Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд аюул учирч байна
- 2 цаг 55 мин
- Нийгэм
- 0

“Дэлхийн хүний эрхийн төлөв байдал, Монгол дахь тусгал” хэлэлцүүлгийн үеэр “Монголын эмнэсти интернэшнл” ТББ-ын кампанит ажил хариуцсан захирал Я.Цэцэнзаяатай ярилцлаа.
-Энэхүү хэлэлцүүлгээр манай улсад хүний эрх ямар хэмжээнд хангагдаж байна гэж дүгнэсэн бэ. Ямар эрхүүд зөрчигдөж байна вэ?
-Дэлхийн хүний эрхийн төлөв байдал нь дэлхийн улс орнуудад хийдэг хараат бус, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт тайлан юм. 2025 онд 144 улсын хүний эрхийн төлөв байдлын тайлан гаргасан. Үүнд Монгол Улс орсон. Монгол Улсад эдийн засаг, нийгэм соёлын эрх, иргэний болон улс төрийн эрхийн хүрээнд хэд хэдэн бүлэг эрхүүдийн асуудлыг баримттайгаар гаргаж, олон улсад дэлгэж байна. Өнөөдөр (уржигдар) дэлхийн 144 улсад энэ тайлангийн нээлт зэрэг болж байгаа гэсэн үг. Монгол Улсын хувьд эдийн засаг, нийгэм соёлын эрхэд нэн түрүүнд тулгамдаж байгаа зүйл бол дахин төлөвлөлтийн явцад хүний эрх зөрчигдөж буй асуудал байна. Улмаар хүмүүс амьжиргаагаа алдаж, эргээд зөрчигдсөн эрхээ сэргээх үндэсний үр дүнтэй механизм байхгүй талаар хөндлөө. 2025 онд газар чөлөөлөлтийг хийхдээ нөлөөлөлд өртсөн иргэдтэй хангалттай зөвшилцөж, мэдээлэл өгч гэрээ хийлгүйгээр хашааг нь буулгаж, албадан нүүлгэж барилгын ажил эхлүүлсэн кейс Монгол Улсад боллоо. Түүнчлэн гэрээ хийж, зөвшилцөөгүй байж амьдарч байсан орон байрыг эхнээс нь нураасан тохиолдол гарлаа. Нүүхээс өөр аргагүй байдалд оруулна гэдэг бол албадан нүүлгэлт юм. Албадан нүүлгэлтийг Олон улсын хүний эрх, эрх зүйн хэмжээнд хүний эрхийн хамгийн бүдүүлэг үйлдэл гэж үздэг. Энэ утгаараа Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн хорооноос албадан нүүлгэлтийг хэзээ ч зөвшөөрдөггүй зөвлөмж бий. Монгол Улс Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн олон улсын фактад нэгдэн орсны хувьд гаргасан зөвлөмжүүдийг нь хэрэгжүүлэх үүргийг гүйцэтгэх ёстой. Гэвч төр дахин төлөвлөлтөд эрх нь зөрчигдөж байгаа иргэдийн эрхийг хангалттай хамгаалж чадсангүй. Мөн хоёр дахь асуудал нь говийн бүсийн нөлөөлөлд өртөж байгаа малчин иргэдийн асуудал юм.
Тэдний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудал хөндөгдөж байна. Уул уурхайн олборлолт, үйл ажиллагаатай холбоотойгоор тоосжилт, ундны усны асуудал, ашиглаж буй химийн хортой бодисын хадгалалт, хамгаалалт, хөндлөнгийн хяналт дутмаг байгаагийн улмаас малчин иргэд эрүүл мэндээрээ хохирч байгаа.
-Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийн тухайд ямар дүгнэлт гарсан бэ?
-Энэхүү хэлэлцүүлгээр иргэдийн үзэл бодлоо шударгаар илэрхийлэх эрхийг шударгаар хөндлөө. Дэлхийн улс орнуудад дарангуйллын хэв шинжтэй үйлдэл практикт маш их дэлгэрч байна. Улмаар үзэл бодлоо илэрхийлж, үгээ хэлж байгаа олон нийт, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, агентлагууд, иргэний нийгмийн дуу хойлойг хаах, боомилох, сүрдүүлэх, айлгах үйлдлүүдийг хийж байна. Монгол Улсад ч яг энэ асуудлаар шүүхийн шийдвэр гараагүй, шүүхийн процесс эхлээгүй байхад дур зоргын баривчилгаа хийсэн тохиолдол бий. Ийнхүү төрийн өндөр албан тушаалтнууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэн нэгнийг шууд яллаж байгаа мэдэгдлүүдийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хийж байгаа нь асуудал юм. Энэ нь үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд аюул учирч байгаагийн илрэл юм. Нөгөөтэйгүүр жагсах эрхийн асуудал яригдлаа. Дэлхийн улс оронд дарангуйллын хэв шинж түгээмэл дэлгэрч байгаа өнөөгийн нөхцөлд үүнийг эсэргүүцсэн олон төрлийн жагсаал хөдөлгөөнүүд өрнөж байна. Үүний ихэнх нь шинэ үеийн төлөөллүүд. Энэ талаар Монгол Улсын одоогийн хууль тогтоомж хүний эрхийн хэм хэмжээнд бүрэн нийцсэн үү гэвэл үгүй. Тийм учраас хууль тогтоомжийг шинэчлэн батлах зайлшгүй шаардлага үүсч байгаа юм.
Мөн жендерт суурилсан хүчирхийллийн асуудал Монголд анхаарал хандуулахуйц хүний эрхийн асуудал болсон гэдгийг хөндлөө. 144 улс орон өөр өөрийн тулгамдаж байгаа асуудлаа нэгтгээд, олон улсад хэлэлцэж байна. Манай улсын хувьд салбарын судлаачид, шийдвэр гаргагчид, парламентын гишүүд, ХЭҮК-ын төлөөлөгч нарыг урин энэхүү хэлэлцүүлгийг хийлээ.
Г.Нарантуяа: Эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлээгүй нөхцөлд хиймэл оюуныг өргөн хүрээнд нэвтрүүлэх нь хүний эрхэд эрсдэл дагуулж болзошгүй
Мөн хэлэлцүүлгийн үеэр ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяагаас тодрууллаа.
-Таны хувьд технологийн хөгжил хүний эрхэд хэрхэн нөлөөлж болох талаар хөндсөн. Энэ талаар тодруулахгүй юу?
-"Эмнэсти интернэншнл"-ийн хүний эрхийн дэлхийн тайланд танилцуулсан арга хэмжээний нэг хэсэг нь геополитикийн нөхцөл байдалтай холбоотой технологийн хөгжил хүний эрхийн хэрэгжилтэд ямар нөлөө үзүүлж байгаа талаар байлаа. Өөрөөр хэлбэл, хиймэл оюун буюу шинэ төрлийн цахим технологиуд геополитикийн арга хэрэгсэл болж байгаа өнөө үед хүний эрхэд ямар нөлөө үзүүлж байгаа вэ гэдэг талаар хэлэлцүүлэг боллоо. Мэдээж цахим технологийн эрин үед хиймэл оюун хүн төрөлхтөнд тулгамдсан маш олон асуудлыг шийдэж байгаа.
Гэхдээ энэ хүчтэй зэвсэг ямар гарт байгаагаас хамаарч хүний эрхийг зөрчих маш ноцтой хэрэгсэл болох боломжтой. Тухайлбал, хүнийг чагнах, мөрдөх, ялгаварлан гадуурхах нөхцөлийг үүсгэх боломжтой. Үүнийг дэлхийн олон улс оронд болсон кейс харуулж байна. Одоо бол хиймэл оюуны боловсруулалтгүйгээр ажилладаг салбар гэж байхгүй боллоо. Хүний нөөцөөс эхлээд банк санхүү, даатгал, хууль сахиулах ажиллагаа гэх мэт бүх салбарт ашиглаж байна. Энэ бүгд маш нарийн хяналттай байхгүй бол тэр технологийг ашиглаж байгаа байгууллагууд ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээхгүйгээр хүний эрхэд яаж нөлөө үзүүлэх вэ гэдгийг урьдчилж тооцохгүй бол аюултай.
-Тэгвэл хувь хүний ямар мэдээллийг онцгойлон анхаарах шаардлагатай вэ?
-Өнөөдөр энгийн мэт харагдах өгөгдлүүд хүртэл хүний хувийн мэдээлэлд тооцогдох болсон. Тухайлбал, өглөө хэдэн цагт боссон, гэрээсээ хэзээ гарсан, нийтийн тээврийн хэрэгслээр явсан уу гэх мэт мэдээлэлд смарт технологийг ашиглаад "Энэ хүн хэн бэ" гэдгийг тогтоох бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, нууцгүй ертөнцөд амьдарч байна. Намайг юу бодож байгааг, миний үзэл бодол, улс төрийн итгэл үнэмшил юу байгааг, бүр ямар эдийн засгийн сонголт хийхийг хүртэл цахим технологийн тусламжтайгаар тааж мэдэх боломжтой. Ийм нөхцөлд чөлөөт үзэл бодол байхгүй болно. Энэ нь хүнийг өөрийн дотоод итгэл, эрх чөлөөг байхгүй болгодог. Ийм эрсдэлүүд байдаг учраас хүний эрхийн эрсдэлийн талаар ярилаа. Хиймэл оюун геополитикийн зэвсэг болох боломжтой талаар ч ярилаа.
Монгол Улсын хувьд хиймэл оюуны хамгаалалт бараг байхгүй, эхлэл шатандаа байгаа. Хүний хувийн мэдээллийг хамгаалах 23 дугаар зүйлд хиймэл оюуны үнэлгээ хийх заалтаас өөр дорвитой хэрэгжсэн зохицуулалт байхгүй. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, Кибер аюулгүй байдлыг хамгаалах хуулиуд тодорхой суурь нөхцөл байдлыг чиглүүлж байгаа ч хиймэл оюуны хэрэглээг хүний эрхийн үүднээс иж бүрэн зохицуулахад хүрэлцэхгүй байна. Ялангуяа ямар төрлийн хиймэл оюуны систем нь хүний эрхэд өндөр эрсдэл учруулах боломжтой вэ гэдгийг тодорхойлох, тийм системийг хязгаарлах, хүний эрхийн нөлөөллийн үнэлгээ хийх, хөндлөнгийн хяналтын тогтолцоо бий болгох, хариуцлагын механизмыг тодорхой болгох шаардлага тулгарч байна. Түүнчлэн хиймэл оюуны шийдвэр, тооцооллын улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд түүнийг сэргээх, нөхөн төлүүлэх, гомдол гаргах үр дүнтэй эрх зүйн боломж бүрдсэн байх ёстой. Ийм эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлээгүй нөхцөлд хиймэл оюуныг өргөн хүрээнд нэвтрүүлэх нь хүний эрхэд ноцтой эрсдэл дагуулж болзошгүй.
Г.БАЛГАРМАА
ӨДРИЙН СОНИН

Сэтгэгдэл (0)