Б.Ананд: МИАТ компани газрын үйл ажиллагааны аюулгүй байдлын ISAGO аудитыг 99.8 хувийн үнэлгээтэй, амжилттай давсан
- 18 цаг 40 мин
- Сурталчилгаа
- 0

МИАТ ТӨХК-ийн Газрын үйл ажиллагааны газрын захирал Б.Анандтай ярилцлаа.
-МИАТ ТӨХК хоёр жил тутамд шалгуулдаг Газрын үйл ажиллагааны аюулгүй байдлын олон улсын стандартаа дахин үнэлүүлж, 99.8 хувийн үнэлгээтэй гарчээ. Энэ стандарт МИАТ компаниар үйлчлүүлж байгаа зорчигчид болон агаарын тээврийн харилцаанд оролцож байгаа иргэд, аж ахуй нэгж, бизнесийн салбарынханд ямар ач холбогдолтой вэ?
МИАТ компани нь бизнесийн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энхий үндсэн чиглэл нь зорчигч, ачаа тээвэрлэлт, хоёр дахь чиглэл нь агаарын хөлгийн засвар үйлчилгээ, гурав дахь чиглэл нь бидний сая Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо IATA-н газрын үйл ажиллагааны аюулгүй байдлын ISAGO аудит шалгалтад орсон. ISAGO нь олон улсын хэмжээнд газрын үйл ажиллагааны аюулгүй байдлыг үнэлдэг өндөр шалгууртай, хараат бус аудитын хөтөлбөр бөгөөд биднийг олон улсын шилдэг практик, стандартуудыг бодит ажил хэрэгт бүрэн нэвтрүүлсэн болохыг 1240 стандартын хүрээнд 7 үндсэн чиглэлээр баталгаажуулсан.
-Нэг стандартыг ярихад л олон мэдээлэл дурдагддаг. Тэгвэл 1240 стандарт гэхээр маш олон чиглэлээр шалгадаг юм байна. Үүнээс өдөр тутам хамгийн их ашиглагддаг ямар стандарт байдаг вэ. Жишээ нь, “Management and Safety” гэсэн стандарт нь МИАТ компани болоод Монгол Улсын аюулгүй байдалд хэрхэн холбогддог вэ?
- МИАТ компани 1996 онд Олон улсын агаарын тээвэрчдийн холбоо (IATA)-д нэгдэн орсон байдаг. Олон улсын агаарын тээвэрчдийн холбооноос зохион байгуулагддаг IOSA, ISAGO гэсэн хоёр аудит шалгалт байдаг. МИАТ компани 2007 онд IOSA буюу агаарын тээвэрлэгчийн үйл ажиллагааны аюулгүй байдалтай холбоотой аудитаар шалгуулж эхэлсэн. 2015 оноос эхлэн ISAGO буюу газрын үйл ажиллагааны аюулгүй байдлын аудитаар шалгуулж, аюулгүй байдлыг хангасан болохоо баталгаажуулж ирсэн.
“Management and Safety” буюу удирдлагын тогтолцоо гэдэг нь удирдлага нь аюулгүй байдлын тогтолцоонд хэрхэн нөлөөлж байгааг, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог хэрхэн бүрдүүлж байгааг, эрсдэлийг хэрхэн үнэлж, тэрхүү эрсдэлд шат дараатай ямар арга хэмжээ авч байгаа зэрэгт олон улсын стандартуудыг дагаж мөрдөх шаарлагатай байдаг. Эдгээр стандартуудыг хэрэгжүүлж чадаж байна уу гэдгийг олон улсын аудит шалгаж дүгнэдэг. Сургалтын тухайд Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо \IATA\-ноос гаргасан заавар, журмын дагуу сургалтаа зохион байгуулж үр дүнг тооцох, ажилтнуудын ур чадварыг үнэлэх, тэрхүү сургагчид нь ажлын байранд олон улсын стандартыг дагаж мөрдөх, мөрдүүлэхэд хэрхэн ажиллаж байгааг байнга анхаарч, хянах, “Зорчигч үйлчилгээнд аюулгүй байдлын стандартуудыг хэрхэн дагаж мөрдөж байна вэ, тухайн зорчигч тийз бичлүүлэх, эсвэл зорчигч, тээшний бүртгэл хийлгэхээр нисэх буудалд ирэхэд тухайн зорчигчдоос аюулгүй байдлын асуумжийг асууж байгаа эсэх, тухайн зорчигчийн тээшин дотор аюултай ачааны төрлийн эд зүйлс байгаа эсэх, агаарын тээвэрлэлтэд хориглогдсон эд зүйлсийг тээвэрлэхээс хэрхэн сэргийлж байгаа зэргээр нэг чиглэлд гэхэд л 60-80 стандарт, дэд сэдвүүд нийлээд нийтдээ 1240 стандарт байдаг.
-Аюулгүй байдлын стандартуудыг хэрэгжүүлж, 99.8 хувьтай үнэлэгдэж байна гэдэг нь МИАТ ТӨХК нь олон улсын бусад авиа компаниудтай ижил түвшинд стандартыг мөрдөж, мөрдүүлж чадаж байна гэж ойлгож болох уу?
-МИАТ компанийн хувьд миний түрүүнд дурдсанчлан зөвхөн зорчигч, ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэхээс гадна газрын үйл ажиллагаа буюу агаарын хөлөг нисэх буудалд хөөрөхөөс өмнөх болон буусны дараах үеийн бүхий л үйл ажиллагааг хариуцаж ажилладаг. Бид өөрийн (МИАТ ТӨХК) болон гэрээт агаарын тээвэрлэгчдийн хуваарьт болон хуваарьт бус нислэг захиалгат нислэг, онцгой үүргийн, цэргийн гэх мэт Чингис хаан Олон улсын нисэх буудалд үйлдэгдэж буй нислэгийн 90 гаруй хувьд газрын үйлчилгээг үзүүлж байна. Жишээлбэл, Korean Air, Air China, Turkish Airlines, Asiana Airlines, Jeju Air, Air busan, Ir aero, Jin Air гэх мэт. Тэгэхээр олон улсын стандартыг бид дагаж мөрдөж, энэхүү шалгалтад хамрагдсанаар бид өмнө дурдсан олон улсын томоохон агаарын тээвэрлэгчидтэй цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээс гадна олон улсын стандартыг дагаж мөрддөг, аюулгүй байдлыг хангасан, найдвартай байгууллага гэдгийг давхар гэрчилж байгаа давуу талтай юм.
-Олон улсын агаарын тээврийн салбарт МИАТ компанийн шалгуулсан 1240 стандартад хэр их өөрчлөлт орж байна вэ. Үйл ажиллагаандаа цаашид мөрдөж хэвшүүлэхэд ямар хугацаа зарцуулдаг вэ?
-МИАТ компани өмнө 2024 онд ISAGO аудитад шалгуулсан. Тухайн шалгалтаар нийтдээ 900 гаруй стандартаар шалгуулдаг байсан бол энэ удаагийнх 1240 стандарт болж нэмэгдсэн. Агаарын тээврийн салбар өргөжиж, зах зээл тэлэхийн хирээр стандартууд тогтмол шинэчлэгдэж байдаг. Монгол Улс, МИАТ ТӨХК үүнд байнга анхаарч, удирдлагын тогтолцоо, сургалтыг тогтмол сайжруулах, олон улсын стандартыг байнга дагаж мөрдөх, тэр хэрээр тасралтгүй хөгжихийг зорилт болгон ажилладаг Өмнө нь IATA-н стандарт шаардлагыг хангасан эсэхийг бичиг баримтад илүүтэй суурилж шалгадаг байсан бол энэ удаад IATA-с эрхлэн гаргасан стандартуудыг МИАТ ТӨХК-ийн заавар, журамд нийцүүлсэн үг үсэг бүр нь нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хэрхэн хэрэгжиж байгаад илүү суурилсан, нэг үгээр хэлбэл бичиг баримтаас гадна үйл ажиллагаанд өгөгдсөн зааврыг дагаж мөрдөх, агаарын хөлөг газарт байх хугацаанд аюулгүй байдал (Safety)-г хангаж байгааг шалгасан онцлогтой аудит боллоо.
-Дараагийн зорилт, тодруулбал олон улсын ямар стандартыг мөрдөж нислэгийн аюулгүй байдлаа илүү сайжруулах зорилтыг МИАТ компанийн зүгээс дэвшүүлж байгаа вэ?
-МИАТ компанийн хувьд 2026 он нэлээн онцлогтой жил. МИАТ ТӨХК 1956 оны долоодугаар сарын 7-нд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд МИАТ ТӨХК-ийн түүхт 70 жилийн ой энэ жил тохиож байна. Үүнтэй зэрэгцээд, бид энэ онд олон улсын 5-6 аудитаар шалгагдахаар төлөвлөсөн. Эхнийх нь миний сая дурдсан ISAGO аудит юм. Тавдугаар сарын 27-ноос зургаадугаар сарын 3-ныг хүртэл Европын холбооны “ACC3” буюу ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааны аюулгүйн байдал, аюулгүйн хамгаалалтын үйл ажиллагааг шалгах аудитын шалгалттай. Өмнө нь агаарын харилцаа, карго тээвэрлэлтэд МИАТ компани нь зөвхөн А цэгээс В цэг хүртэл тээвэрлэдэг байсан бол ACC3 аудитаар гэрчилгээжсэнээр А цэгээс B цэг, түүнээс дамжаад С цэг, Европын холбооны улсууд руу карго тээвэрлэх зөвшөөрөл авч байна гэсэн үг юм. Мөн 2026 оны зургаадугаар сарын 22-ны өдрөөс эхлэн Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо (IATA)-оос зохион байгуулдаг IOSA (IATA Operational Safety Audit) аудитын шалгалттай.
-Эй Ай-г бүх салбарт нэвтрүүлээд явж байна, дэлхийн тэргүүлэгч улс орнууд, олон улсын тэргүүлэх компаниудын хөгжил өнөөдөр хаана хүрээд явж байна вэ. Тэднээс монголчуудын суралцах зүйл нь юу вэ, энэ талаар таны байр суурийг сонирхоё?
-Зөвхөн агаарын тээвэр гэлтгүй олон улсын зах зээл дээр “Artificial Intelligence” буюу хиймэл оюун ухаан үсрэнгүй хөгжсөн. Энэ нь агаарын тээвэрлэгч бидэнд том сорилт болж, олон улсын агаарын тээвэрлэгчид үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаа гол хүчин зүйл болж байна. Жишээ нь, олон улсад бий болсон хандлага нь технологийг агаарын тээвэртэй хэрхэн холбох, хэрхэн илүү үр дүн гаргах гэсэн чиглэлд ихээхэн анхаарч байна. МИАТ компани өнгөрсөн жилээс эхлэн технологид илүүтэй суурилсан үйл ажиллагааг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж ирлээ. Тухайлбал, өмнө нь уламжлалт аргаар анги танхимд бөөнөөрөө сууж сургалтад хамрагддаг байсан бол үүнийгээ технологид илүү ойртуулах, ажилтнуудаа тогтмол, тасралтгүй сургалтаар хангаж, ур чадварыг хөгжүүлэх, сургалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор дижитал сургалтын платформыг хэрэгжүүлэхээр болсон. Мөн зорчигчдын тээшний урсгалыг технологи руу ойртуулж, хяналт тавъя. А цэгээс эхлэн хөөрөхдөө B цэгт хүрч буй замыг трак хийдэг болох зорилт тавин ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)