүлбэл хариуд юу хүсэх нь тодорхойгүй хэвээр байна.

 

Д.Трамп Иранд дэмжлэг үзүүлж байгааг нь шийтгэх зорилгоор БНХАУ-ын Ирантай бизнес эрхэлдэг боловсруулах үйлдвэрүүдэд тавьсан хориг арга хэмжээгээ сулруулж болохыг санал болгосон юм. АНУ-ын Сангийн яамны 4-р сарын 24-ний өдөр зарласан хоригт Иранаас газрын тос худалдаж авсан гэж буруутгагдаж буй БНХАУ-ын газрын тос боловсруулах 5 үйлдвэрийг хамруулсан.[1] [2] Д.Трамп Вашингтон руу буцах замдаа сэтгүүлчдэд хандан хэлэхдээ, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ормузын хоолойг дахин нээхийг хүсэж байгаа, Иран цөмийн зэвсэг хөгжүүлэх ёсгүй гэдэгт Вашингтонтой санал нийлж байгааг мэдэгдсэн. Гэвч үүнтэй зэрэгцэн БНХАУ-ын Гадаад хэргийн яам үүнээс өөр утгатай мэдэгдэл гаргав. Мэдэгдэлд “хэзээ ч болох ёсгүй байсан энэ мөргөлдөөн үргэлжлэх шалтгаан байхгүй. Талуудад энх тайвныг тогтооход нь туслахыг хүсэж байгаа” гэжээ.[3]

 

Хоёр талын худалдааны хэлэлцээрийг сунгах талаар ахиц дэвшил гарсангүй: Д.Трамп баасан гарагт телевизийн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа, Бээжинд хийсэн хоёр өдрийн айлчлалыг “гайхалтай цаг хугацаа” гэж нэрлэсэн. Мөн тэрээр Хятад улс АНУ-д төвтэй Боинг болон GE Aerospace компаниудад их хэмжээний захиалга өгөхөөр болсныг мэдэгдэв. АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлснээр, хоёр талын гэрээний дагуу БНХАУ нь GE Aerospace компаниас 400-450 ширхэг тийрэлтэт хөдөлгүүртэй онгоц, Боинг компаниас тийрэлтэт онгоц 200 ширхгийг худалдан авах бөгөөд “хэрэв тэд сайн ажиллавал” 750 хүртэлх нисэх онгоц нэмж худалдан авахаар амласан. [4] Харин Боинг компани болон Хятадын аль аль нь энэ мэдээг албан ёсоор баталгаажуулаагүй байна.

 

Д.Трамп Ши Жиньпинтэй хийсэн яриа хэлэлцээний үеэр хөдөө аж ахуйн хэлэлцээрийн талаар тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдэв. “Фермерүүд маш их баяртай байх болно. Олон тэрбум ам.долларын шар буурцаг худалдаж авна” гэж Цагаан ордны тэргүүн мэдэгдэв.

 

АНУ-ын Худалдааны төлөөлөгч Жеймисон Грир Пүрэв гарагт Bloomberg-т өгсөн ярилцлагадаа, БНХАУ АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авахад 10 тэрбум ам.доллар зарцуулна гэж найдаж байна гэв.[5] Д.Трампын айлчлалын бүрэлдэхүүнд гүйцэтгэх захирал нь багтсан Nvidia компани АНУ-ын засаг захиргааны зөвшөөрлийг авсныхаа дараа өндөр хүчин чадалтай H200 хагас дамжуулагчаа БНХАУ-д худалдахын тулд Бээжингийн зөвшөөрлийг хүлээж байна. Д.Трамп БНХАУ “өөрийн чипүүдийг хөгжүүлэх” сонголт хийсэн гэж баасан гарагт мэдэгдэв. АНУ болон Хятад улсууд энэ технологийн тэргүүлэгч орнууд гэж тооцогддог.

 

Д.Трамп, Ши Жиньпин нар хоёр улсын хооронд эдийн засгийн харилцааг хөгжүүлэх зорилгоор “Хөрөнгө оруулалтын зөвлөл” болон “Худалдааны зөвлөл”-ийг шинээр байгуулахаар тохиролцсон.

 

Ж.Грир хэлэхдээ, “Худалдааны зөвлөл” ойролцоогоор 30 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний тарифыг бууруулах ажлыг удирдана. Гэвч БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И хоёр талын албан тушаалтнууд шинээр байгуулах зөвлөлүүдийн нарийн ширийн зүйлийг тохиролцож байгаа гэж мэдэгдэв.[6]

 

Тайванийн асуудал БНХАУ-ын тухайд харилцааны хамгийн чухал асуудал байв: Ши Жиньпин “Тайванийн асуудал бол БНХАУ, АНУ-ын харилцааны хамгийн чухал асуудал” гэж онцлон тэмдэглэсэн.[7] Ши Жиньпин хэлэхдээ хэрэв Тайванийн асуудлыг сайн шийдвэрлэж чадвал хоёр улсын харилцаа ерөнхийдөө тогтвортой байна, хэрэв буруу шийдвэрлэвэл АНУ, БНХАУ зөрчилдөж, тэр ч байтугай мөргөлдөж болно гэж анхааруулав.[8] Хэрэв энэ асуудлыг “зөв” шийдвэрлэхгүй бол “харилцаа бүхэлдээ аюулд орно” гэж Ши Жиньпин хэлсэн.

 

Хоёр удирдагчийн пүрэв гарагт хийсэн эхний уулзалтын дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио NBC News телевизэд өгсөн ярилцлагадаа, Тайванийн асуудал өнөөдрийн гол сэдэв байгаагүй гэж мэдэгдсэн.

 

АНУ 1979 оноос “нэг Хятад”-ын бодлогыг баримталж буй боловч Тайваньтай албан бус харилцаагаа хадгалсаар байгаа. Цагаан ордны эхний мэдэгдэлд Тайванийг дурдаагүй боловч Сангийн сайд Скотт Бессент CNBC телевизэд өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгч Д.Трамп ирэх өдрүүдэд Тайванийн талаар илүү мэдээлэл өгнө гэж найдаж байгаагаа илэрхийлсэн. Харин БНХАУ-ын албан ёсны мэдэгдэлд дурдсанаар Ши Жиньпин Тайванийг буруугаар ашиглах нь АНУ-Хятадын харилцааг “маш их аюулд оруулна” гэж хатуу анхааруулжээ. Улмаар АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Тайванийг БНХАУ-аас албан ёсоор тусгаар тогтнолоо зарлахгүй байхыг анхааруулсан. БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй Бээжинд хийсэн хоёр өдрийн дээд хэмжээний уулзалтынхаа төгсгөлд, Д.Трамп “Би хэн нэгнийг бие даахыг хүсэхгүй байна” гэж баасан гарагт Fox News телевизэд өгсөн ярилцлагадаа хэлсэн.[9] Өмнө нь Тайванийн Ерөнхийлөгч Лай Чиндө Тайвань өөрийгөө бүрэн эрхт улс гэж үздэг тул албан ёсоор тусгаар тогтнолоо зарлах шаардлагагүй гэж мэдэгдэж байсан юм.

 

Дүгнэлт

 

2017 оны айлчлалаас ялгаатай нь энэ удаад хоёр улсын удирдагчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамтарсан мэдэгдэл хийсэнгүй. Мөн БНХАУ-ын тал энэ уулзалтад хамаагүй илүү өөртөө итгэлтэйгээр оролцсон. Учир нь газрын ховор элемент зэрэг чухал ач холбогдолтой ашигт малтмалынхаа экспортод хязгаарлалт тавих замаар Ши Жиньпин Д.Трампын тарифаар далайлгах бодлогын ихэнхийг няцааж, саармагжуулж чадсан.

 

Хоёр талын дээд хэмжээний уулзалтын үр дүнд, талууд АНУ, БНХАУ-ын дараагийн уулзалтын товыг тогтоосон нь харилцаа хэвийн үргэлжилнэ гэсэн мессежийг дэлхий нийтэд өгөв. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдсэнээр Ши Жиньпин Д.Трампын урилгаар намар АНУ-д айлчилна.

 

[1]АНУ-аас Хэнли нефть химийн (Далиан) боловсруулах үйлдвэр болон “цайны данх” гэгддэг бусад дөрвөн боловсруулах үйлдвэр болох Шаньдун Жинчэн нефть химийн групп, Хэбэй Синхай химийн групп, Шоугуан Лучин нефть химийн компани, Шаньдун Шэнсинг химийн компанид хориг арга хэмжээ авсан.

 

 

Аюулгүй байдал судлалын хүрээлэн бэлтгэв

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)