Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх их улстөржилт

АРДЧИЛСАН НАМЫН ТАЛЦАЛ ХААНА ХҮРЭХ ВЭ

Сүүлийн үеийн улс төрийн нөхцөл байдал хурцадмал байна. Үндсэн хуулиар одоогийн Ерөнхийлөгч дахин дэвших боломжгүй болсон дээр сонгуулийн үеийн улстөржилт нийлээд улам хурцдаж байх шиг. Мэдээж хэнд ч ойлгомжтой зүйл нь АН-ын маргалдагч хоёр талын нөхцөл байдал анхаарлын төвд байна. Хоёр талд сунгаа, сонгууль явуулж даргаа тодруулсан. Мөн нэр дэвшигчээ ч тусдаа тодрууллаа. Нэг талд нь С.Эрдэнэ тэргүүтэй, М.Тулгат даргатай АН, нөгөө талд нь Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй О.Цогтгэрэл даргатай АН. М.Тулгатын даргалж буй АН-аас С.Эрдэнэ Ерөнхийлөгчид нэр дэвшихээр болсон бол О.Цогтгэрэлийн АН-аас Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчид сойхоор тодруулжээ. Ингээд Сонгуулийн ерөнхий хороонд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийнхээ бичиг баримтыг өгөхөөр хоёр тал зэрэг шахам яваад очлоо. Тэнд очоод түмний өмнө хэрэлдэв.

О.Цогтгэрэлийн АН УИХ-ын АН-ын бүлгийн зарим гишүүнийг авч очлоо. УИХ-д суудалтай АН нь энд байна гэх мэтийн тайлбар хийж үзлээ. Нэгэнт албан ёсны бүртгэлтэй АН-ын бичиг баримтыг хүлээж авна гэж Сонгуулийн ерөнхий хороо тайлбарласнаар тэд өлсгөлөн зарлав. Ингэснээсээ хойш өчигдрийн байдлаар зургаа хоночихоод байна. Энэ хооронд УИХ-ын дарга ч очлоо. “Хэрэв өлсгөлөнгөө зогсоохгүй бол би ч бас өлсөнө” гэж хэлчихээд яваад өглөө. Ерөнхийлөгч бас өлсгөлөн зарласан хэдэн гишүүдтэй ирж уулзлаа. Манай Галиндэв хаачив (Ганибал гишүүнийг андуурсан бололтой) гэсээр ирсэн тэрээр “Монгол ялагдаж байна” гэлээ. Ингээд хөл хорио тавигдмагц хоёр талд жагсаал цуглаан хийлээ. Зарим жагсаалыг нь төлбөртэй боллоо гэх баримтууд ч хөврөх юм.

Энд очоод Н.Алтанхуяг Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага руу дайрч нэг үзлээ. С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын генсек болон бусад руу нь “дүүжилнэ” хэмээн уурссан нь олонхын дургүйцлийг төрүүлээд байгаа билээ. Өчигдрөөс дээрх өлсгөлөн зарласан хэд дээр нэмээд хэдэн хүн нэгдлээ. Эрдэнэтэд бас хэдэн хүн өлсгөлөн зарлаад хэвтчихэж. Гэтэл нөгөө талд нь Эрдэнэтэд Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг УИХ-ын гишүүнээс нь нэр татуулахаар гарын үсэг зуруулаад эхэлж. “Иргэдээ төлөөлөхийн оронд эрх мэдлийн төлөө улстөржлөө” гэж үзсэн учраас ийнхүү нэр татуулах гарын үсэг цуглуулж эхэлжээ.

Хоёр талд жагсаал цуглаан хийж байна. Эрх баригч Ардын намыг буруутгаж үүдэнд нь очиж, тус намын удирдлагуудыг гарч ирэхийг шаардлаа. Н.Алтанхуяг тэргүүтэй өлсөгчидтэй Г.Занданшатар тэргүүтэн оройн цагаар сэмхэн авч уулзахдаа ойлголцож болох юм гэж хэлснээс болж нэр дэвших эрхээ олж авахын тулд хүлээцтэй байсан С.Эрдэнэ талын АН-ынхан дургүйцэж эхлэв. Үйл явдал өрнөсөөр байна. Улсын баатар Э.Бат-Үүл тэргүүтэй С.Эрдэнийн АН-ын удирдлагууд талбай дээр өлсөж байгаа хэд рүү очоод зохион байгуулалттай жагсагчдын хохирогч болонгоо алдлаа. Э.Бат-Үүлийн толгой руу цохиж, үснээс зулгааж харагдав. Угтаа ингэж өлсөх, үг хэлэх, жагсаж тэмцэх эрхийг авчирсан ардчилагчдын нэг Э.Бат-Үүлд “гар хүрсэн”-д олон нийт дургүйцлээ илэрхийлэв. Энэ бүх үйл явдлаас болж Ардчилсан нам хоёр хуваагдаж таарах нь гэж ажиглагчид хэлж байна. Үзэл бодол, үнэт зүйлийнхээ төлөө нэг хэсэг нь АН-тайгаа үлдэж, нэг хэсэг нь эрх мэдлийн төлөө ингэж талцаж байгаад хоёр салах нь гэлцлээ. Ямар ч байсан Ардчилсан нам бүрмөсөн алга болохгүй. Үүнийг иргэд олон нийт ч зөвшөөрөхгүй биз ээ. Харин АН-аас нэр дэвшиж буй С.Эрдэнийн хувьд алдаа их ч оноо бас багагүй. Тэрээр ялалт байгуулъя гэвэл халуун гал дундуур л яваад орчихтой адил юм.

МАН-ЫН ДАРААГИЙН ДАРГА ХЭН БЭ БУЮУ У.ХҮРЭЛСҮХ БА БУСАД

Энэ хооронд эрх баригч нам вакцинжуулалтын аяныг эрчимжүүлж, хааяахан нэг мэдэгдэл гаргачихаад ажиглагчийн байр сууринаас хандаад сууж байна. Мэдээж хэрүүл тэмцлийг ажиглангаа сонгуульдаа бэлдэж буй. Зуу хоногийнхоо ажлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлагналаа. АН харин эрх баригчдын зуу хоногийн талаар “170 монгол хүн амиа алдсан нь маш муу ажилласныг нь илэрхийлж байна” гэсэн юм. Харин Засгийн газар нь огцорсноос хойш сураг тасарсан МАН-ын дарга У.Хүрэлсүх “Өдрийн сонин”-д ярилцлага өгч, болсон явдлын талаар ярилаа.

Сүүлийн үед өрсөлдөгч АН нь юм л бол МАН-ыг дарангуйлал тогтоох нь гэсэн мессэж өгөх болсон. МАН-ыг тараах тухай Ерөнхийлөгч нийтэд зарлав. Энэ бүхэнд МАН мэдэгдэл гаргаж хариу өгч байна. Мэдэгдэл бүртээ сөрөг хүчин АН-ыг дотооддоо учраа олохыг сануулж байгаа. Тавдугаар сарын 10-наас өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг өөрчлөх бололцоотой байсан бол энэ хугацаа дууслаа. Одоо гурван нэр дэвшигчээс өөр хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй болчихлоо. МАН-аас нэгэнт намын дарга У.Хүрэлсүх нь сонгуульд өрсөлдөхөөр болсон учраас түүний оронд намын дарга болох “зодоон” тус намд эхэлсэн гэж хэлж болно. Сонгуульд хэрэв У.Хүрэлсүх ялбал намын гишүүнчлэлээсээ чөлөөлөгдөнө. Ингээд түүний дараа хэн намын дарга болох вэ гэсэн эрт эхэлсэн дайн ил болно. Одоогоор хэд хэдэн хүний нэр яригдаж байгаа. Нөгөө талаар одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын дарга болох ёстой ч намын бусад фракцууд түүнд тийм амар өгчихгүй бололтой юм. Магадгүй сонгуулийн дараа шинэ намын дарга тодорч, Засгийн газар яаж ч мэдэх юм. Энэ хооронд эрх баригч МАН болон тус намаас нэр дэвшигч рүү талцаж байгаа хоёр АН, ХҮН-ынхан ч шүүмжилсэн мессэжнүүд хаяж, дайрч эхэллээ. Энэ ч мэдээжийн хэрэг. Нэг ёсондоо Ерөнхийлөгчийн сонгууль У.Хүрэлсүх ба бусад гэсэн өрнөлтэй болох нь. Эрх баригч намаас Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах амаргүй байдаг. Учир нь эрх барьж байгаа намд оноо чамгүй байдаг. Тэгэхээр Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүн нь өөрийн нам, тэр тусмаа намын дарга байх нь өрсөлдөгч талд томоохон өгөөш болдог.

ХҮН ХИЙГЭЭД АМЬДРАЛ МЭДЭХГҮЙ Д.ЭНХБАТ

УИХ-д суудалтай ХҮН Ерөнхийлөгчид Д.Энхбатыг дэвшүүлсэн. Тэд орон нутагт тэр бүр хүн танихгүй Д.Энхбатыг таниулах ажлаа сошиалаар явуулаад эхэлж. Өмнөх Ерөнхийлөгчийг сул тал болсон тэргүүн хатагтайн асуудал дээр соргог тоглож Д.Энхбатын гэргийг олон нийтэд эвтэйхэн танилцуулж байгаа харагдана. Өмнө нь улс төрд хөл тавьж, УИХ-ын гишүүн нэг их онцгой юм хийгээгүй гэсэн шүүмж хүртээд байгаа Д.Энхбатын талаар өнгөрсөн ням гаригт клабхауст ярихдаа экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Амьдрал мэдэхгүй ханхүү” гэж тодорхойлсон. Үнэний ортой биз ээ. Түүнд наах сайн пиар бол Монголд анх интернэт нэвтрүүлсэн нь л болов уу. Түүнээс улс төрөөс хөндийрч, хувийн бизнесээ хөөсөн бөгөөд У.Хүрэлсүх, С.Эрдэнэ шиг улс төрийн гардан тулаанд орж байгаагүй. Уран илтгэх тал дээр мэдрэмжтэй. Түүний сөрөг тал нь таван хүний амь эрсэдсэн долдугаар сарын нэгэнд жагсаал цуглаанд явж байсан. Ногоон нам, Иргэний хөдөлгөөний нам, МСДН-ын “Иргэний эвсэл”-ээс УИХ-д гишүүнээр сонгогдож байлаа. Монголын хоёр гол намын өрнөж буй үйл явдлуудын дундуур эвтэйхэн ялаад гараад ирэх тактик ХҮН-ын дэвшигч барьж байгаа болов уу. Учир нь түүн рүү эсрэг талаас ирэх дайралт бага бөгөөд өрсөлдөгчид шигээ галын шугаманд гарч тоглоогүй нь нэг талаас давуу тал, нөгөө талаас сул тал болно.

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР БИЕЛСЭН ҮҮ

Зарим нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг багаа сайн бүрдүүлээгүй, хуулийн зөвлөхгүй байснаараа том алдлаа гэж дүгнэж байна. Харин Ерөнхийлөгч буруутанг бусдаас хайж байгаа. Түүний хэт ганцаарчилсан тоглолт, Ардчилсан намаа хагарал руу түлхэхэд, мөн өнгөрсөн УИХ-ын сонгуулиар намаа ялагдуулахад нөлөөлсөн нь эргээд өөрт ийн муугаар тусч байна гэлцэв. Ерөнхийлөгч Х.Баттулга баг муутай байсан. Түүнээсээ болж дахин нэр дэвших эрхээ алдчихсан. Түүнийг нэр дэвших боломжтой болгох гэж О.Цогтгэрэлийн АН байгуулагдсан бөгөөд одоо мөн л өлсгөлөн, жагсаал тэмцлээр тэр нь үргэлжилж байна. Магадгүй зарим ажиглагчийн хэлж байгаагаар энэ мэт явуулсаар эмх замбараагүй байдалд хүргэж, Онц байдал зарлуулах цаашлаад сонгууль хойшлуулах сонирхолтой байж ч болох юм. Өөрийн цахим хаягаараа намаасаа нэр дэвшин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүмүүст амжилт хүссэнийг нь харахад нэгэнт нэр дэвших боломгүй болсноо хүлээн зөвшөөрчихсөн ч юм шиг.

“Сонгууль хойшлохоор боллоо“ гэсэн хуурамч мэдээллийг ч аль хэдийнэ тараагаад эхэлсэн байна лээ. Үндсэн хуульд санаан зоргоор гар хүрээд байх боломжгүй. Тэр тусмаа нэгэнт баталчихсан бол ганц хүнийг нэр дэвшүүлэхийн тулд дахин гар хүрэх бүр ч үгүй. Ер нь бол сонгууль хойшлуулах, Үндсэн хуульд өөрчлөн найруулах боломжгүй. Гэтэл өлсгөлөнгөө үргэлжлүүлээд байгаа нөхдүүд яг юу хүсээд байгаа нь ойлгомжгүй л байна. Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлэхийн төлөө юу, эсвэл Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэхийн тулд уу. Эсвэл улстөржүүлж байгаад ямар нэгэн үр дүнд хүрнэ гэж бодсоных уу. Ямартаа ч Ерөнхийлөгч Х.Баттулгад дөрвөн жилийн тайлангаа тавих ажил үлдсэн. Дөрвөн жилийн өмнө сонгуульд ямөр мөрийн хөтөлбөртэй орсон, юу биелж, юу нь биелээгүйгээ иргэддээ тайлагнах цаг нь болж байгаа.

Мэдээж сайн, муу хэлүүлсэн ч түүнд хийсэн ажил бий. Хамгийн наад зах нь л Хятадын ард түмэнд бэлэглэсэн гучин мянган хонь бол өгөөжөө өгсөн. Тэд дуслын төдий тус байсан ч далай мэт болгож хариу барина гэдгээ илэрхийлж байсан. Тэд амалсандаа хүрсэн. Өнөөдрийн вакцин ч үүний үр дүнгийн нэг хэсэг гэж ойлгож болох талтай. Мөн АНУ-д айлчилж, стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээ байгуулсан нь саяхан АНУ-ын конгрессор батлагдсан билээ. Энэ мэтчилэн тайлангаа тавьж, иргэд сонгогчдодоо үнэлгээгээ тавиулаад хэдий Ерөнхийлөгчөөр сонгогдохгүй ч улс төрд удаан явах замаа зассан нь дээр биз ээ.

 

Б.ДОНРОВ

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)