Д.Алтанцэцэг: Газрын тосны хайгуул, олборлолтын салбартаа хөрөнгө оруулагчдыг татах ажлыг бодлоготойгоор дэмжээсэй
- 20 цаг 25 мин
- Нийгэм
- 0

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал, Ph.D, зөвлөх инженер Д.Алтанцэцэгтэй ярилцлаа.
-Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 2021 онд эхэлж байсан. Одоо ажлын явц аль шатандаа байна вэ?
-Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг байгууламж бүрийн төвөгшил, инженерчлэлд зарцуулах хугацаа зэргээс хамааруулан дөрвөн багц ажилд хуваан хэрэгжүүлж байна. EPC 01 багц буюу Технологийн бус байгууламжуудыг барих ажлын хувьд, бусад багц ажлуудын барилга угсралтын ажлыг явуулах нөхцөлийг бүрдүүлэх учраас түрүүлж дуусган 2024 онд ашиглалтад оруулсан.
Үйлдвэрийн засвар-механикийн цех, агуулах, иргэний барилга байгууламжууд, талбайн дэд бүтэц, ус, цахилгаан хангамжийн байгууламжууд, гүүр, газрын доорх суваг сувагчлалын бүтээн байгуулалтууд хийгдсэн байна. Үйлдвэрийн хамгийн сүүлийн буюу EPC 04 багцын хүрээнд гүн боловсруулалтын технологийн байгууламжуудыг барьж байгуулна.
Ерөнхий гүйцэтгэгчтэй 2025 оны хоёрдугаар сард гэрээ байгуулсан. Тендерийн бичиг баримтын техникийн хэсэг нь 24 мянган хуудастай. Зөвхөн тендерийн бичиг баримтыг бэлдэхэд 500-гаад хүн ажилладаг. Тэдний боловсруулсан шалгууруудтай гүйцэтгэгч танилцаад бид ийм хэмжээний ган материал, тэдэн ширхэг хоолой, далд болон ил шугам, компрессор, шахуурга, цамхаг хэрэглэнэ гэдгээ тооцоолоод тендерт ордог. Үүний дараах нарийвчилсан зураг төслүүд нь манай ажлын зурагтай төстэй. Дээр хэлсэнчлэн, ГТБҮ-ийн үндсэн технологийн байгууламжуудаас гадна бүхий л дагалдах, дэд бүтцийн, хангамжийн инженерийн олон арван мянган тоноглол, төхөөрөмжүүд (цахилгаан хангамж, ус, дулаан, уур, хөргөлт, хяналт, хамгаалалтын) угсрагдаж байж үйлдвэр ажиллана. Өнөөдрийн байдлаар инженерчлэлийн ажил 95 хувьтай явж байна. Инженерчлэлийн ажил нь түрүүлж хийгдэн, араас нь тоног төхөөрөмжийн захиалга, барилга угсралтыг хийдэг. Төслийн явц хэдэн хувьтай байна вэ гэж надаас их асуудаг. EPC гэдэг нь инженерчлэл, худалдан авалт буюу нийлүүлэлт, барилга угсралт гэсэн гурван хэсгээс бүрддэг. Инженерчлэл нь нийт 100 ам.долларын гэрээ хийлээ гэхэд 5 хувийг л эзэлнэ. Өөрөөр хэлбэл, инженерчлэлийн ажил бол хамгийн их цаг хугацаа, хүчин чармайлт шаарддаг атлаа нийт ажлын зардалд бага жин дарна. Үйлдвэрийн тоног төхөөрөмж, бараа материалын нарийн тоо хэмжээ, жин, дизайн, өртөг зардал, техникийн тооцоолол нь Инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын гэрээ байгуулсны дараа хийгддэг нарийвчилсан инженерчлэлийн ажлын үр дүнд эцэслэн гардаг юм. Инженерийн ажил 90 хувьд хүрэхэд ямар жин, хэмжээтэй тоног төхөрөөмж ашиглах, ямар материалтай байх зэрэг нь тодорхой болж, материалын татан авалт эхэлдэг. Нийт санхүүжилтийн 60 хувийг тоног төхөөрөмж, бараа материалын худалдан авалтад, 35 хувийг барилга угсралтад зарцуулна гэх мэтээр тооцож ажилладаг.
-Тоног төхөөрөмжүүдээ шууд худалдан авч байгаа юу?
-Бид бэлэн тоног төхөөрөмж худалдаж аваагүй. Дандаа тусгайлан захиалж үйлдвэрлүүлсэн. Өөрөөр хэлбэл, тоног төхөөрөмж бүр зөвхөн энэ үйлдвэрт л тохирсон, дахин давтагдашгүй гэсэн үг. Ер нь газрын тосны үйлдвэр бүрийн хүчин чадал, тоног төхөөрөмжүүд өөр. Нэлээн дээхнэ хуучин үйлдвэрийг буулган, Монголд авчрах нь гэх мэт ташаа мэдээлэл түгсэн. Ингэх ямар ч боломжгүй юм. Тоног төхөөрөмжүүдийг Энэтхэгээс далайгаар нэг сар тээвэрлэж, Тяньжинд 14 хоног хүлээгээд, тэгээд нааш нь авчирч угсарч байна. Long Lead Items буюу үйлдвэрлэх, тээвэрлэхэд хугацаа их шаарддаг, өндөр төвөгшилтэй компрессор, турбин генератор, реакторууд зэрэг тоног төхөөрөмжүүдэд бид онцгойлон анхаарч, үйлдвэрүүдэд өгөх захиалгаа урьдчилан төлөвлөж, аль болох эрт өгч байна.
-Хэчнээн тооны тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэж байгаа вэ. Угсралт, суурилуулалтын ажил эхэлсэн үү?
-Зөвхөн EPC 04 багц ажлын тоног төхөөрөмж гэхэд л 861 ширхэг болно. Дийлэнхийг нь Энэтхэгт үйлдвэрлэсэн. Дизайныг өөр газруудад хийсэн. Харин манай үйлдвэрийн III багц ажилд хамаарах шингэн түлшээр ажилладаг 38 мегаваттын цахилгаан станцын бойлерийг Их Британийн “Wood PLC” компанийн инженерийн зургаар үйлдвэрлэж байна.
Цахилгаан станцын турбин генератор Германы “Siemens”-ийн захиалгаар, “Siemens”-ийн хяналт дор үйлдвэрлэгдэж байна. Зарим тоног төхөөрөмжийн хувьд нийлүүлэгч нь цөөн бол шууд худалдаж авахаас өөр аргагүй. Жишээ нь, давсгүйжүүлэх төхөөрөмж үйлдвэрлэдэг хоёрхон л компани дэлхийд байдаг юм билээ. БНСУ, Японоос заримыг нь шууд авсан. Гадаад улс орнуудад үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмжүүд, эд ангиудыг үйлдвэрийн талбайд буулган, эхнээс нь угсралт суурилуулалтын ажлыг гүйцэтгэж байна. Хамгийн сүүлд, Энэтхэгийн Хайдерабад хот дахь “Sudhir Brothers” компанид үйлдвэрлэгдсэн абсорбер цамхагуудыг үйлдвэрийн талбайдаа хүлээн авч, одоо угсралтын ажил явагдаж байна.
Тус бүр нь 19-27 тн жинтэй, 1.6-2.9м суурийн диаметртэй, 26-40м урттай эдгээр цамхагууд нь Шингэрүүлсэн шатдаг хийн фракцыг пропан, бутанаар ялгах, хийнд агуулагдах хүхэрт устөрөгчийг Амины (NH3) тусламжтайгаар цэвэрлэх зориулалттай юм. Түүнээс гадна манай үйлдвэрийн гол байгууламж болох Атмосферийн нэрлэгийн цамхаг (58.4 м өндөр, 3.2 м диаметртэй, 245 тн жинтэй)-ийг дөрвөн хэсэгт хуваан Энэтхэгийн Мумбайн боомтоос хөлөг онгоцонд ачин Тяньжин боомтод буулгаад байна. Удахгүй Монголд, үйлдвэрийн талбайдаа бид хүлээн авна. Замын-Үүдээс Алтанширээ дэх үйлдвэрийн талбай хүртэлх тээвэрлэлтийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэтхэг болон бусад улс оронд үйлдвэрлэж байгаа технологийн байгууламжууд, тоног төхөөрөмжүүдийн тээвэрлэлтэд нэлээд их хугацаа шаардагдаж байгааг энд хэлэх нь зүйтэй. Дээрх нэрлэгийн цамхагийг л гэхэд Мумбайгаас Тяньжин боомт хүртэл 21 хоногийн хугацаанд тээвэрлэж байна. Тээвэрлэлтийн шаардлагаар хэсэгчлэн авчирсан төхөөрөмжүүдийг үйлдвэрийн талбайдаа угсарсны урьдчилан бэлтгэсэн суурин дээр суурилуулах ажил хийгдэх юм.
-Боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн хангамжтай холбоотой асуудал сүүлийн үед анхаарал татаж байна. Манай орны хувьд, газрын тосны нөөцтэй ч хангамжийн асуудал ингэж хурцаар тавигдах болж буйн шалтгаан юу вэ?
-Газрын тос боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг 2012 онд Газрын тосны газрын Хайгуул ашиглалтын зөвлөлөөр хэлэлцүүлж, батлуулсан “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн “Орд ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд тусгагдсан түүхий тосны олборлолтын төлөвлөгөөнд суурилан УУХҮЯ-наас 1.5 сая тонн/жил байхаар тогтоосон. Өөрөөр хэлбэл, эрх бүхий мэргэжлийн байгууллага баталсан олборлолтын төлөвлөгөөнд үндэслэсэн гэсэн үг. “Петрочайна Дачин Тамсаг” ХХК газрын тосны олборлолтоо 2018 онд жилийн 1.5 сая тоннд хүргэж, цаашид 20-иод жил энэ хэмжээнд олборлохоор төлөвлөсөн ч 2016 онд 1.2 сая тоннд хүргэж байсан олборлолтын хэмжээ харамсалтай нь сүүлийн жилүүдэд тогтмол буурсаар байна. Олборлолтын хэмжээ буурсан нь манай улсын хууль эрх зүй, эрчим хүчний хангамж, орон нутгийн иргэдтэй үйл ойлголцол зэрэг шалтгаанууд байдаг гэсэн. Гэхдээ эдгээр асуудлыг шийдвэрлэж, үйлдвэрээ түүхий эдээр хангах талаар манай Засгийн газар, Хятадын тал, олборлогч компанийн хооронд яриа хэлэлцээ явагдаж байгаа ба асуудал үйлдвэр ашиглалтад орохоос өмнө шийдэгдэнэ гэж итгэж байна.
Төр засгийн зүгээс газрын тосны хайгуул, олборлолтын салбартаа хөрөнгө оруулагчдыг татах ажлыг бодлоготойгоор дэмжээсэй гэж хүсч байна. Ер нь бол манайд газрын тосны геологи, геофизик, петрофизик, резервуар инженер зэрэг чиглэлийн, базаж хэлбэл газрынхаа хэвлий дэх шингэн, хий ашигт малтмалын нөөцөө таньж мэдэх мэргэжлийн боловсон хүчин, туршлага дутуу байна. Мөн энэ салбарын нэг онцлог нь хөрөнгө оруулалт их шаарддаг, эрсдэлтэй тул үүнийг даах санхүүгийн чадвартай, мэргэжлийн болон техникийн хүчин чадалтай компаниуд ажилладаг.
Өнгөрсөн долоо хоногт БНЭУ-ын талаас ирсэн хүмүүсийн ажлын зорилго юу вэ. Ер нь Монгол, Энэтхэг хоёр орны хамтын ажиллагаа хэр амжилттай байна гэж та үзэж байна вэ?
-Монгол, Энэтхэг хоёр улсын хэдэн зуунаар хэмжигдэх оюун санааны гүн бат харилцаа 10 жилийн өмнөөс эдийн засгийн утгаар улам бүр өргөжсөн баталгаа нь, бас өнөөгийн харилцааны бэлгэ тэмдэг нь Газрын тос боловсруулах үйлдвэр юм гэдгийг хоёр орны хооронд өрнөж буй төр засгийн бүхий л дээд түвшний айлчлал, уулзалтууд, яриа хэлэлцээний үеэр талууд тодотгодог болсон. Бүтээн байгуулалтын ажилд тулгамдаж буй асуудлуудтай газар дээр нь танилцаж, шийдвэрлэдгээрээ энэ хурал уулзалтууд нь ихээхэн ач холбогдолтой байдаг юм.
-Энэ жил үйлдвэрийн бүтээн байгуулалтад хэчнээн хүн оролцон ажиллах вэ. Цаашид үйлдвэр ашиглалтад орсны дараа ажиллах боловсон хүчнийг бэлтгэх ажил ч чухлаар тавигдаж байгаа байх?
-Өнгөрсөн онд манай үйлдвэрийн талбайд 3500 орчим энэтхэг хүн ажилласан бол энэ жил 4500 хүрэхээр байна. Үйлдвэрийн инженерчлэл, тоног төхөөрөмжүүдийн үйлдвэрлэлийн ажилд зөвхөн Энэтхэг бус АНУ, Франц, Итали, Нидерланд, Канад, Испани, ХБНГУ, БНХАУ зэрэг 10 гаруй орон оролцон ажиллаж байна. Үйлдвэрийг ажиллуулахад нийт 550 инженер ажиллах ёстой. Үйлдвэр үндсэндээ хоёр том хэсгээс бүрдэнэ. Нэг нь үйл ажиллагааны, нөгөө нь засвар үйлчилгээний хэсэг. Ихэнх инженер үйл ажиллагааны хэсэгт ажиллана. Манай компани анх арван инженертэй байсан бол өнөөдөр 70 инженер ажиллаж байна. Бид 2020 онд дотоодод газрын тосны боловсруулалтын инженерүүдийг бэлдэх санаачилга гаргаж, ШУТИС, МУИС-ийн багш нартай хамтран сургалтын хөтөлбөр боловсруулсан. Хөтөлбөрөө батлуулахад хоёр жил зарцуулж, 2022 онд Газрын тосны үйлдвэрийн инженерийн бүрэн тэтгэлэгт ангийг ШУТИС-д нээсэн. Анхны элсэлтийн оюутнууд энэ жил төгсөж, манай компанид ажиллана.
-Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Газрын тосны үйлдвэр байгуулахтай холбоотой хоёр чухал шийдвэр гарсан байгаа. Үйлдвэрийн гэрээнд тусгасан ажлуудыг хурдасгах боломж нөхцөлөөр хангасан тогтоол баталсан. Мөн “Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлнэ. Хуулийн үйлчлэлд Газрын тосны үйлдвэр барих төсөл бас хамаарч байгаа.Энэ талаар тодруулбал?
-Өнгөрөгч долоо хоногт Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг сайжруулах хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ нь ямар учиртай гэхээр манай үйлдвэрийн төсөл маань Энэтхэгийн засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр санхүүжигдэж байгаа. Улс орны томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төсөв нь том тоотой байдаг. Тэгэхээр улсын төсвийн хязгаараас гадна талд энэ мөнгийг зарцуулах боломжийг л бий болгож байгаа гэсэн үг. Яагаад гэхээр төсвийн хязгаар гэж юм. Тэр нь тодорхой хувь процентод бий. Манай төсөл шиг том төслүүдийг зардал талдаа төсвийнхөө зардалд тавихаар хэтэрхий их жин дараад байгаа. Иймэрхүү том хөгжлийн төслүүдийг гадна талд нь гаргаж байгаа юм лдаа. Тэгж байж бид санхүүжилтээ чөлөөтэй авахгүй бол өнгөрсөн хоёр, гурван жилд төсвийн хязгаартаа орчихоор оны сүүл 11, 12 дугаар саруудад гадны компанийг авчирч ажиллуулж байгаад мөнгийг нь төлж чадахаа байчихдаг. Тоног төхөөрөмж худалдаж авч байна, барилга угсралтын ажил хийж байна. Төлбөрийг нь төлж чадахаа байдаг. Энэ хуулийг гаргаж байж бид боломжтой болох юм.
Б.НАНДИНЦЭЦЭГ
ӨДРИЙН СОНИН

Сэтгэгдэл (0)