Ж.Дэлгэрсайхан: “10 их наядын цогц төлөвлөгөө” цаг үеэ олсон арга хэмжээ болсон

Дэлхий нийтэд тархсан коронавирусийн халдвар эдийн засагт ихээхэн хүндрэл учруулж эхэлсэн. Энэ цаг үед манай улсын эдийн засаг ямар байдалтай байна вэ, цаашид төр, засгийн зүгээс ямар шийдвэр гаргаж, хэрхэн ажиллах шаардлагатай талаар эдийн засагч Ж.Дэлгэрсайхан байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Энэ оны эхний улирлын гүйцэтгэл харьцангуй эерэг гарах боломжтой. Учир нь, эдийн засгийн өсөлтийг голлон тодорхойлж байгаа уул уурхайн салбарын үйлдвэрлэл, борлуулалтын байдал өндөр өсөлттэй байна. Тодруулбал, уул уурхайн салбарын үйлдвэрлэл 50 гаруй хувь, орлого 2.4 дахин өссөн. Энэ нь хэдийгээр 2020 оны уналттай үетэй харьцуулсан үзүүлэлт боловч эдгээр нь 2019 оны эхний улирлын гүйцэтгэлээс ч давсан үзүүлэлт юм. Мөн гадаад худалдааны эргэлт, төсвийн орлого, бусад салбарын үзүүлэлт сайн байна. Ерөнхийдөө мал аж ахуйн салбараас бусад үзүүлэлт сайн байна.

Иймээс тухайн улирлын хувьд эдийн засгийн өсөлт өндөр гарна гэсэн хүлээлттэй байгаа юм. Өнөөдөр бидний хувьд өнөө, ирээдүйг шийдвэрлэх гол асуудал вакцинжуулалт, түүний үр дүнтэй шууд холбоотой болчихоод байна. Иймд бид вакцинжуулалтыг хурдасгах, уул уурхайн бүс нутаг, хилийн боомтуудыг юуны түрүүнд халдваргүйжүүлэх шаардлагатай. Үүнтэй зэрэгцээд нийгэм, эдийн засгийн чиглэлд УОК-ын зүгээс гаргаж байгаа шийдвэрүүд оновчтой байх хэрэгтэй. Хатуу хөл хорионы үед эдийн засгийн хамгийн хүнд цохилт мөн л баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдэд тусаж байгаа нь үнэн. Ийм үед төр, засгийн зүгээс гэнэтийн энэ гамшгаас иргэн, аж ахуйн нэгжүүдээ хамгаалах ажлыг хийх үүрэгтэй. Нэгэнт байдал ийм байгаа үед төр, засгаас хэрэгжүүлж буй арга хэмжээнд анхаарал хандуулах нь чухал. Учир нь, энэхүү хохирол хэр удаан үргэлжлэх, түүний үр дагавар ямар байхыг тодорхойлоход гол нөлөөтэй.

Миний хувьд Засгийн газрын зүгээс 2021 оны хоёрдугаар сарын 10-нд зарлаж, 17-нд батлан хэрэгжүүлсэн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” нь их цаг үеэ олсон арга хэмжээ болсон гэж үздэг. Энэ нь өмнөх Засгийн газрын үед цар тахлыг дотооддоо алдаагүй байхад баримталж байсан эрүүл мэнд төвтэй бодлогыг эрүүл мэнд-эдийн засаг болгон өөрчилж чадсан. Энэ төлөвлөгөөнд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийг дэмжих цогц арга хэмжээг өнөөгийн нөөц бололцооны хүрээнд хангалттай тусгаж өгсөн гэж би хувьдаа боддог.

Эдийн засгийн чиглэлд 10 их наядын төлөвлөгөө боломжийн хэрэгжиж байна. Хэдэн зуун тэрбумаар хэмжигдэх мөнгө эдийн засгийг дэмжих чиглэлд ороод байна. Энэ нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байгаа, цаашид ч үзүүлэх нь дамжиггүй. Үүний үр дүнг энэ хатуу хөл хорио, өндөржүүлсэн бэлэн байдал саармагжуулаад байна” гэлээ.

 

М.ӨНӨРӨӨ

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)